Нийгэм
МИК-ийг татан буулгая гэх пропагандо иргэдийг орон сууцгүй болгоно гэсэн үг
Шадар сайд С.Амарсайхан гэх нөхөр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, МИК-аа зүхэж байгаад ипотек ч үгүй , МИК ч үгүй болгож, түмний хараал идэх вий дээ. Юм л бол Монголын Ипотекийн Корпораци хэмээн хуруугаа доёлжуулж, ийм байгууллага байх хэрэгцээ, шаардлага байхгүй, татан буулгавал зохилтой гэх болж. Яг үнэндээ түүний шахаад буй МИК-ийн олгож буй зээлийн хүчинд орон сууцны бараа харсан айл хэдэн мянгаар тоологдоно. Хүн ам эрчтэйгээр өсч буй энэ цаг дор шинээр гэр бүл болсон залуус хаана толгой хорогдох байсан биз. Эцэг эх нь социализмын үед олж авсан байртай бол гал зуухныхаа өрөөнд ч болов төрх тусгаалана, Тиймгүй нь хаа нэгтээ дөрвөн ханат ч болтугай дугуйлах л юм биз. Гэвч нийслэлийн тухайд гзар нь хаана байна, дөрвөн ханатын тоогоор утаа үйлдвэрлэж, дөрвөн ханатын тоогоор жорлонгийн нүх ухна гээд бодохоор аймшиг. Алив асуудлыг төрийн зөв гэж мугуйдлаад байвал төрийн ачаанаас хуваалцах хувийн хэвшилгүй болно шүү дээ. МИК алдаатай явж ирсэн бол гарцаа хамтдаа хайн зөв зам руу нь залах ёстой баймаар. Жигшүүлж нулимуулж байгаад дарж унадаг хуучны арга хоцрогдсон. Зөвшилцөл, ойлголцол, гарц, шийдлийн өмнө хамт зогсмоор л санагдах. Юмыг нулимах, зүхэх, хааж боох хамгийн амархан. Нөгөөтэйгүүр, иргэдэд ч буруу байна.
Ипотекийн зээлийг арилжааны банкууд шууд олгодог юм шиг ойлгоод байна. Үгүй юм аа, найзууд аа. МИК банкуудын иргэдэд олгосон орон сууцны зээлийг худалдан авснаар банкууд дараагийн хүнд олгох зээлийн эх үүсвэр нь болдог. Энгийнээр тайлбарлавал, арилжааны банк орон сууцны зээлэнд зориулсан нэг тэрбум төгрөгтэй байжээ. Олон жил хадмынхаа жижиг өрөөнд амьдарсан Баяр өрх тусгаарлаж орон байртай болмоор байдаг. Мэдээж түүнд хурааж хуримтуулсан юм байхгүй учраас орон сууцны зээл хөөцөлдөж таарна. Хоёул ажил хийдгийн буянаар зээл авч байртай болов. Сараа, Бат хоёр ч ялгаагүй. Харин дөнгөж гэрлэсэн залуу хос амьдрах байраа зээлээр авах гээд чадсангүй. Учир нь орон сууцны зээлэнд зориулсан банкны мөнгө дуусчихжээ. Гэтэл маш олон өрх, иргэнд байрны зээл авах хэрэгцээ, шаардлага байгаа. Банкууд тэдний энэ эрэлт, хүсэлтийг дангаараа яагаад ч хангаж чадахгүй. Дэлхийн олон улс иргэдийнхээ орон сууцтай болох хүсэлтийг шийдэх гарц олсон нь Ипотекийн корпораци юм. Өөрөөр хэлбэл, өмнө олгосон зээлийг багцлан үнэт цаас болгож дахин эргэлтэд оруулаад дараагийн хүнд зээл олгох мөнгийг босгодог шийдэл нь Ипотекийн корпораци буюу манай МИК билээ. Дэлхийн ихэнх улс орнууд яг ийм тогтолцоог ашиглан иргэдээ орон сууцжуулах бодлогоо хэрэгжүүлдэг. Зарим улсад МИК-тэй адилхан үйл ажиллагаа явуулдаг нэлээд хэдэн компани байдаг. Энэ жишгийн дагуу МИК-ийн үндсэн чиг үүрэг, зорилго нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, банкуудыг орон сууцны зээл олгох эх үүсвэрээр хангадаг юм. Угтаа МИК нь Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны зээлийн санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог хөгжүүлэх зорилгоор санхүүгийн зах зээлийн хэрэгслүүд ашиглан дотоод гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны санхүүжилт татан нэмэгдүүлэх замаар ипотекийн анхдагч зах зээлийг дэмжих, хоердогч зах зээлийг хөгжүүлдэг байгууллага билээ.
Хэрвээ Шадар сайдын хэлж байгаагаар МИК-ийг татан буулгачихвал юу болох вэ?
Мэдээж, банкуудад урт хугацаатай маш их хэмжээний зээл, зээлдэгч зөндөө байгаа. Тэдний зээлийн эх үүсвэрийн нөөц хэмжээ хязгаартай. Банкууд өмнө өгсөн зээлээ бүрэн эргүүлж аваад дараагийн хүнд олгоно гэвэл цаг хугацаа их шаардсан, хэтрүүлж хэлбэл хүний амьдралын нас хүрэхээргүй ажил болно. Шулуухан хэлэхэд манай улсын иргэдээ хямд эх үүсвэртэй орон сууцаар хангах бодлого бүр мөсөн алдагдах бус уу. Улс төрчид МИК-ийг татан буулгая гэх мэтээр пропагандо хийх аваас нэг л өдөр дээр дурдсанчлан ипотек чүгүй МИК ч үгүй болно шүү. Шулуухан хэлчихэд бүтэлгүй л юм болдог шүү.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм17 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр17 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр17 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа