Улс төр
Нийслэлд мах боловсруулах үйлдвэрлэлүүдэд хориглох бүс тогтоох, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг энэ оныг дуусталх хугацаанд түр түдгэлзүүллээ.
Мөн мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг чангатгаж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэх дүгнэлтийг цуцлахыг Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөх буюу хориглох бүс тогтоох, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт Ерөнхий сайд даалгав.
Мөн төрийн өмчийн лабораториудын шинжилгээ хийх чадавхыг сайжруулах, нэгдсэн тогтолцоотой болох асуудлыг судалж танилцуулах, буруутай албан хаагчдад хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцохыг үүрэг болголоо.
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталлаа. Техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагад үүрэг болголоо.
Техникийн зохицуулалт нь хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд, ажиллагчдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаанд баримтлах техникийн зохицуулалтын шаардлагууд, хүний нөөцийн чадавх, энэхүү харилцаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлага, хяналт баталгаажуулалтын тогтолцоог хамаарах юм байна.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Үндэсний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхтгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн.
“Эрдэнэс Монгол” компани бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжүүлэгч гол концепц юм. “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно. Энэ компанийн нэгдэлд байдаг охин компаниудын ТУЗ нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, эдгээр хүмүүс бүгд төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга нар байдаг.
“Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасанчлан дэлхийн уул уурхайн шилдэг корпорациудын үйл ажиллагааны хэв маягтай төстэй, групп байдлаар явж байгаа. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” үйлдвэрийг оруулсан. Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэн холдинг компани болж байгаа. Компаниудыг хоёр бүлэгт хуваасан. Зэс металийн групп, нүүрс, эрчим хүчний групп гэж. Ингэснээр хоёр группийг хоёр ТУЗ-өөр удирдах боломжтой болсон. ТУЗ-ийн 207 гишүүнийг цомхтгож, 27 хүний бүрэлдэхүүнтэй болгоно. Зардал хэмнэж, үйл ажиллагаа нь уялдаатай, нэгдсэн бодлогоор явуулах боломж бий болж байна гэж ярилаа.
Мөн засгийн газрын хуралдаанаас гаргсан товч мэдээ
хүргэе. Нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсонтой холбоотойгоор агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг нэмж, тус дүүргийн иргэд сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр боллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Прокурорын тухай хуульд оруулах бусад өөрчлөлттэй хамт нэг мөр цогцоор шийдвэрлэх үүднээс буцаан татахаар тогтлоо. “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 1,5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавихад баримтлах журмыг баталлаа.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм10 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр11 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр11 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа