Нийгэм
Ерөнхий сайд төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллаж, сургуулийн автобусыг үе шаттай нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах боломж бүрдүүлнэ гэдгээ хэллээ. Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төсөвлөж байна. Өмнө нь нийслэлд жилд 40 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол энэ оносс 420 болгож нэмэгдүүлсэн нь түүхэн шийдвэр, ажил хийх боломж гэдгийг Ерөнхий сайд мөн хэлж байлаа. Энэ хөрөнгө оруулалтын эхлэл болгож, нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна.
Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийж, 1000 автобусыг шинээр үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа нийт автобусны 93 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ. 2009 онд хуучин 400 автобус авснаас хойш парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 орчим автобус ашиглалтаас гарах юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 17 компанийн 960 орчим автобус 101 чиглэлд үйлчилгээнд явдаг. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар буюу оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог байна. Иймд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яриандаа онцлоод, төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа. Мөн тэрбээр “Жолооч, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангасан, Монгол орны цаг уурт тохирохуйц, өвөл цонх цантахгүй, тусгай хэрэгцээт иргэдийн шаардлагыг хангасан автобусны парк шинэчлэлийг хийж чадвал түгжрэлийг бууруулах томоохон шийдэл болно” гэв.
Нийслэлд сургуулийн 140 автобус шаардлагатай байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хэлж байв. Энэ асуудлыг үе шаттай шийдэхээ Ерөнхий сайд хэлж, нийтийн тээврийн оргил ачааллын үе буюу наймдугаар сарын 25-наас өмнө 591 шинэ автобусыг авчрах, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах газар
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм13 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр13 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр13 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа