Улс төр
Д.Сумъяабазар: Смарт карттай болсноор нийтийн тээврийн татаасыг 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийх ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ийн ярьлаа.
-Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ямар санхүүжилтээр хийх вэ?
-Дотоодын болон гадаадын эх үүсвэрээр хийнэ. Хятадын Хөгжлийн банк, Экспорт-Импортын банк болон Монголын дотоодын банк гэсэн схемээр явж байна. Бид богино хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн.
-Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Нийтийн тээврийн парк шинэчлэл бол түгжрэлийг бууруулах нэг л шийдэл. 11-11 төвд ажиллахад иргэд нийтийн тээврийн парк шинэчлэлийг богино хугацаанд хийх, соёлтой, боловсон, цагийн хуваарийн дагуу явдаг нийтийн тээврийг нэвтрүүлэх хүсэлтийг маш их тавьж байна. Бид наймдугаар сарын 20-ны дотор 591 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Улсын төсвийн санхүүжилтээр тодорхой хэсгийг шийднэ. Мөн цаг хугацаа хэмнэх үүднээс хувийн хэвшил болон олон улсын түншлэл, гадаад, дотоодын эх үүсвэрээр зохицуулж байгаа. Сангийн яамны зүгээс гааль, НӨАТ-аас чөлөөлж өгөх шаардлагатай. Нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой, томоохон шинэчлэл хийгээгүй. Нийслэлийн иргэдийн тоо 1.6 саяд хүрсэн. Тиймээс түгжрэл бол бүх нийтийн асуудал болсон. Нийтийн тээвэр тохилог, тухтай, орчин үеийн, шаардлагад нийцсэн байх ёстой. Бид ч ийм шаардлага тавьж байгаа. Мөн маршрутыг зөв төлөвлөх ёстой. Мөн RFID буюу мэдрэгчтэй төхөөрөмжийг 169 гэрлэн дохионд суурилуулах ажил эхэлсэн. Наймдугаар сарын 20-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн.
Улаанбаатар хот тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголтоо өөрсдөө хийдэг байх ёстой. Тэгэхгүй бол тээврийн хэрэгслийн тоо тодорхой бус байна. Бүртгэлжүүлснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, зохицуулалт, бүртгэл, хяналт шалгалтаа хийх бололцоо бүрдэнэ.
-Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг буюу LRT барих ажил ямар шатандаа явж байна вэ?
-Хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай. Хотын тулгамдаж байгаа түгжрэлийн асуудлыг шуурхай, хурдтай шийдэхгүй бол 2024 онд тэг зогсоход хүрнэ. Үүнээс сэргийлэх үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Эхний шийдэл гэсэн үг. Ухаалаг систем нэвтрүүлж RFID мэдрэгч тавьж буй нь бас нэг шийдэл. Мөн авто зогсоолуудыг ухаалаг системтэй холбож, шийдлийг гаргаж, НИТХ-аар хэлэлцүүлэх юм. Түүнчлэн тээврийн хэрэгслийн бүртгэл, тооллого чухал. Улаанбаатар хотын иргэдийн өөрсдийн нэр дээрх тээврийн хэрэгсэл 385-400 мянга байгаа болов уу. Үлдсэн нь хотын иргэний нэр дээрх орон нутгийн иргэдийн машин байгаа болов уу гэж таамаглаж байна.
Төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих, дэд төвүүдээ тойрог хурдны замаар холбох, ингэснээр хотын төвийн Их тойруу, Бага тойруугийн авто замын ачааллыг бууруулах ажлыг хийнэ. Ялангуяа шинэ нисэх онгоцны буудлын дэргэд байгуулах дагуул хот бол Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах шийдэл байх юм.
-Хөнгөн галт тэрэг барьж байгуулах ажлыг Олон улсын валютын сангаас болиулсан гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?
-Энэ бол ташаа ойлголт байна. УИХ-аар 510 сая ам.долларын баталгаа гаргах эсэх асуудлыг хэлэлцсэн. Улаанбаатар хот дотоод хүч, нөөц бололцоо, бусад эх үүсвэрээр хөнгөн галт тэргийг концессын болон бусад дараа төлбөрт санхүүгийн нөхцөлөөр барих бүрэн бололцоотой. Тиймээс Улаанбаатар хотын орлогыг хөрөнгө оруулалт дэмжих эх үүсвэр болгон үлдээвэл бидэнд дэмжлэг болно. Нөгөө талаас Тавантолгойн нүүрсний борлуулалт, газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх хувилбарууд руу шилжих ёстой юм. Улсыг өрөнд оруулахгүйгээр, улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр хөнгөн галт тэрэг болон тойрог хурдны замын төслүүдийг хэрэгжүүлэх тооцооллыг гаргачихсан байгаа.
Хөнгөн галт тэрэг бол олон улсын хэмжээнд шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэл. Эхний ээлжид барих 18.1 км замын нийт барилга байгууламж, газар чөлөөлөлт, магадлашгүй зардалтайгаа нийлээд 926 сая ам.доллар гэсэн зардал ТЭЗҮ-д тусгагдсан. Бодит өртгөөр тооцвол 960 сая ам.доллар. Энэхүү ТЭЗҮ-д тусгасан тооцооллыг бууруулах бололцоотой. Наад зах нь гааль болон НӨАТ, онцгой албан татвараас чөлөөлөхөд 70 сая ам.долларыг хэмнэнэ гэсэн үг. Тэгэхээр энэхүү төслийг жадлан эсэргүүцээд байх шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Хотын түгжрэлийг бууруулах гол зангилаа нь хөнгөн галт тэрэг шүү. Нөгөөх нь тойрог хурдны зам. Хоёр төсөлд оролцох инженер, техникийн ажилтнууд хэдийнээ Улаанбаатарт ирчихсэн байна. Ажлын зургаа хийгээд Монгол Улсын Засгийн газар болоод Улаанбаатар хотын дэмжлэг, байр суурийг хүлээж байгаа.
-Нийтийн тээврийн шинэчлэлийн 591 автобусны хэдэн хувийг төрөөс, хэдэн хувийг хувийн хэвшлээс санхүүжүүлэх вэ?
-Нийтийн тээврийн ачааллыг төр үүрч явах ёстой юм билээ. 2015 оноос эхлэн смарт карттай болсноороо 53 тэрбум төгрөгийн татаас 180 тэрбум гаруй болж нэмэгдсэн. Смарт карттай болсноороо нийтийн тээврийн салбарын татаасыг 130 тэрбумаар нэмэгдүүлсэн. Энэ асуудлаар санхүүгийн шалгалт оруулъя гэхээр тооцоо судалгаа, дата нь Солонгос руу явчихдаг учраас шалгаж болдоггүй. Улаанбаатар хотын тээврийн бүх статистик БНСУ руу явдаг болсон байна. Тиймээс смарт картыг хотын нийтийн тээврээс хална. Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ. Хэмнэлтийн горимд шилжиж, технологийн дэвшлийг үндэсний компаниудаар хийлгэнэ. Парк шинэчлэл, хөнгөн галт тэрэг, тойрог хурдны зам гэхчлэн бүгдийг ухаалаг шинэчлэл малгай дор багтаана.
-Туул гол дагуух 16 байршилд тохижилтын ажил хийнэ гэсэн. Энэ ажил юу болсон бэ?
-Эхний ээлжид иргэд, олон нийтийн дунд зургаан байршилд тохижилтын ажлын уралдаан зарласан. Бага тэнгэрийн ам, Баянзүрхийн гүүр, Дугуй цагаанд зургийн дагуу ажил нь эхлэхэд бэлэн болсон. Заримынх нь ажил эхэлсэн. Гурвыг нь энэ жил ашиглалтад оруулах бол үлдсэн гурвын ажлыг энэ жил эхлүүлж, ирэх жил дуусгахаар төлөвлөсөн.
-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хот бонд гаргах эрхтэй болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бонд, үнэт цаас гаргах, концесс хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа явуулахад Сангийн яамтай заавал зөвшилцөх зохицуулалттай. Улаанбаатар хотын хөрөнгийн үнэлгээ хийх ажил долдугаар сараас эхэлж, есдүгээр сар гэхэд дуусна. Үнэлгээ гарсны дараа бондын асуудлыг Сангийн яамтай ярилцаж, Засгийн газарт танилцуулна. Тиймээс нийслэлийн эзэмшлийн хөрөнгийг тоолж, үнэлгээ хийх ажлыг долдугаар сард эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Есдүгээр сар гэхэд хэдэн их наяд төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөтэй хот болох нь тодорхой болно. Үнэлгээг олон улсын шаардлага хангасан байгууллагаар хийлгэнэ. Үнэлгээ гаргасны дараа Сангийн яамтай ярилцаж, Засгийн газрын хуралдаанд заавал танилцуулна.
-Эхний ээлжид ямар чиглэлээр бонд гаргах талаар төлөвлөж байна вэ?
-Дэд бүтцийн бонд гаргах хүсэлтэй байна.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр15 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа