Улс төр
“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн хаалтын ажиллагааны чуулга уулзалт боллоо
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.
Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийг Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэн, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “People in Need” олон улсын төрийн бус байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран өнгөрсөн оны есдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд зохион байгуулсан юм.
Хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн 900 гаруй сурагч өрсөлдсөнөөс 90 сурагчийг шалгаруулсан бөгөөд хөтөлбөрт 10 багш, 10 сайн дурын ажилтан, оюутан хамрагдсан.
Өнөөдөр (2022.05.12) “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн хаалтын ажиллагааны чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Чуулга уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Дэлхий дахинд иргэдийн тэр дундаа хүүхдийн оролцоо нийгэм эдийн засгийн амьдралыг өөрчилж хүлээн зөвшөөрч байна. Тэр дундаа парламентын болон ардчиллын боловсролтой иргэд энэ өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал юм. Төр засгийн бодлого, орон нутаг, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын хөгжилд парламентын боловсрол эзэмшсэн иргэн туйлын чухал. Иргэний оролцоо гэдэг бол шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэх, зохих түвшинд шаардлага тавих, шаардлага тавьж нөлөөлөх хүртэл өргөн ойлголт. Өнөөдрийн цахим хөгжлийн эрин үед сэтгэл хөдлөлөөр асуудлыг өнгөц дүгнэдэг бус учир холбогдлыг нь ойлгож, мэтгэлцэж, судалж асуудлыг гүн гүнзгий ойлгож, түүгээрээ төр засгийн бодлогод оролцох явдал бол парламентын боловсрол олгох хөтөлбөрийн гол зорилго юм” хэмээн онцоллоо. Тэрбээр, хөтөлбөрт идэвхтэй оролцсон хүүхдүүдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүслээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад өсвөр үе, хүүхэд залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүх талтай хамтран ажилладаг, байнгын ажиллагаатай платформ болох зорилготой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ.
Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв хэрэглээний талаарх сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн “Тогтвортой хөгжлийн зорилт”, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг сурталчлан таниулах, Монгол орон даяар илүү хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, нийгэм рүү чиглэсэн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой сургалт, арга хэмжээг эхлүүлснээрээ онцлогтой.
Түүнчлэн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцсон хүүхдүүд агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг түлхүү хөндөж байсан бол орон нутгийн хүүхдүүд булаг, шандаа хамгаалах, цөлжилттэй тэмцэх, мод тарих шаардлагын талаар, уг асуудалд шийдвэр гаргагчид огт анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилж, өөрсдийн зүгээс ямар оролцоотой байж болох талаар асуудал дэвшүүлж, өөрсдийн санал бодлыг хуваалцаж байсныг зохион байгуулагчид онцолж байлаа.
Үргэлжлүүлээд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүүн Азийн Номхон далайн бүсийн захирал Дебора Комини үг хэллээ. Тэрбээр “Парламентын боловсрол хөтөлбөрт оролцож байгаа залуусаас өөрчлөлтийг хийе гэсэн сэтгэл, зүтгэлийг олж харлаа. Монгол Улсын амьдрахад илүү ээлтэй, аюулгүй, тогтвортой улс болгохын төлөө бид бүхэн энд байгаа. Та бүхэн бодлогын асуудалд нөлөөлж, дуу хоолойгоо хүргэж манлайлан оролцох хэрэгтэй. Энэ хөтөлбөр цаашид үргэлжилж улам төгөлдөржинө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн дараа дараагийн оролцогчдодоо сайн жишиг, сайн зүйлийг үлдээгээрэй гэж захимаар байна. Хөтөлбөрийг зохион байгуулсан УИХ-ын дарга, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ болон бусад байгууллагуудад талархсанаа илэрхийлмээр байна” хэмээлээ.
Мөн хөтөлбөрийн оролцогчид маргааш буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гурван үндсэн асуудлын хүрээнд “Өсвөрийн парламент-2021” нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан хийнэ.
Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах асуудал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хороогоор Боловсролын ерөнхий хуулийн төсөлд өгөх саналыг хэлэлцэнэ. Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зар сурталчилгааны тухай хуулийн төсөлд өгөх саналын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Байнгын хороодын хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гарсан саналыг Улсын Их Хурлын даргад гардуулан өгөх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм17 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр17 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр17 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа