Сав шим
А.Уранжаргал: Манай музейд Монголд хоёрхон байдаг Хангал ихт цагаан тугны нэг нь хадгалагдаж байна
Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргалтай тус музейн үзмэр, үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Танай аймгийн музейн цар хүрээ, музейгээ танилцуулахаас яриагаа эхлэх үү?
-Дорноговь аймгийн орон нутгийн музей 1945 онд байгуулагдсан, өнөөдрийн байдлаар үзвэрийн зургаан танхим, 6000 орчим баялаг үзмэртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ үзүүлэлтээрээ аймгуудын хэмжээнд эхний дөрөвт ордог. Ихэнх үзмэр нь угсаатны зүйтэй холбоотой. Үүнээс Засгийн газрын ангиллаар баталсан хосгүй үнэт зэрэглэлд гурван үзмэр багтдаг. Энэ гурван хосгүй үзмэр маань 2005 онд Дорноговь аймгийн Нартын хадны оршуулгаас олдсон. Тодруулбал, хатмал шарилтай, дагалдуулж гурван дээл, модон авс, хүрэл толь, модон сам гээд эд өлгийн зүйл дагалдуулж тавьсан байлаа. Эдгээрийг судлаад үзэхэд 40 орчим насны эмэгтэйн хатмал шарил гэж үзсэн бөгөөд гурван дээлийн хамт манай музейн гол үзмэр гэж явдаг. Манай музейн бас нэг гол онцлог нь Монголд хоёрхон байгаа Чингис хааны Есөн хөлт цагаан тугны дагуул туг болох найман цагаан тугны нэг Хангал ихт цагаан туг хадгалагдаж байна.
-Чингис хааны Есөн хөлт цагаан тугны дагуул болох найман цагаан тугны нэг Хангал ихт цагаан тугны талаар тодруулж ярина уу?
-Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад төрийн Есөн хөлт цагаан тугаа тахисан. Дагуул найман тугаа эх орныхоо дөрвөн зүг найман зовхист харийн түрэмгийллээс сэргийлэх, нийслэл Хархорумаас баримталж байгаа төрт ёсны уламжлалыг баталгаажуулах зорилгоор суулгасан байдаг. Үүний нэг нь манай аймгийн Хөвсгөл сумын “Хөх толгой” гэдэг газар суулгаж, түүнийгээ засаж янзлах, хадгалж, хамгаалах, тахих эрхийг зөвхөн 40 өрх айлд олгосон. Тугчаар томилогдсон 40 өрх айлын ураг удмынхан одоо хүртэл сумандаа амьдарч байна. Тэд 300 гаруй жил Хангал ихт цагаан тугыг тахиж ирсэн түүхтэй. Туг тахидаг газрын нэр нь сүүлд “Сүлдэнэ хөх толгой” гэж өөрчлөгдсөн. Урд нь Хөх толгой гэж нэрлэж байгаад Цагаан тугийг байрлуулж, тахидаг болсноор Сүлдэнэ хөх толгой гэдэг болсон.
Хэлмэгдүүлэлтийн үед Тугч ураг удмынхан зарим нэг гол шүншигтэй хэсгүүдийг нь хадгалж авч үлдсэн. Тухайлбал, ишин дээр байгаа хамгаалагч сахиус, Чүн чулуун бурхан, хамгийн дээд талын дог сэрээ гурвыг нь шатаагдахаас хамгаалан нууж авч үлдэж чадсан. Түүхчид энэ талаар судалгаа хийж 1991 онд сэргээн засварлаад, үнэхээр энэ нь Чингис хааны туг мөн юм гэдгийг баталсан. Ийм учраас яах аргагүй манай музейн брэнд үзмэр юм.
-Танай музейн хосгүй үнэт үзмэр болох эмэгтэй хүний хатмал шарил, түүнийг дагалдуулан тавьсан гурван дээл, авс зэрэг нь Улаанбаатар хотын “Чингисийн музей”-д шилжин тавигдахаар болсон гэж сонслоо?
-Засгийн газраас аймгуудын болон хотуудад байгаа үзмэрүүдийг 1996 оноос хойш хосгүй үнэт үзмэр гэж ангилах болсон юм. Ингэж энэ ангилалд манай музейн гурван дээл багтсан. Аймгуудын музейд байгаа XIII-XIV зууны үеийн холбогдолтой үзмэрүүдээр “Чингисийн музей”-г баяжуулах зорилгоор татан авалт хийж байгаа. Нэгэнт улсын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн, улсын өмч болохоор нэг дороо төвлөрүүлж байгаа юм билээ. Тиймээс манай энэ үзмэр маань тийшээ зөөгдөх гэж байна.
-Ер нь Соёлын яам, соёл урлагийн газартай болсноор орон нутагт ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Соёлын яамтай болсноор аймаг бүрт Соёл урлагийн газар байгуулагдсан. Манай аймгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд түүнээс хойш олон үйл ажиллагаа явуулсан. Үүний нэг нь “Соёл урлагаа дээдлэн дэмжицгээе” гэдэг аяныг дөрөвдүгээр сарыг 20-ноос эхлэн нэг сарын хугацаатай өрнүүлж байна. Энэ хүрээнд театр, музей, соёлын байгууллагууд тус бүртээ өөрсдөө аян зарлаж байгаа. Манай хувьд энэ нэг сарын хугацаанд “Музейтэй Дорноговь” гэдэг аяныг эхлүүлж, энэ хүрээндээ өөрсдийнхөө сан хөмрөгт хадгалагдаж байгаа хосгүй үнэт нандин үзмэрүүдээ гаргаж үнэ төлбөргүйгээр олны хүртээл болгож байна. Үүнээс гадна түүх соёлын үл хөдлөх дурсгалуудын тусгай хамгаалалттай газруудын хадгалалт, хамгаалалтын ажлууд явагдана. Мөн олон улсын гэр бүлийн өдрөөр уламжлал болон зохион байгуулагддаг нэг өдрийн үйл ажиллагаагаа зохион байгуулна. Ялангуяа Ханбаянзүрх хайрхан, Хамрын хийдийг зорьж ирсэн жуулчдад үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс Хөтөч тайлбарлагчийн сургалтыг зохион байгуулж байна. Музейн өдөр буюу тавдугаар сарын 18-нд соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлах “Язгуур алтан өв”-ийн үзлэг наадмыг аймгийнхаа хэмжээнд нэгдсэн зөвлөгөөнтэй хамтад нь зохион байгуулна.
-Танай музейд чихмэлч, сэргээн засварлагч байгаа юу?
-Байгаа, манай музейн нэг гол онцлог шүү дээ. Аймгуудын музейд тэр болгон байдаггүй. Тийм учраас манай чихмэлч, сэргээн засварлагчаар чихмэл хийлгэх хүсэлт, захиалга нэлээд ирдэг. Байгалийн гамшиг болон ямар нэгэн осол аюулаас улбаалан үхсэн амьтдаар чихмэл болгон танин мэдэхүйн зорилгоор ашигладаг. Тэгэхээс бид өөрсдөө агнадаггүй. Чихмэлийн төрлөөрөө ч манайх баялаг үзмэртэй.
-Танай музейн барилга байгууламж нь нэлээд олон жил болсон юм болов уу гэж харагдаж байна л даа. Зай талбайн хувьд ч мөн л жижиг юм байна. Шинэчлэх төсөв, төлөвлөгөө бий юу?
-Манай музей бүх ангиллын үзмэртэй бөгөөд үүнийгээ дагаад сан хөмрөгийн баяжилт ихтэй. Харин үзмэрүүдээ дэлгэж үзүүлэх байр, талбайн хувьд хомстолтой. Энэ барилгыг 1979 онд аж ахуйн ажил буюу субботникоор иргэдийг дайчлаад барьсан юм. Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа “энэ барилгыг ашиглаж болохгүй” гээд акт тавьсан ч бидэнд шинэ барилга байхгүй учраас гадна, дотноос нь засвар хийгээд байж байна. Музейн барилгыг шинэчлэх ажил 2024 онд улсын төсөвт тусгагдсан гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар “тэнд, энд барина” гэж бидэнд танилцуулсан шийдвэр алга. Яг музейн стандартаар баригдсан Хархорин, Өмнөговийнх шиг барилгатай болвол манайд үзмэр хангалттай бий.
Сав шим
ӨТЦИ МУМИ ОЛДСОН ӨДӨР
Германы аялагчид болох Хелмут болон Эрика Саймон / Helmut, Erika Simon/ нар 1991 оны есдүгээр сарын 19-ний өдөр Австри-Италийн хил дээр орших Өтцтал Алпийн /Ötztal Alps/ нурууны зүүн хэсгийн Симилаун уулны /Similaun/ Тизенжочийн /Tisenjoch/ давааны орчимд 3210 метрийн өндөрт нэгэн ер бусын цогцостой таарчээ. Тэд анх харсан даруйдаа саяхан шиг нас барсан уулчны цогцос гэдэгт бат итгэлтэй байв. Маргааш нь тухайн уулыг хариуцсан байгаль хамгаалагчид, ойролцоох Симилаунхюттийн /Similaunhütte/ хамгаалагчидтай нийлэн цогцсын мөсөн дор барьцалдан хөлдсөн хэсгийг өрөм болон, сүх ашиглан гаргах гэж оролдсон боловч цаг агаарын таагүй байдлаас болоод чадалгүй буцан буужээ.
Дуулианаар богино хугацаанд найман бүлэг газар дээр очсоны дотор уулчин Ханс Каммерландер, Райнхольд Месснер /Hans Kammerlander, Reinhold Messner/ нар ч байлцав. Эцэст нь есдүгээр сарын 22-нд цогцсыг бүрэн гаргаж авч чадсан бөгөөд маргааш нь аюултай бүсээс холдуулжээ. Түүнийг ойролцоо олдсон бусад эд зүйлсийн хамтаар Инсбрук /Innsbruck/ дахь эмнэлгийн шинжилгээний газарт хүргэв. Олдворыг анх есдүгээр сарын 24-ний өдөр Инсбрукийн Их Сургуулийн археологич Конрад Спиндлер /Konrad Spindler/ судалжээ. Спиндлер хамт ирсэн эд зүйлсийн дунд байгаа сүхний байдлаас хараад түүнийг “дор хаяж дөрвөн мянган жилийн настай” хэмээн анхны он цагийг тогтоожээ.
Цогцос болон дагалдах эд зүйлсийн дээжийг шинжилсний эцэст уг цогцос нь МЭӨ 3359-3105 оны хооронд буюу одоогоос даруй таван мянга орчим жилийн өмнө амьдарч байсан хүн гэсэн эргэлзээгүй дүгнэлт гаргажээ. Түүнийг олдсон уулынх нь нэрээр “Өтци” /Ötzi/ гэж онцлох болсон ч зарим тохиолдолд “Мөсөн хүн” /Iceman/ ч гэж бичсэн байдаг. Өтци бол Хальколитын (зэс зэвсгийн үе) /Chalcolithic (Copper Age)/ үеийн төлөөлөл болж Европоос олдсон хамгийн эртний байгалийн хүн муми юм.
Мөн анх олсон Саймоны гэр бүл олон жил түүхэн дурсгал олсны 25 хувь авах талаар маргаан үүсгэсэн. Тэдний дундуур ахиад хоёр ч “нээлт хийгч” гарч ирсэн ч баталгаа олдоогүй. Харин мужийн зүгээс тэдний нэхэмжилсэн 300 мянган ам.доллар их хэмээн давж заалдаж байх хооронд 2004 онд нөхөр Хелмут нь нас баржээ. Ийнхүү 2008 онд мужийн захиргаа хатагтай Саймонд 150 мянган евро олгох шийдвэр гаргасан.
Сав шим
500 САЯ ЖИЛИЙН ТУРШ МАНАЙ ДЭЛХИЙ 5 МӨХЛИЙГ ҮЗЖЭЭ.
Сав шим
Нойргүйтлээс салах аргууд
Сэтгэл санааны байдал, ажлын ачаалал зэргээс “insomnia” буюу нойргүйдэлтэй болсон хүмүүс цөөнгүй байдаг. Хүний биеийн хамгийн чухал процессуудын нэг болох нойрыг шаардлагатай хэмжээгээр, бүрэн авч чадахгүй байгаа нь сэтгэц болон биеийн эрүүл мэндэд маш том нөлөөтэй билээ. Тийм ч учраас уг өвчнийг эмчлэхийг олон эмч, сэтгэл зүйчид зөвлөж бас сануулж байдаг.
Тэгвэл асуудлыг хүндрэхээс өмнө авч хэрэгжүүлж байх, тун энгийн мэт боловч маш үр дүнтэй аргуудыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Та бүхэн цаашид гарах хор нөлөөллийг бодолцож үзэн, орондоо шаналж, утсаа оролдож эсвэл элдвийг бодож хэвтэхийн оронд эдгээр зөвлөгөөг дагаад үзээрэй.
Нэг. Биеийн хэсгүүддээ анхаарлаа төвлөрүүлж, нарийвчилж шинжиж үзэх. Бүх биеэ суллаж, чангарсан булчин байгаа эсэхийг олж мэдэх. Хэрэв тийм бол унтахаар хэвтэхээс өмнө уг булчин суллаж, иллэг хийх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.
Хоёр. Хэлний үзүүрээр дээд шүдний арын хэсэгт нааж, хэсэг хугацаанд тэр байдлаараа байх.
Гурав. Хэлээ наасны дараагаар хамраараа гүн дөрвөн секундийн турш гүн амьсгаа ав. Үүний дараагаар амьсгаагаа долоон секундийн турш барих хэрэгтэй. Долоон секунд өнгөрсний дараа найман секундийн турш маш тайвнаар найман секундийн турш амьсгалаа гаргах хэрэгтэй. Уг үйлдлийг та өөртөө тааламжтай байдлаар хэдэн ч удаа давтаж хийж болно.
Дөрөв. Дахин биеэ шалгаж чангарсан булчин байгаа эсэхийг үзэж, хэрэв тийм бол иллэг хийх байдлаар суллаж, амраах хэрэгтэй.
(Жич: Уг 4-7-8 секундийн амьсгалын арга нь хэдийгээр жор дээр бичигдэхгүй ч нойрны эмтэй ижил үйлчилгээтэй, эрүүл арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэснээр та бодлуудаасаа салж, бие тань тайвширч бага хугацааны дараа нойрны ертөнцөд аялах боломжтой болох юм.
Тав. Уг үйлдлийг хийж дууссаны дараа таны бие маш тайвширсан байх болно. Хэрэв таны нойр хараахан хүрч эхлээгүй байгаа бол ном унших эсвэл биеэ суллаж хэвтэх зэрэг арга хэмжээг авч болох юм.