Дэлхий дахинд
Ш.Абэ В.Путинтай уулзахаар ОХУ-ыг зорино
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийхээр даваа гарагт тус улсыг зорино. Энэ тухай Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Японы Ерөнхий сайд хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах, тэр дундаа ОХУ-ын мэдэлд байгаа дөрвөн арлын маргааныг зохицуулах тухай асуудлаар хэлэлцэхэд гол анхаарлаа хандуулах ажээ.
Ш.Абэ ОХУ-д хоёр өдрийн айлчлал хийх бөгөөд мягмар гарагт В.Путинтай уулзах ажээ. Энэхүү уулзалт нь тэдний 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох юм. В.Путин болон Ш.Абэ нар хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард Аргентинд уулзсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ болон Японы Гадаад хэргийн сайд нар Москва хотноо уулзаж, хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх мягмар гарагт болно гэж мэдэгдсэн юм.