Дэлхий дахинд
Давосын тэрбумтнууд улам баян болжээ
Давост оролцогч дэлхийн элитүүд урьд өмнө үзэгдэж дуулдаагүй баян чинээлэг болсоор. Санхүүгийн хямрал нүүрлэсэн 10-аад жилийн тэртээ ч Дэлхийн Эдийн Засгийн Форум дээр үнэт дарс цутгаж байсан алтан захт захирлууд энэ долоо хоногт дахин сүлд хийморио гайхуулцгаах гэж байна.
Дэвид Рубенштейн эд баялгаа 2009 оноос хойш хоёр дахин арвижууллаа. Жэйми Даймоны цэвэр орлого гурав дахин өссөн. Стивен Шварцманы хөрөнгө бүр зургаа дахин ихсэв.
Lehman Brothers-ээс эхлээд Brexit, Дональд Трампыг аваад үзсэн ч өнгөрсөн арван жил эдийн засаг, улс төрийн нүр гээнт үе болж өнгөрсөн. АНУ-ын дундаж айл өрхийн хөрөнгө чинээ хэдийн царцсан бол 2009 оны Давост оролцож байсан арав гаруй эрхмийн эд баялаг нийт дээ 175 тэрбум ам.доллараар нэмэгдсэнийг Bloomberg-ийн анализ харуулж байна.
Энэхүү статистик нь дэлхийн эдийн засаг дахь баян хоосны зааг ялгаа ихэссээр байгааг гэрчлэх баримт.
UBS, PwС-гийн Billionaires Insights тайланг үзвэл 2009 онд 3.4 их наяд ам.доллар байсан дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө 2017 онд 8.9 их наяд болж өсчээ. Тэгвэл манай гарагийн ядуу хэсгийнхний эд хөрөнгө зөвхөн өнгөрсөн жил 11 хувиар багассаныг даваа гарагт нийтлэгдсэн Оxfam-ын тайланд тооцоолсон байна.
АНУ-ын гол том компаниудын гүйцэтгэх захирлуудын урамшууллын хэмжээ 2009 онд дундаж ажилчны жилийн цалингаас 200 дахин их байсан бол эдүгээ 312 дахин ихэссэн.
Санхүүгийн хямралыг сөрөх төв банкны бодлого, үнэмлэхгүй бага бодлогын хүү, бонд худалдан авах хөтөлбөр нь хувьцаа зэрэг активын үнийг өсгөж, тэрбумтнуудын баялгийг хөөргөдөх нөхцөл бүрдүүлэв.
“Арван жилийн өмнө зах зээл шалдаа буусан үед хүсэл нь байгаад капиталтай болж чадсан хүмүүст маш сайхан боломж таарсан”-ыг Bank of Аmerica-гийн хөрөнгө оруулалтын стратегич Майкл Хартнетт тайлбарлав.
Үндсэндээ эрчүүдээс бүрдэж буй чуулганд оролцогчид урьдынхаасаа их эрх мэдэл, нэр хүндтэй болон эргэж ирцгээлээ.
Даймон бүр ч томрон, орлого нь ихэссэн JPMorgan Chase-ээ тэргүүлсэн хэвээр Дэлхийн Эдийн Засгийн Форумд эргэн ирлээ. Арав гаруй жилийн тэртээ, 2008 онд 95 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан Blackstone Group-ын хөрөнгийг 2018 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 454 тэрбум болгон өсгөсөн Шварцман Пиджакан дээр өмссөн илгэн хүрмээрээ тод ялгарч байв.
Давос ч алдартай хэвээр. Глобалчлал 4.0 нэртэй форумд 3000 орчим хүн оролцох бололтой. Энэ жил Жорж Сорос өөрийн зохион байгуулах үдийн зоог дээр үг хэлнэ. Даймоны JPMorgan коктейл үдэшлэг зохионо. Билл Гэйтс болон Bloomberg телевизэд шоу зохион байгуулсан Carlyle Group-ын хамтран үндэслэгч Рубенштейн ч Давост оролцоно.
Энэ жил Давосын оролцогчдод баяраа тэмдэглэх учир бий. Бизнесийн удирдагч, санхүүгийнхэн түүхнээ хамгийн урт үргэлжилсэн, хямд мөнгөтэй бухын зах зээлээс аварга ашиг хүртсэн төдийгүй АНУ-ын татварын хөнгөлөлт ч эд баялаг арвижихад нь нэмэр болов.
Хөрөнгө чинээ тааруу юм уу огт хөрөнгөгүй хүмүүст өнгөрсөн арван жил эрсдэл дүүрэн өнгөрсөн. Цалин хөлс нэмэгдэхээ больж зогсонги байдалд орохтой зэрэгцэн үнэт цаасны зах зээлд үнэ өссөн тул АНУ-ын насанд хүрсэн иргэд 2009 оны үетэй харьцуулахад хувьцааны зах зээлд хөрөнгө оруулах нь цөөрлөө.
Эдийн Засгийн бодлогын хүрээлэнгээс 2018 онд гаргасан тайланг үзвэл, АНУ-ын гол том компаниудын гүйцэтгэх захирлуудын урамшууллын хэмжээ 2009 онд дундаж ажилчны жилийн цалингаас 200 дахин их байсан бол эдүгээ 312 дахин ихэссэн. Урамшууллын энэхүү зөрүү 1989 онд 58 дахин, харин 1965 онд 20 дахин их байжээ.