Улс төр
Л.Цог: Хуулиа нулимаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд явж байна
Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн Хууль зүйн байнгын хорооны анхны дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Л.Цогтой Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал дэгдээд байгаа талаар ярилцлаа.
-Үндсэн хуульд 2000, 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо гурав дахь удаагаа гар хүрэх тухай яриа хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдэх боллоо. Та 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлалцаж явсан хүний хувьд энэ талаар ямар бодол, байр суурьтай байна вэ?
-Би Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны анхны дарга байсан учраас 1992 оны Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэн баталахад оролцсон. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өөрийн санал бодлоо хэлэх ёстой хүний нэг гэж бодож байна. Ярих боломж олгосонд баярлалаа. Үндсэн хууль бол ердийн хуультай адилгүй юм. Монгол Улс, түүний төр, хүний эрх, нийгэм улс төрийн ямар тогтолцоотой байх вэ гэдгийг хамгийн том суурь утгаар нь хийсэн, үндсэндээ гол зарчим шигтгэж өгсөн эрх зүйн акт. Иймд ердийн хууль шиг ойр ойрхон тонгочуулж болохгүй гэж би байнга ярьдаг. Бод л доо 30 жилийн хугацаанд хоёр удаа нэмэлт хийлээ. Нэмэлт хийж болохгүй хад чулуу шиг зүйл биш л дээ. Ямар шаардлага байна, ямар зүйл оруулж байна гэдэгт л гол утга учир нь бий. Тэгэхээр 2000 онд гэнэт, хуйвалдаж далдуур хийсэн нэмэлт өөрчлөлтийг дордохын долоо гэж олон жил ярьсаныг бид, иргэд мартаагүй. Үүнээс хойш 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ дутуудуулж өөр асуудал оруулсан талтай. Хамгийн муу асуудал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд гэдэг хоёр том эрх мэдлийг хольж хутгасан явдал байгаа юм. Энэ бол болохгүй. Монгол Улс парламентын засаглалтай гэж хэлчхээд өөрөө томилдог, гаргасан шийдвэрийг нь биелүүлдэг, биелүүлэхийг шаарддаг ийм байгууллагаа өвөр түрийндээ оруулдаг нь буруу. Гол нь Засгийн газрын гишүүд нь заавал УИХ-ын гишүүн байна гэсэн балай юм хийгээд олон жил боллоо. Одоо 1999, 2000 онтой адилхан яг ямар өөрчлөлт хийх нь бүрхэг байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийнэ гэж яриад байгаа ч чухам яг хийх өөрчлөлт, тодорхой асуудлыг нийгэмд зарласан, УИХ-д өргөн барьсан зүйл алга. Ардын Их Хурлын депутатууд бид гайхаад судалж, ярьж байна. Ер нь таамаг маягтай асуудал л гараад байгаа. Тэгэхээр бас дахиад 2000 оныхтой адил далд, хуйвалдсан маягтай гэнэт баталчих вий гэж санаа зовж байна. Энэ үүднээс үүнийг би зориуд тэмдэглэн хэлье гэж бодож байна. Тэгээд одоо Үндсэн хуульд ямар нэмэлт өөрчлөлт орох гэж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт олон жил ярьж байж цөөлсөн “давхар дээл”-ээ сэргээж Засгийн газрын сайдуудыг УИХ-аас томилдог болох бодолтой юм уу даа. Хоёрдугаарт сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд зоож өгөх юм гэнэ. УИХ-ын гишүүдийн тоог 100 гаргана гэсэн асуудал ойлгогдлоо. Энэ ярьж байгаа нь үнэн ч юм шиг байна. Миний хувьд хэрэв Үндсэн хуульд гар хүрэхдээ тулбал УИХ-ын гишүүн Засгийн газарт сайдаар ажиллах асуудлыг бүр авч хаяасай гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл 1992 оны Үндсэн хуулийн байр суурь дээр байгаа юм. УИХ-ын гишүүний тоог 100 гаргаад нэмэх гэвэл нарийн сайн тооцоо хийж байж ярих ёстой зүйл. Наад зах нь эдийн засгаа бодсон ч тэр шүү дээ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр зөв сайхан шийдвэр гарч амьдралд нийцтэй хэрэгжнэ гэсэн зүйл огтхон ч байхгүй. Молиго үмхүүлж байгаатай адилхан. Үүний цаана хүн, аливаа байгууллага эрх мэдлийн төлөө донтож явдаг асуудал харагдаж байгаа юм. Ийм л зүйлд бид өнөөдөр орчхож. Тэгэхээр УИХ-ын гишүүдийг нэмэх нь буруу. Өнөөдөр 76 гишүүн цөөдөөгүй. УИХ-ын гишүүний чадвар, чансаа, байр суурь, мэдлэгийн шалгуурыг л гаргаж тавиасай. Суурь болгоосой гэж бодож байгаа. УИХ-ын гишүүн байх шаардлагыг маш өндөр төвшинд гаргаж тавих юм бол элдэв мөнгө төгрөг, чадахгүй мэдэхгүйдээ хүрдэг асуудалгүй болно. Би аливаа асуудлыг жадлан эсэргүүцэж байгаадаа ийм зүйл яриагүй. Санаа зовсондоо өмнөх алдаагаа давтаж дордуулахгүй байгаасай гэсэндээ л үүнийг ярьж байгаа хэрэг шүү дээ.
-Та УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Тэгэхээр 1992 онд УИХ 76 гишүүнтэй байна гэдгийг хэрхэн тогтоов. Өнөөдөр хүн амын тоо гурван сая давж өссөн учраас 76 гишүүн цөөдөөд байна гэж байгаа?
-Тийм. Хоёр зүйл яриад байна. Хүн ам өссөн, эдийн засаг тэлсэн учраас УИХ олон гишүүнтэй байхгүй бол болохгүй нь гэж ярих боллоо. Энэ бол худал. Бид хүлээж авахад хэцүү. Яг тийм хууль зүйн үндэслэлтэй, нийгэмд үр дүнгээ өгөх бодит зүйл биш. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн тооноос шалтгаалдаг зүйл хаана ч байхгүй. Хэрэв тийм байсан бол 1.5 тэрбум хүн амтай БНХАУ юу гээч болох вэ. Хуучин манай тогтолцоотой адилхан Улс төрийн товчоонд нь араваад л хүн байгаа юм билээ. Үүнийг л хар. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл их үрэлгэн юм болно. Маш их зардал гарна. Гишүүний тоог дагаад туслах, зөвлөх, орон нутгийн зөвлөх гээд талийж өгнө. Тэр бүгдийг нь манай эдийн засаг даах юм уу. Дэлхий нийтээр эдийн засаг биднээс шалтгаалахгүйгээр хямраад байхад яаж ийгээд УИХ-ын гишүүн болчих гэсэн бодолд хөтлөгдсөн үйлдэл манайд өрнөөд байна гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний тоог нэмэх нь бодитой үндэслэл биш гэж би харж байгаа.
-Тэгэхээр эрх баригч МАН-ын захиалгаар УИХ-д суудалгүй жижиг гэсэн тодотголтой намууд Төрийн ордонд орчих санаатай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зүтгээд байна гэж хүмүүс яриад байх юм?
-Тийм л юм байгаа биз. Миний хувьд тийм байна гэхэд нэг их эргэлзээд байх зүйл алга. Итгэл алдарч байна шүү дээ. Үнэхээр хоолой дээр тулгасан хутга шиг асуудлыг оноод, шийдээд сайн сайхан болгох гээд явж байгаа бол асуудал өөр. Яах аргаггүй хүчээр түрээд хийнэ гээд зүтгээд байж таарахгүй. Наад зах нь үнэхээр ард түмний засаглал тогтоохын тулд тэдний хяналтын хэлбэр болгож 1990-1992 онд байсан хоёр шатлалтай парламентын тогтолцоог авч болно шүү дээ. Би бол болох ёстой гэж боддог. Ингэх юм бол Ардын Их Хурлаас сонгодог Улсын Бага Хурлын байнгын ажиллагаатай парламент нь олон гишүүнтэй байх шаардлага байхгүй. Яахав нэрийг нь өөрчилж болно л доо. Тухайн үед Улсын Бага Хурлаас гаргасан шийдвэрийг Ардын Их Хурлын депутатууд хуралдаад хүчингүй болгох, хянах маш өргөн боломжтой байсан. Харин үүнийг манайхан хольж хутгаад парламентын хоёр танхим болгоод бүр өсгөж яриад байгаа юм. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэвэл нарийн мэргэжлийн мэдлэгтэй, онол практикийн зүйл л дээ. Үүнийг ярилгүй зүгээр л ард түмэн ингэлээ, тэглээ гэсэн нэр бариад, тэднийг ятгаад эрх баригчид нь өөрсдөдөө ашигтай юм хийгээд байхаар биш болоод байна.
-Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болно гэсэн асуудал бас яригдаж байна л даа?
-Ийм туршлага бий. Тухайлбал, 1990 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг Ардын Их Хурлаас 430 депутат сонгож байсан. Ийм болгож болно. Гэхдээ ёстой л долоо хэмжиж нэг огтлох зүйл юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад гурван жил болоогүй байхад дахиад нэмэлт өөрчлөлтийн тухай ярьж байна. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Нэг нэмэлт өөрчлөлт оруулсан бол дараагийн найман жилийн хугацаанд гар хүрэхгүй” гэж заасан. Хуульд ингэж заачихаад түүнийгээ өнөөдөр нулимаад явж байна шүү дээ. Энэ бол хуулийг гууль болгон уландаа гишгэж буй нэг хэлбэр мөн гэж би бодож байна.
-Одоо яриад байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн сүлд өөрчилнө гэсэн. Ийм шаардлага бий юу?
-Өнөөдөр хэрэглэж байгаа Төрийн сүлд манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд гай болоод байгаа асуудал байна уу. Үүнийг өөрчилбөл хүмүүсийн амьдрал дээшлэх үү гээд бодвол олон асуудал бий. Аливаа зүйлийг ул суурьтай бодохгүй зүгээр л сэтгэл хөөрлөөр хандахаар ийм хачин юм болоод байна л даа. Тэгэхээр бид өнгөрсөн 30 жилд сайн бодоогүй зүйлээ ирэх 30 жилд бүү давтаасай гэсэн дээ би ингэж ярьж байна.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар улс төрийн намуудын гаргасан Тунхаг бичигт тусгасан зүйлээс дахиад асууя. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засна гэсэн. Тэгэхээр манай улсын Үндсэн хуульд иргэдийн энэ эрхийг хязгаарлаж ирсэн гэсэн үг үү?
-Ямар юмыг хэлж байгаа юм бол доо. Хязгаарласан асуудал огт байхгүй шүү дээ. Гэхдээ хязгааргүй юм гэж байдаггүй. Аливаа зүйл эерэг, сөрөг талтай. Ийм учраас амьдралын хэм хэмжээнд сөрөг талыг нь хязгаарласан хаалт байх ёстой. Би үүнийг хариуцлагатай хэлье. Миний мэргэжил ч үүнийг голлож явдаг. Хязгааргүй эрх чөлөө, дураараа дургисан үйлдэл байж болохгүй гэдгийг нийгмийн амьдрал, түүх харуулсан шүү дээ. Эрхээ эдлэж байна гээд дураараа дургиад ямар ч хууль сахихгүй бол бусдад гай болно.
-Бас хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангана гэсэн зүйл байна лээ?
-Наадах чинь байдаг л зүйл. 1992 оны Үндсэн хуульд заасан баталгааг хангалгүй 30 жил явчихаад “Хүний эрхтэй Монгол сайхан” гэж ярьдаг нь худал юм. Хүний эрхийн баталгааг зөвхөн Үндсэн хууль гэж тэмүүлэлгүй түүнийг даган гарах бүх хуульд хийж өгөх ёстой. Өнөөдөр Монголд хүний улс төрийн, эдийн засгийн, хууль зүйн эрхийн баталгаа алга. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг. Тэгвэл Улаанбаатар хотын утааг хар л даа. Амьдарлаас тасархай олон юм ярих хэрэггүй. Ингээд ганц энэ утааг аваад үзэхэд л Үндсэн хуулийн хүрээнд бидний хоолой дээр тавьсан хутга мөн. Тэгэхээр байгаа зүйлийг давтан хийнэ гэдгийг би ойлгохгүй байна. Бусад дагалдах хуулиараа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулаад явах бүрэн боломжтой. Дахин хэлэхэд өнгөрсөн 30 жилд тэгж чадсангүй. Эдийн засгийн хүчин чадал, иргэдийн баян хоосны ялгааг харахад л Үндсэн хуулиа хэрэгжүүлж хүний олон эрхийг баталгаатай хангаж чадаагүйг илтгэж байгаа юм.
-Тэгэхээр Үндсэн хуулиас салбарлан гарч буй ямар ямар хууль алдаа дутагдал ихтэй байна. Хууль чанаргүй байгаа учраас өнөөдөр хүний эрх баталгаажаагүй, нийгэмд шийдвэрлэх ёстой олон асуудал хуримтлагдсан гэж хэлж болох нь ээ дээ?
-Монгол Улсад өнөөдөр хууль хангалттай батлагдаж байна. Хуулийг биелүүлнэ гэдэг л хамгийн онцгой зүйл байх ёстой. Эс тэгвээс зүгээр хоосон цаас болж үлдээд л явж байна шүү дээ. Манай улсад хуулийн биелэлт муу, хангалтгүй юм. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Бид өөрсдөө арьс махан дээрээ мэдэрч байна. Ялангуяа эдийн засгийн амьдрал, баталгаатай холбоотой зүйл алга.
-УИХ-ын гишүүд элдэв асуудалд нэр холбогдоод л байдаг. Тэгэхээр УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ ямар байх ёстой юм бол?
-УИХ-ын гишүүн, сайд дарга нар, төрийн албан хаагчдын ёс зүйн талаар ярьсаар ирсэн. Энэ бол мөнхийн л ярьдаг зүйл. Өнөөдөр хүний мэдлэг чадвар, туршлага гэж зүйлийг үнэлж байж аливаа албанд томилдог, сонгодог асуудал алдагдсан. Хэн мөнгөтэй байна тэр хүн хаана, юунд ч хүрч мэдэх болсон. Ийм юм байж болохгүй шүү дээ. Бидний болохгүй асуудлын нэг бол ердөө л энэ. Тэгэхээр Үндсэн хуулийг дагалдах хуулиудад УИХ-ын гишүүний шалгуурыг өндөр тавьж өгөх ёстой. Засгийн газрын гишүүд, төрийн албны бүх албан хаагчдад ялгаагүй хамаатай. Бүх шатандаа ёс суртахууны заалтыг маш хүчтэй хангаж өгөх ёстой. Тэгэхгүй болохоор төр дампуурч байгаа шинж. Худлаа хөөрөгдөөд хэдэн өндөр байшин, гурав дөрвөн машинаа хараад сайхан боллоо, хөгжиж байна гэх шиг төөрөгдөл байхгүй. Эдийн засгийн том хямрал биднийг нэг мэдэхэд л үерийн ус шиг хамаад явчихна шүү дээ. Хамгийн гол нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал тусгаар тоготнол, эдийн засаг, улс төртэй хамаатай асуудлаа сайн бодож хэрэгжүүлэхгүй байж Үндсэн хууль болохоо байсан, УИХ-ын гишүүд дутаад байгаа юм шиг асуудал ярьж болохгүй.
-Тэгэхээр Ардын Их Хурлын депутатууд одоо яриад байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу?
-Ардын Их Хурлын депутатуудын тал нь орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн. Тал нь өнөөдөр амьд сэрүүн байна. Бид уг асуудлаар уулзан ярилцсан. Ихэнх нь энэ асуудлыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Тэгэхдээ мухар сохороор биш шүү дээ. Өөрсдийн үндэслэлээ ярьж байна. Өнөөдөр “Ард түмнээс асууна” гэдэг сайхан үг бий болж. Асуух зүйлээ мэдүүлээгүй байж асууна гэдэг чинь ард түмэнд дарамт болно гэсэн үг. Үүний цаана янз бүрийн хандлага байна. Гадна, дотны нөлөөгөөр ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байж мэдэх юм. Их осолтой. Үүнийг тооцохгүй бол болохгүй гэж бодож байна. Хамгийн гол нь бид хуулиа сахих хэрэгтэй. Тэр найман жилд нь хүргэ л дээ. Дээр хэлсэн шиг болохгүй бүтэхгүй хүмүүсийг УИХ-д сонгодогоо болих хэрэгтэй. Тас хорих ёстой. Мөнгөтэй хүмүүсийг төрд гаргадагаа бүр хорих хэрэгтэй.
-Хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчих юм биш үү?
-Хүний эрхтэй огт хамаагүй шүү дээ. Төрд тавих шаардлагатай холбоотой юм. Мөнгөний эзэд бол мөнгөний төлөө л явна. Ард түмнээ бодохгүй байж бодож байгаа юм шиг дүр эсгэнэ. Үүнийг нуугаад байх асуудал байхгүй. Энэ талаар би байнга ярьж, яншиж байгаа. Бидний болохгүй бүтэхгүй юмны суурь энд бий. Үүнийг л хараач ээ гэж хэлмээр байна.
-Тэгэхээр УИХ-д нэр дэвшигчдээ сонгохдоо тухайн улс төрийн нам мөнгө, хандив авдаг. Иймд таны яриад байгаа зүйл бүтэхгүй юм биш үү?
-Тэгж байгаа. Нууц биш. Бизнес хөөж байгаа хүн ашгийн төлөө л явна. Уг асуудлыг л хаах ёстой. Миний хувьд бизнес хүрээний хүмүүсийг төрийн албан тушаалд томилохийг хорьж болно гэж бодож байгаа. Ийм цаг ирнэ гэж боддог. Өнөө, маргаашдаа хүмүүс үүнийг ойлгохгүй байх л даа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээс асууна гэж байгаа. Гэтэл дарга нарыг дагадаг, үг, захиа даалгаврыг нь биелүүлдэг хэдэн хүмүүс цуглуулаад гарын үсэг зуруулаад “Ард түмэн зөвшөөрлөө” гэх вий гэсэн болгоомжлол нийгэмд байна л даа?
-Ийм хандлага руу явчих нөхцөл бий. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо очоод хэдэн хүн цуглуулж байгаад л асуудлыг шийдчихнэ. УИХ-ын гишүүн Т.Доржханд 100 мянган хүний гарын үсэг цуглуулчхаад талбай дээр жагсана гэж байна шүү дээ. Ингэж ард түмнээр тоглож болохгүй. Энэ бол хийрхэл. Хатуу хэлье гэж бодож байна. Тэр залуу надад гомдох эсэх нь хамаагүй. Би Монголын төрийг, тусгаар тоготнол, үндэсний аюулгүй байдлыг бодож ярьж байна. Тоглож байдаг эд биш шүү дээ. Дэлхийн түүхийг хар л даа. Улс орнуудын өнгөт хувьсгалыг хар. Энэ чинь Монголд тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Уур амьсгал энд л явж байна. Бидний хувьд дуурайгаад далдайгаад явж л байна.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа