Улс төр
Ж.Бямбадорж: Тухайн үед нэг хуулийг хэлэлцэж дуусгаад, батлаад дараагийн хуулиа хэлэлцэж эхэлдэг байсан
Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргаар тус тус ажиллаж байсан Ж.Бямбадоржтой Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүх, Үндсэн хуулийн өнөөгийн байдал, эрх зүйн орчны талаар ярилцлаа.
-Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсон түүхээс яриагаа эхэлье?
-Монгол Улсад 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Их Хурлын үйл ажиллагаа эхэлсэн. Байнгын ажиллагаатай парламентын түүх 1990 онд байгуулагдсан Улсын Бага Хурлаас эхэлдэг. Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны хоёрдугаар сарын 13-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Улсын Бага Хурал шинээр бий болох Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг яаралтай баталж, сонгуулийг нь зарласан билээ.
Үндсэн хууль батлагдаж хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн учраас нийгмийн харилцааг үүний дагуу явуулах болж, маш олон хуулийг шинээр батлах шаардлага гарч ирж байгаа юм. Тэгэхээр 1992-1996 оны УИХ-д маш их хариуцлага, ачаалал онгодсон.
Энэ парламентын хувьд ажлын зургаан өдөр өглөө 08:00 цагаас орой 22:00 цаг хүртэл хуралдана. Гол онцлог нь нэг хуулийг хэлэлцэж, батлаад дараагийн хуулиа хэлэлцэж эхэлдэг байсан.
-Нэг хуулийг дунджаар хэд хоног хэлэлцдэг байв?
-Ер нь янз бүр. Заримдаа хоёр, гурав хоногт багтаан баталдаг байсан. Энд нэг зүйл хэлмээр байна. Тухайн үед 10 хурууны бичээч бичгийн хэлбэрт оруулдаг. Түүн дээр нэг алдвал дахин засаж бичнэ. Ийм учраас гар бичмэлээр маш нямбай хариуцлагатай бичих шаардлага тавигдана. Тэгээд холбогдох хүмүүст нь үзүүлж хянуулаад бичгийн машинаар цохиод маргааш өглөө нь ажил цуглахаар гишүүдэд тарааж өгнө. Хуулиа батлагдсаны дараа мөн бичгийн машинаар цохиод УИХ-ын Тамгын газарт шилжүүлдэг байлаа. Одоо технологи хөгжөөд их амар болж. Гишүүдийн хэлсэн үгийг дуу, дүрстэй бичиж аваад компьютер дээр шивээд цаасан дээр буулгаж хуулийн заалт руу оруулж үг үсгийн алдааг нь засдаг болсон.
Миний хувьд 1992-1996 онд хуулийн төлөө л ажиллаж ирсэн. Энэ дөрвөн жилд гол гол хуулиудаа батлуулж авах, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх шатыг эхлүүлсэн онцлог жилүүд байлаа. Шөнө 03:00 цаг хүртэл ажиллаж байсан тохиолдол надад маш олон бий. Зөвхөн би ч биш манай хуульчдын хувьд шүү дээ. Тухайн үед Нямдорж, Лүндээжанцан, Шаравдорж гээд хуульч мэргэжилтэй гишүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг байв. Нөгөө таван Дорж гэдэг чинь тэр үеийн ойлголт юм. Иймд улс төр гэж юу байдгийг бараг мэдэхгүй шахуу ажиллаж явсан. Тэгээд 1996 оны УИХ-ын сонгуулиар нам ялагдсан дараа УИХ-ын гишүүнд бас улс төрийн мэдрэмж байх ёстой юм байна гэдэг бодол төрж байлаа. Ингээд жаахан улс төржсөн байх шүү /инээв/.
-УИХ-ын гишүүд юунд анхаарч, хэрхэн ажиллах ёстой гэж та үзэж байна вэ?
-УИХ-ын гишүүд ганцхан зүйл дээр их анхаарах учиртай байдаг. Тэр нь өөрийн гаргаж байгаа санал нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байна уу гэдгийг л бодох ёстой. Түүнээс биш санаандаа орсон асуудлыг оруулж ирээд санал хураалгаад шийдээд явах биш юм. Би Үндсэн хуулийн Цэцэд зургаан жил ажилласан. Тэгэхэд Үндсэн хууль зөрчсөн актын ихэнх нь дандаа хажуугийн саналаар орж ирсэн байдаг. Хүнд таалагдсан, гишүүдэд таалагдсан асуудал оруулаад ирдэг. Нөгөөх нь батлагдаад Үндсэн хуулийн зөрчил болоод явчихсан тохиолдол олон гарч байлаа.
-Тэгвэл өнөөдөр батлагдаж буй хуулиудад Үндсэн хууль зөрчсөн хуулийн заалт гарч байгаа болов уу. Түүнийг хэрхэн засаж залруулах вэ?
-Байлгүй яахав. Гарч л байгаа. Гагцхүү Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарч байж л засна гэсэн үг. Гэтэл тэр бүр дээр гомдол гаргасан асуудал алга. Гомдол гарсан тохиолдолд Үндсэн хуулийн Цэц шуурхай шийдээд явж байгаа нь харагдахгүй байна. Иймд хэзээ нэгэн цагт засагдах байх гэж найдахаас өөр арга байхгүй.
-Та ардчилсан Үндсэн хууль батлахад гар, бие оролцож явсан хүн. Энэ Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Одоо гурав дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаад эхэллээ. Ийм шаардлага байгаа юм болов уу?
-Үндсэн хууль гэдгийг байшингаар яривал суурь нь юм. Сууриа ойр ойрхон өөрчлөөд байвал тэр байшин босох уу гэдэг асуудал бий. Жишээ нь тэр хойд булан нь буруу болчхож одоо засъя гэвэл зөвхөн тэр хэсгийг оролдож болохгүй. Байшингаа нурааж таарна биз дээ. Суурь хууль гэдэг чинь ийм учиртай. Энэ талаар би зориуд нэг зүйл хэлмээр байна. АНУ Үндсэн хуулиа 1787 онд баталсан. Энэ бол дэлхийн анхны Үндсэн хууль. Польш, Францад 1791 онд хоёр,гурав дахь Үндсэн хууль батлагдсан түүхтэй. Энэ үеэс хойш Үндсэн хуульт байгуулал бий болж эхэлсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар дэлхийн ихэнх улс тусгаар тогтнолоо олсон. Дараа нь 1960-аад онд колонийн систем задарч Үндсэн хуульт байгууллагад улс орон бүр шилжсэн юм. Ардчилсан гэж бидний үлгэр дуурайл авдаг улс орнууд Үндсэн хуулиа 1950-иад онд өөрчлөн баталж, тэр цагаас тогтвортой мөрдөж байгаа. Түүнээс хойш Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Тэгэхээр манайд болохгүй, бүтэхгүй бүхнээ амьгүй Үндсэн хууль руу чихэх хандлага байна. Ийм асуудал хэрхэвч байж болохгүй. Би Үндсэн хуулиар мэргэшсэн хуульч хүн. Сүүлийн үед Үндсэн хууль батлагдаад 30 жил болсон юм чинь одоо нэмэлт өөрчлөлт оруулалгүй яахав гэж ярих болж. АНУ Үндсэн хуулиа баталснаас хойш 200 гаруй жилд 26 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Манай Үндсэн хууль муу юм гэнэ. Энэ Үндсэн хуулийг цээжээрээ бичээгүй. Монголын ард түмэн өөрийн оюун ухаан, АНУ, Герман зэрэг өндөр хөгжсөн, ардчилсан улсаас бас туршлага судалж байж бичсэн. Дэлхийн жишгийг харж байгаад Монгол орны онцлогт нийцүүлж байгаад баталсан хууль. Зарим нэр томьёог өөрсдөө таньж мэдээгүй, ойлгоогүй байж цэцэрхээд байх юм. Үүнд үнэхээр харамсаж байна.
-Одоо яриад байгаа нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно, сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэж байгаа?
-Тийм. Парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог болно гэдэг нь буруу зүйл биш. 1992 онд Үндсэн хууль батлах үед маш их яригдсан асуудал. Парламентын засаглалтай улсуудад Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог. Жишээ нь Германы Ерөнхийлөгч байна. Олон оронд ийм жишиг бий. Үндсэн хууль хэлэлцэж байхад Ерөнхийлөгч хэн байх вэ гэдгийг олон талаас нь ярьсан. Тэгээд “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна” гэж үзсэн. Тэгвэл “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм бол иргэд өөрсдөө сонгох ёстой” гэдэг дээр тохиролцоонд хүрсэн юм. Ард түмэн сонгож байгаа нь буруу зүйл биш. Гагцхүү Ерөнхийлөгчийн институцыг буруу болгоод явчихсан алдаа бий.
Аливаа ажил, асуудал шийдэж байгаа хүн дандаа зөв байна гэж байхгүй. Тухайн үеийн депутатууд, мэргэжлийн хүмүүс Монгол Улсаа гадаадад бүрэн эрхтэй төлөөлдөг, Монгол Улсын иргэн болгох, иргэнээс хасах, гэмт хэрэг үйлдсэн иргэнд уучлал үзүүлдэг, төрийн дээд шагнал гардуулдаг өөрөөр хэлбэл хал балгүй эрх, эрх мэдэлтэй байх ёстой гэдэг дээр тогтсон юм. Харин төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэг байх ёстой гэдэг дээр гол анхаарал тавьсан билээ. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг толгойлдог болсон. Энэ байгууллага зөвлөмж л гаргадаг. Үүнийг нь УИХ, Засгийн газар яах эсэхийг шийднэ. Нэг ёсны Японы эзэн хаан шиг. Их Британийн хатан хаан шиг ард түмэн хүлээн зөвшөөрдөг, нөгөө хүн ч ард түмнийхээ сэтгэл санааг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг байх учиртай. Гэтэл өнөөдөр бараг л Ерөнхийлөгчийн засаглалтай юм шиг болчихсон. Алдаа нь энэ юм. Эрх мэдлийг нь өөрчилж нэмсээр байгаад ийм байдалд хүрлээ. Энэ бол тухайн үеийн Ерөнхийлөгч нарын буруу биш. Харин сонгуулийн системийн асуудлыг олон жил ярьж ирсэн сэдэв. Миний хувьд энэ талаар ярьдаг ч хүлээж авдаггүй юм. Хамгийн гол нь гурван жилийн өмнө Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийчхээд өнөөдөр дахиад гар хүрнэ гэж ярьдаг нь дэлхийн шившиг болох асуудал.
-Бас УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг яриад байгаа. УИХ-ын гишүүн 76 байгаа нь манай нийгэм, эдийн засагт нийцэхгүй байна гэсэн үг үү. Эхнээсээ яагаад 76 гэдэг тоог сонгож авсан юм бэ?
-Юу нь болохгүй байгааг бүү мэд. Одоо бүр парламентын хоёр танхимтай байх тухай ч ярих боллоо. Өмнөх шигээ АИХ, Улсын бага хурал гэдэг шиг хоёр танхимтай болох юм гэнэ. Энэ нь хуучин социализмын үед л байсан. Дэлхийд зөвхөн холбооны улсууд л парламентын хоёр танхимтай байгаа. Нэг танхим нь ард түмнээс, нөгөө нь холбооны муж улсуудаас сонгогддог. Хоёул адил эрхтэй байдаг юм. УИХ-ын гишүүдийн тооны талаар яривал нөгөө урт түүх дээ гэдэг шиг зүйл болно. Тухайн үед АИХ-д 430 депутат сонгогдох байсан. Гэвч 429 депутат сонгогдсон. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум депутатаа сонгож чадалгүй байгаад ажиллах хугацаа нь дууссан. УИХ-ын гишүүдийн тоог олон талаас нь их ярьж байж 76 дээр тогтсон. Гэтэл өнөөдөр тэр үед хүн ам ийм байсан өнөөдөр тийм болсон. Иймд УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэх юм. Би үнэндээ учрыг нь ухахгүй байгаа.
-УИХ богино настай, алдаа дутагдал ихтэй хууль баталдаг гэсэн шүүмжлэл бий. Та яриандаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бага багаар нэмсээр байгаад өнөөдрийн хэмжээнд хүрсэн гэлээ. Тэгэхээр УИХ-д асуудал байна уу?
-УИХ бол Монгол Улсад хууль тогтоох ганц байгууллага. Ийм учраас төрийн эрх барьж байгаа энэ байгууллага сайн, муугаа хариуцах л болно. Баталсан хуулийг нь үг дуугүй биелүүлдэг байгууллага нь Засгийн газар. Хууль биелүүлж чадаагүй олон түмэн, аж ахуйн нэгжид хохирол учруулсан бол Засгийн газар хариуцан шийдэх учиртай. Дэлхий нийтээр ийм л хүлээн зөвшөөрөгдсөн жишигтэй. Ер нь 30 жил шахуу хугацаанд ярьж буй нэг асуудал бий. Олон улсын гэрээг соёрхон баталбал Монгол Улсын хуультай адилхан болдог. Гэтэл Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ хоёрын заалт зөрчилтэй. Үг үсгийн алдаа ч байдаг. Ганцхан жишээ хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль гэж байгаа. Гэтэл манайх Олон улсын конвенц батлахдаа Тахир дутуу хүмүүсийн эрхийг хамгаалах тухай конвенц гэчихсэн. Ингээд харвал хоёр өөр юм байгаа биз дээ. Үүнээс авхуулаад засах асуудал маш их байна.
-Та Хүний эрхийн үндэсний комиссын даргаар ажиллаж байсан. Хүний эрхийн талаар маш олон асуудал хууль тогтоох байгууллагад оруулж л байсан байх даа. Тэр бүгдийг УИХ хэлэлцэн шийдвэрлэж байсан уу?
-Хүний эрхийн илтгэлийг УИХ-аар хэлэлцдэггүй байсан. Бид хэлэлцдэг болгосон. Би нэг зүйл хэлмээр байна. Намайг Үндсэн хуулийн Цэц, ХЭҮК-т ажиллаж байхад УИХ-ын олон гишүүн хамтран ажиллаж хууль эрх зүйн зарим гажуудлыг зассанд талархаж явдаг. Жишээ нь Цэц Үндсэн хууль зөрчсөн асуудал байвал дүгнэлт гаргаад УИХ-д оруулдаг. УИХ түүнийг хэлэлцэлгүй удаадаг тал байсан. Тэгээд тухайн үед хуульд нь өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл Цэц ямар нэг хуулийн аль нэг заалт “Үндсэн хууль зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргаад УИХ-д хүргүүлэхдээ тухайн заалтыг нь тэр өдрөөс эхлэн түдгэлзүүлдэг болсон. Тэгээд хүссэн хүсээгүй УИХ хэлэлцдэг. УИХ хүлээж авбал алдаагаа засаад явдаг. Хүлээж авахгүй бол Цэц Их суудлын хуралдаанаар түүнийг нь хүчингүй болгодог болсон. Ингээд хуулийн зохицуулалтгүй болсон тул УИХ өнөө заалтыг яаралтай авч үзэхээс өөр арга байхгүй. Бас ХЭҮК-ын илтгэл бол тайлан биш нийгэм дэх хүний эрхийн асуудлаар онош тавьж буй юм. Өөрөөр хэлбэл эмч өвчтөнд онош тавьж байна гэсэн үг. Үүнд ямар эмчилгээ хийхийг УИХ шийдэх ёстой. Өнөөдөр бэлгийн замын халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал ярьж байна. ХЭҮК-ын даргаар ажиллаж байхдаа бичсэн илтгэлүүдэд уг асуудал бүгд бий. УИХ-д энэ асуудал дээр тогтоол гаргаад өгөөч, хилээр оруулж ирж байгаа хүнсийг олон улсын стандартад нийцсэн лабораторид шинжлүүлэхгүй бол хориглоод өгөөч гэж хүртэл хандаж байсан. Харин өнөөдөр Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарч байна. Хүнсний хордлого гэдэг бол дөрөв, таван жил биш хорин жилийн дотор хүн амд илэрдэг гэдгийг дэлхий нийтээр нотолсон. Хүнсний хордлого өнөөдөр манай улсын хүн амдын дунд гарч буй энэ олон өвлөлөөр илэрч байгаа юм.
-Та УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ямар ямар хууль санаачлан батлуулж байв?
-Төрийн байгуулалтын чиглэлийн гол хуулийг боловсруулах, батлуулахад оролцсон доо. Нийтдээ 70 орчим хууль бий. Тухайн үеийн хуульч гишүүд үүргээ сайн биелүүлсэн гэж боддог. Ер нь хуулийн заалт бүр дээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 оны УИХ-ын гишүүд хуульчдын хэлж буй саналыг сонсож авч хэрэгжүүлдэг, ашигладаг байсан. Ямар харилцаа зохицуулах гэж байгааг мэргэжлийн хуульч гишүүд асуугаад тэгвэл ийм л байх ёстой гэдгийг л хэлдэг байлаа.
-УИХ өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар үүрэг гүйцэтгэв. Цаашдаа ямар үүрэг гүйцэтгэнэ гэж та харж байна вэ?
-Өнөөдөр бид ямар төвшинд хүрснээ эргээд нэг харъя. Зүгээр аж амьдарлаа аваад үзье. Бид дэлхий нийтээр өмсөж буй төрөл бүрийн загварлаг хувцас өмсөж байна. Хамгийн сүүлийн үеийн гар утас барьж, зурагт үзэж байна. Дэлхийн хүн амын иддэг хүнсийг хэрэглэх болсон. Ардчилсан улс орнуудын иргэдтэй адил эрх эдэлж байгаа юм. Энэ энгийн амьдралаас харвал бидний хүрсэн төвшин дэлхийн хөгжлөөс дутахгүй байна. Гагцхүү бидэнд нэг том алдаа бий. Тэр нь өөрсдөө үйлдвэрлэхээ больсон явдал юм. Бүхий л зүйлээ хоёр хөрш бусад орнуудаас худалдан авдаг. Сүүлийн жилүүдэд “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр улс орнууд хилээ хаасан. Гэтэл бид ямар байдалд орсныг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэднэ. Саяхан цагдаа, сэтгүүлчдийн хооронд үл ойлголцол үүссэн. Тэгвэл хэчнээн өндөр албан тушаалтай ч гэсэн хариуцлага хүлээж байна. Өнөөдөр эрх мэдэл албан тушаалд хүрээд том дуугардаг, бие тоодог хүмүүст хэлэхэд тэр нөхцөл байдлыг нь өнгөрсөн 30 жилд бүрдүүлж өгсөн юм шүү дээ. Тэр хүн сайндаа тэр өндөрлөгт хүрээгүй. Энэ үгийг хэт мэдэмхийрдэг хүмүүс олширч буй тул харамсан хэлж байгаа юм. Өнөөдөр УИХ ардчиллыг түгээн дэлгэрүүлэх бэхжүүлэх үүргээ гүйцэтгэж ирсэн. Цаашдаа ч тийм л байх болно.
-УИХ-ын гишүүний ёс зүйн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдөр УИХ-ын гишүүний ёс зүйн талаар нэлээд ярьдаг болсон. Миний хувьд УИХ-ын ёс зүйн талаарх хуулийн заалтыг бичилцэж байсан хүн. Тухайн үед “УИХ-ын гишүүн гаргасан санал, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэдэг заалт оруулж байсан. Энэ нь дэлхийн жишигт гарцаагүй байдаг юм. Тэгэхгүй бол айгаад үг хэлж, хуулийн төсөл санаачилж, санал гаргаж чадахгүй байдалд хүрнэ. Гэтэл үүнийг буруу ашигласан тал бий. Хүнийг загнадаг, доромжилдог болж эхэлсэн. Энэ үйлдэл нь иргэнтэй адил хариуцлага хүлээх ёстой асуудал. Гагцхүү хэлэлцэж буй хуульд оруулж буй санал, шийдвэр нь хүчингүй болох, алдаатай байх үед хариуцлага тооцож болохгүй гэсэн үг шүү дээ. Зах зээлийн харилцаа ардчилал гэдэг бол ерөөсөө л сонгуульт байгууллага гэсэн үг. Хүн төрөлхтөн ийм сонгуульт байгууллагад шилжээд 200 гаруй жил болж байна. Хүмүүсийн ухамсар, шинэ хандлагад зохицох асуудалд цаг хугацаа их нөлөөлдөг юм байна. Бид уг тогтолцоонд шилжээд 30 жил боллоо. Би 50, 60 жилийн дараа Монгол Улс шал өөр болно гэдэг итгэлтэй байдаг.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа