Нийгэм
Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш үүнд Засгийн газар манлайлал үзүүлэн ажиллана
ШИНЭ СЭРГЭЛТ
Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өчигдөр Төрийн ордны “Их Танхимд” эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулна. “Шинэ сэргэлтийн бодлого” нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл чуулганыг нээж үг хэллээ.
Тэрбээр “Энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улс шар түвшинд шилжиж, цар тахлын бүхий л хязгаарлалтуудыг цуцалсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон. Дархлаажуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2021 оны гүйцэтгэлээр 1.4 хувь болж өссөн. Үүнд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн. Мөн манай хөрш ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсэж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжлээ. Энэхүү нөхцөл байдал, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар хүйтэн дайны уур амьсгал бүрдэж, олон улсад, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарлаа. Ачаа тээврийн эргэлт болон бусад хүндрэл байгаа ч даван туулах боломж бий гэж харж ажиллаж байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажлын байр бий болно гэж тооцжээ. Экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг, дулааны цахилгаан станцуудын ачаалал 118 хувь болж, эрчим хүчний 20 хувийг импортолж, жил бүр 140 сая доллар зарцуулдаг. Нийт нутгийн 0.3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг, байгалийн баялгийн 90 хувийг боловсруулалгүй гаргаж, дотоодын хэрэглээний 90 хувийг импортолдог, нийт бэлчээрийн 76 хувь нь цөлжсөн, авлигын индексээр манай улс 110 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс юм. Шинэ сэргэлтийн бодлого эдгээр хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ.
Боомтын сэргэлтийн хүрээнд: Хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар холбоно. Төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд: Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барина. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд: Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан.
Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ. Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Шинэ Зуун хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина. Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барина. Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.
Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд: “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарина. “Хөх морь” үндэсний хөтөлбөрөөр Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл хэрэгжүүлж, усны нөөцийг хуримтлуулж говийн бүсийн ус хангамжийг сайжруулна. Нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчилнэ.
Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд: Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн чуулганаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн, хамтран ажиллана. Төрийн албаны бүтцийг шинэчилнэ. Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50 хувиас доошгүй бууруулж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. “И Монголиа” системд 57 байгууллагын 570 гаруй үйлчилгээг цахимжуулж нэгтгэсэн. Үүний 130 гаруй нь лавлагаа тодорхойлолт байна. Цаашид цахим үйлчилгээг улам боловсронгуй болгоно. Төрийн албаны хүнд суртлыг арилгахад чухал нөлөөтэй юм. Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш гэдэгт Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Авлигын индекс багасвал манай улсад ирэх хөрөнгө оруулалт сайжирна. Төр, хувийн хэвшлээ хязгаарладаг биш дэмждэг, тусалдаг байх болно. Шинэ сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжсэнээр, ДНБ 2021 онд 43 их наяд байсан бол 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ноогдох ДНБ 2021 онд 4520 доллар байсан бол 10 жилийн дараа 12 мянган долларт хүргэхээр зорьж байна. Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй. Хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр дүн болно” гэв.
Ерөнхий сайд “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг нээж үг хэлсний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогсдод уншиж танилцуулсныг тоймлон хүргэвэл.
Энэ удаагийн чуулганаар эдийн засагт үүсээд буй шинэ сорилтуудыг хэрхэн даван туулах, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” болон бусад цаг үеийн асуудлаар тодорхой санал солилцох, гарц, шийдлийг тодорхойлно гэж үзэж байна.
Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2020 онд 3.5 хувиар агшиж, Дэлхийн II дайнаас хойших хамгийн хүнд цохилт авсан. Мөн олон улсын хэмжээнд инфляцын түвшин 2008 оны хямралаас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Бусад ихэнх орны адил Монгол Улсын эдийн засаг ч цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд ихээхэн хүндрэл амссан ч төр засгийн зүгээс багагүй хэмжээний төсөв, хөрөнгө зарцуулж, иргэд, хувийн хэвшил, баялаг бүтээгчидтэйгээ хамтарч ажилласны үр дүнд тодорхой сэргэлт ажиглагдсан.
Мөн богино хугацаанд гол нэрийн бараа, үйлчилгээний үнэ болон нийлүүлэлтийн тогтвортой байдал, ялангуяа хүнс, шатахууны хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр хувийн хэвшилтэйгээ хамтран шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
Зөвхөн дэлхий нийтийн төдийгүй монголчууд бидний өмнө тулгараад байгаа энэ хүнд цаг үеийг бид эв нэгдэл, хамтын хүчээр даван туулах учиртай. Тиймээс тулгамдсан олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал юм.
Цаашлаад ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахин, харилцан уялдаатай, түргэн шуурхай ажиллах нэн хариуцлагатай цаг үе тохиож байгааг Төрийн тэргүүний хувьд онцлон сануулъя гэлээ.
Иймд нэгдсэн хуралдаанд оролцогчдын илэрхийлж буй Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх байр суурийг хүргэе.
Б.Лхагвасүрэн: Төгрөг сүүлийн хоёр жил тогтвортой байсан
/Монголбанкны Ерөнхийлөгч/
Зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болж байгаа хэдий ч эдийн засаг маань их эмзэг хэвээр байгаа. Гаднын нөлөөнд маш амархан автдаг. Олон улсын байгууллагууд үүнийг мэддэг бөгөөд зэрэглэл тогтоох явцдаа бидэнд байнга сануулдаг.
Төгрөг сүүлийн хоёр жил тогтвортой байсан. Коронавирусээс болоод барааны хомсдол дэлхий даяар үүссэн бөгөөд энэ нь зөвхөн Монгол Улсын Төв банканд тулгарч байгаа эрсдэл биш. Дэлхийн бүх Төв банк энэ эрсдэлтэй тулгараад инфляцтай тэмцээд явж байгаа. Монгол Улсад өнгөрсөн оны долоо, наймдугаар сараас эхлээд инфляц идэвхжиж эхэлсэн. Олон улсаас импортын бүтээгдэхүүнээр дамжсан инфляц явж байгаа.
Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт эргээд сэргэвэл долларын орлого нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл хэвийн байдалдаа орох боломжтой. Дайн зогссон ч хорио цээрийн дэглэм хамт зогсох эсэх нь эргэлзээтэй. Нүүр тулсан асуудалд зохицуулалт хийгдэж яваа. Бид эмзэг байдлаа олоод харчихсан учраас шийдэх боломжтой гэж харж байна.
Марселло Эстивао: Өсөлтийг хангах үйл ажиллагааг тасралтгүй явуулах нь чухал
/Дэлхийн банк группийн макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал/
Төсөв болон худалдааг шинэчлэх нь ер нь бол зайлшгүй авах ёстой үйл ажиллагаа юм. Гэхдээ яг өнөөдөр Монголд энэхүү асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна. Цар тахал Монголд намжиж буй ч залгуулаад Орос-Украины дайны хямрал ийм байдалд хүргэж байна. Мөн коронавирусын хязгаарлалт БНХАУ-д үргэлжилж, хил, гаалийн бүс хориотой байгаа нь тус улсаас эдийн засгийн салбарын дийлэнх нь хараат байдаг Монголын эдийн засагт сөргөөр тусаж байна. Гэхдээ яваа яваандаа энэ байдал шийдэгдэж сайжрах байх. Дахин хэлэхэд өмнө нь үүссэн болон одоо тулгараад буй шинэ нөхцөл байдалд ч тэр төсөв, худалдааг шинэчлэх нь зайлшгүй шийдэх асуудал болно. Юуны өмнө Монгол Улс коронавирусын эсрэг маш сайн арга хэмжээ авсныг дурдах хэрэгтэй. Цаг хугацааны дарааллаар хэлэхэд анхлан цар тахлыг улс орондоо нэвтрүүлэхгүй байх тал дээр хүчин чармайлт гаргаж, хязгаарлалтын дэглэмийг тухайн цаг үед нь барьж, мөн суллах арга хэмжээ авсан нь эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болж, зөв явж ирсэн. Гэхдээ энэхүү үйл ажиллагаа нь их өртөг, зардал гаргаж ирснийг үгүйсгэхгүй. Хүртээмжийн тухайд Монгол Улсын төр, засаг хэрэгтэй үед нь бизнесийн салбар (хувийн сектор)-ыг санхүүгээр дэмжих, иргэдэд тэтгэмж өгөх зэргээр оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Эдийн засгийг хүртээмжтэй байлгах гол арга нь эдийн засгаа болж л өгвөл байнга өсгөөд л байх хэрэгтэй. Өсөлтийг хангах үйл ажиллагааг тасралтгүй явуулах нь чухал. Өсөлт байхгүй, эдийн засаг өөрөө сэргэхгүй, сул дорой байгаад байх юм бол хүртээмж гэж байхгүй, боломжгүй зүйл болно шүү дээ.
Г.Батцэцэг: Энэ сард Бургастай, Шивээ Хүрэнгийн боомтыг нээнэ
/Гадаад харилцааны сайд/
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон талт гадаад бодлоготой. Бид бүх оронтой найрсаг харилцаатай байдаг, ямар ч улстай харилцаанд асуудал байхгүй. ОХУ-Украины асуудлаар Монгол Улсын байр суурийг зөвхөн Гадаад харилцааны яам илэрхийлэх эрхтэй. Учир нь манай улс нэг цонхны бодлого баримталдаг. Украин улсад болж буй үйл явдалд туйлын харамсаж, эрдэнэт хүний амь эрстсэнд маш их харамсаж байна. Даруй гал зогсоох нь чухал байна. Хоёр улсын хийж буй хэлэлцээ үр дүнд хүрнэ гэж найдаж байна. ГХЯ, Засгийн газраас орон нутгийн удирдлагууд өөр бодлого явуулан, алдаа гаргах тохиолдол байсаар байна. Өмнө нь ч ийм зүйл болж байсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлаар манай нэг сумын засаг дарга БНХАУ-ын ЭСЯ-нд гомдол гаргаж, БНХАУ-ын өндөр түвшинд энэ асуудал яригджээ. Иймд бид хариу тайлбар өгөх шаардлага тулгарсан. Иргэд урд хил хаалттай байна гэж буруу ойлгоод байна. БНХАУ-тай хиллэдэг бүх улсад адилхан бэрхшээл тулгарсан. Тус улс 82 авто замын боомттой. Далайн боомтуудаа оруулбал нийт 100 орчим боомттойгоос тал нь үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн манайтай хиллэдэг боомтуудаа хаагаагүй.
Манай хоёр орон улс төрийн түвшинд сайн харилцаатай байна. Хоёр улсын Ерөнхийлөгч утсаар ярьсан, олон жил шийдэж чадаагүй байсан, Гашуунсухайтын төмөр замын огтлолцлын цэгийг тохирч чадлаа. Би өнөөдөр үдээс хойш тус улсын Гадаад хэргийн сайдтай утсаар ярина. Манай улсад халдвар гарсаар байгаа ч тус улс зарим боомтыг хаагаагүй. Халдвар хамгааллыг сахих 11 шаардлагыг манай улсад тавьсан. Бид хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоо өдөрт 570 машин хилээр гарч байгааг 1000 болгох зорилготой. Энэ сард Бургастай, Шивээ Хүрэнгийн боомтыг нээнэ.
Өнгөрсөн 30 жилд бид гадаад харилцаанд олон алдаа гаргасан. Улс төрчийн хувийн ашиг сонирхол бүхий, сайн судлаагүй, ТЭЗҮ-гүй төслүүдийг бусад улсад санал болгосон. Нэг талын ашиг сонирхлоор ханддаг, тусламж гуйдаг байв. Цаашид эдгээр алдааг давтахгүй. Гадаад худалдааны агентлагийг дахин байгуулсан, гадаад харилцаа нэг цонхоор, тогтвортой байна.
Юнь Согхён: Бүтцийн шинэчлэлийг хийх хэрэгтэй
/ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч/
Ерөнхий сайдын илтгэлийг харсан. Дунд болон урт хугацааны төлөв, Монгол Улсын эдийн засгийн боломжийг яаж ашиглах талаар сайн илтгэл тавилаа. БНХАУ болон ОХУ-аас томоохон дарамт үүсэж байгаа. Миний хувьд одоогийн хийж байгаа интервенц зохицуулалт нь хэт их гэж харахгүй байна. Энэ жил төсвийн орлого эхний хоёр сард сайн байсан.
Түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ Монгол Улсын эдийн засгийн идэвхжил төсвийн орлогыг сайжруулна гэж бид харж байна. Дунд хугацаандаа Монголбанк валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд дотоодын валют арилжааны зах зээлд интервенц хийх хэрэгтэй. Дээрээс нь бүтцийн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Гадаад нөхцөл байдал тодорхой бус байгаа тул валютын ханшаа шок шингээж авдаг хэрэгсэл байдлаар ашиглах хэрэгтэй.
С.Амарсайхан: Шинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
/Шадар сайд/
Хөгжлийн банк, Төрийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудаас гадна хөрөнгийн биржээр дамжуулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгох буюу гол нь санхүүгийн асуудал байна. Төрийн зарим компанийг хувьцаат компани болгон, олон нийтийн хяналтад оруулна. Бид коронавирусын хоёр жилийн хугацаанд боомт ямар чухал, эмзэг асуудал вэ гэдгийг мэдэрлээ. Нийт 40 гаруй боомтоос дөрөв нь агаарынх, бусад нь хуурай замынх байна. Ханги төмөр замын 236 км ирэх есдүгээр сард ашиглалтад орвол Замын-Үүдээр гарч буй галт тэрэгний эргэлт хоёр дахин нэмэгдэнэ. Гашуунсухайтын төмөр зам ч мөн ялгаагүй үр дүн дагуулна.
Шинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ойрын хоёр жилд ачаа эргэлтийг нэмэгдүүлснээр эдийн засгийг ДНБ-ээрээ хоёр дахин нэмэгдүүлэх бодит боломж байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ