Улс төр
Монголынхоо байгаль, цаг агаар, газар нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлээ дэмжих нь чухал
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 34 дүгээр зүйл болон 7 дахь заалт, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 3.13 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор худалдан авч байгааг Я.Содбаатар танилцуулгадаа онцлоод гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, хүнсний давсаа хүртэл 97 хувь гаднаас авч байна гэв.
Манай улсын хүнсний үйлдвэрлэл, хангамжийн эмзэг байдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын түвшинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо. Тухайлбал, манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсөж, инфляц 15 хувьд хүрч ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусаж байна. Хүнс, шатахууны үнэ инфляцын 50 хувийг бүрдүүлж байна. Хүнсний үнэ 04 дүгээр сарын байдлаар жилийн 17 хувиар, жимс, жимсгэнийн үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар өссөн байна. Цаашид ч дэлхий нийтийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн доголдол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа учраас хүнсний хангамж, аюулгүй байдал тулгамдсан асуудал болоод байна. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргаж Улсын Их Хуралд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцолсон. Уг тогтоолын төслөөр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Засгийн газарт үүрэг чиглэл өгөхөөр тусгагдсан. Нийтдээ дөрвөн бүлэг, 51 заалттай тогтоолын төсөлтэй хамт ирэх таван жилд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшин, хамтран хэрэгжүүлэх байгууллага, нийт санхүүжилтийг улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж болон бусад санхүүжилтийн эх үүсвэр, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү тогтоолыг баталж, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр гол нэрийн 19 төрөл болох малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэний тодорхой хувийг хангах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцлов.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс хүнсний хангамж, аюулгүй байдал чухал асуудал тул тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хаврын тариалалт эхэлсэн энэ үед тогтоолын төсөл хэлэлцэж байгаа нь цаг үеийн хувьд хоцорсон эсэхийг тодруулахын зэрэгцээ тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрсдэлтэй байдаг тул урт хугацааны санхүүжилт чухал учраас Засгийн газар энэ асуудалд бодлогын ямар арга хэмжээ авч буй талаар мөн өвлийн хүлэмжийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зорилтуудыг тогтоолын төсөлд хэрхэн тусгасныг тодруулсан. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан мах бэлтгэл, нядалгаа, боловсруулах үйлдвэрлэлийн асуудал бүхэлдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдэлд шилжсэн гэх мэдээлэлд салбарын яамны зүгээс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа тогтоолын төслийн хүрээнд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн нь хэдэн жилийн хугацааг хамарч байгаа талаар, жимс, ногоо тарьж буй өрхийн аж ахуй эрхлэгчдийг дэмжихэд баримталж буй бодлого, хэрэгжүүлэх тодорхой асуудлыг тогтоолын төсөлд хэрхэн тусгасныг тодруулав. Мөн тэрбээр, тогтоолын төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүн, санхүүжилт, зарцуулалтад тогтмол хяналт тавьж, анхааралдаа авах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар тогтоолын төсөлд чихрийн манжин, элсэн чихэр зэрэг өртөг өндөртэй үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөсөн нь улс орныхоо цаг агаарын нөхцөл, байдалтай уялдуулж, судалгаа тооцоолол хийсэн эсэхийг тодруулаад цаашдаа өндөр өртөг, санхүүжилт шаардсан иймэрхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээс илүүтэй Монголынхоо байгаль цаг агаарын нөхцөл, газар нутгийн онцлогт тохирсон, өртөг багатай үйлдвэрлэлээ дэмжих нь чухал гэдгийг анхааруулж байлаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр13 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр13 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа