Улс төр
Ж.Ганбаяр: Боомтын сэргэлт, шинэчлэл нь Засгийн газрын урдаа барьж буй бодлогын нэг
Эдийн засаг хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлогын газрын дарга Ж.Ганбаяртай ярилцлаа.
-Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны бодлого болсон “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд 14 боомтыг сонгож хөгжүүлэх тухай туссан. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил эхнээсээ иргэдийн эсэргүүцэлтэй тулж байна. Жишээ нь, Өмнөговь аймгийнхан Гашуунсухайт, Шивээхүрэн байхад гуравдагч боомт хэрэггүй гэх байдлаар замын ажлыг гацаагаад байгаа. Тэгэхээр боомт эдийн засгийн хөгжилд яагаад чухал вэ гэдэгт та эхлээд мэдээлэл өгөөч?
-Одоогоор манай улс хилийн 40 гаруй боомттой байна. Үүний 2-3 нь бүрэн ажиллаж, нийт эдийн засгаа нуруун дээрээ үүрч явна. Тодруулбал, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор импортын гол ачаа, бараагаа оруулж, Гашуунсухайт, Шивээхүрнээр уул уурхайн бүтээгдэхүүн, өмнийн говьд байгаа нүүрсээ гаргадаг. Хүчин чадлын хувьд Шивээхүрэн жилдээ 13-14 сая тонн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Ковидын өмнөх 2-3 жилд Шивээхүрэн боомтын гаргасан ачааны хэмжээ 12.6 сая тонн буюу оргил хэмжээндээ хүрсэн. Мөн Гашуунсухайт боомт суурилагдсан хүчин чадлаараа стандарт шаардлагаа хангаад явбал жилдээ 20-22 сая тонн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Бидний мэдэхээр хэдэн жилийн өмнө Шивээхүрэн боомтоос урагшаа 150 километр урт нүүрс тээврийн автомашины дараалал үүсч байсан. Энэ нь боомт хүчин чадалдаа тулчихсан учраас дараалал үүсэж, бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байдалд хүрсэнтэй холбоотой. Тэгэхээр дээрх хэмжээний бүтээгдэхүүн гаргаж, валют олох боломжоо алдаж байсан гэсэн үг. Юуны түрүүнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, валютын орлогоо ахиулж, эдийн засгаа томруулах шаардлага бий. Тиймээс энэ хязгаарлагч хүчин зүйлийг арилгахын тулд боомтын сэргэлт, шинэчлэл нь Засгийн газрын урдаа барьж буй бодлогын нэг болж байна.
-Бодлогын хүрээнд боомтын хүчин чадлыг хэд дахин томруулна гэж төлөвлөж байна вэ?
-Тус зорилгын хүрээнд боомтуудын хүчин чадлыг гурав дахин томруулъя гэдэг зорилго тавьсан. Мэдээж экспортын орлого өссөнөөр ажлын байр бий болно, хүмүүсийн цалин орлого нэмэгдэж, өрхийн амьжиргаа дээшилнэ. Ингэснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг урт хугацаандаа хангах суурь тавигдах юм.
Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хүнд нөхцөлд байна. Энэ нь эдийн засгийн бүтэцтэй холбогдож тайлбарлагдахаар байгаа. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ямар байгаагаас шалтгаалж эдийн засаг, иргэдийн маань орлого хэлбэлздэг. Алт зэсийн үнэ жаахан өсөх юм бол орлого нэмэгдэнэ. Хоёрдугаарт, бүх салбарын хөдөлмөрийн бүтээмж доогуур байна. Хамгийн өндөр бүтээмжтэй нь уул уурхай, санхүүгийн салбар. Үүнээс бусад нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад хангалтгүй. Жишээ нь, Монголд нэг барилгачин өдөрт 100 тоосго өрдөг бол Скандинавын орны ажилчин 1500 тоосго өрнө. Ингээд харвал тус хоёр улсын хооронд бий болгох баялаг, эдийн засагт үүсэх нэмүү өртөг зэрэгт асар том ялгаа үүснэ. Дараагийн нэг асуудал бол хууль засаглал. Монгол Улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй, шүүхийн шударга тогтолцоо бүрдээгүй байна. Жишээ нь, шүүхэд 10 сая төгрөгийн маргаан үүсгэсэн хүн түүнийгээ авах гэж бараг л тэр хэмжээний зардал, 6-7 жилийг зарцуулах нь бий. Энэ үйл явц, эдийн засаг нь бизнесийн зарчмаар явахгүй, сэргэх боломж өгөхгүй, хөрөнгө оруулалтыг нь боймилсон гэх мэт асуудал үүсгээд байгаа юм. Богино хугацаанд хамгийн түрүүнд бид юу хийж чадах вэ гэвэл уул уурхайн салбараа түшиглэж, эдийн засгаа богино хугацаанд томруулъя, дараа нь “солонгоруулъя” гэсэн чиглэл рүү явна. Ойрын 5-10 жилийн дотор уул уурхайн баялгаа гаргахын тулд боомтуудаа өргөжүүлэн, гадаад зах зээл дээрх харилцаа холбоогоо сайжруулж, үнэ цэнийг нь өсгөх шаардлагатай. Эдгээр ажлыг нэн тэргүүнд хийснээр уул уурхайгаас орж ирсэн орлогоороо бусад салбараа өргөжүүлж, хүндээ хөрөнгө оруулах, нийгмээ сайн сайхан болгох зэрэг ажил руу анхаарлаа хандуулах юм. Эдийн засгаа томруулахын тулд манайх шиг жижиг улс өөрсдөө бүхнийг бүтээх потенциал бага, хүний нөөц болоод бусад нөөцөөр хязгаарлагдмал тул гадагшаа зах зээл руу гарах нь хамгийн эхний сонголт. Бидэнд байгаа эхний ээлжийн боломж нь уул уурхай нөөц, баялаг. Түүнийг ашиглаж богино хугацаанд эдийн засгийн үр ашигтай ажиллах нь чухал болоод байна. Тиймээс л боомт чухал.
-Боомтын эдийн засгийн ач холбогдлыг зөвхөн нүүрснийх эсвэл уул уурхайд зориулсан мэтээр ойлгох тал бий. Цагаандэл уул боомтыг байнгын ажиллагаатай болгох асуудлыг хэр судалгаатай хийсэн юм бэ?
-Одоогоор яригдаж буй боомтуудыг мэдээж тухайн газар ормын уул уурхайн баялгийг экспортлох, цаад талын зах зээлтэй хялбар холбогдох боломж бүхнийг судалж гаргасан. Бидний экспортоо өсгөх эхний зорилгыг хангахад боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилт. Түүний дотор хамгийн сайн стратегийн байрлалтай, дэмжиж болох цэг нь Цагаандэл Уулын боомт байна гэдэг агуулгаар нь манай талаас дэмжээд хоёр улсын хооронд тус боомтыг хөгжүүлье гэдэг бодлого гарсан юм.
Боомт өөрөө цогцоороо хөгжөөд явах ёстой. Зөвхөн боомтын байгууламжийг бариад түүгээр бүтээгдэхүүн гаргаж чадахгүй. Тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн амьдрах орчин тав тухыг хангасан дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, уул уурхайн баялгаа боомт руугаа зөөдөг дэд бүтцийг байгуулах ёстой. Гуравдугаарт, зөөлөн дэд бүтцүүд буюу боомтын үйл ажиллагааг хялбар явуулдаг зохион байгуулалтын ажлууд давхар хийгдэх юм. Энэ бүх ажил цогцоороо явах ёстой. Бид цар тахлаас өмнө боомтын асуудлыг төдийлөн анхаардаггүй байж. Харин ковидын улмаас хүн болгон амьдрал дээр, арьсан дээрээ мэдэрлээ шүү дээ. Хил хаагдсанаас болоод будаа, сахар нь тасраад ирэхээр боомт ямар чухал вэ гэдэг талаар мэддэг болох шиг байна. Боомтыг хөгжүүлэх нь том агуулгаараа хийгдэх ёстой. Тиймээс Засгийн газрын боловсруулсан бодлого төлөвлөлт боомтын иж бүрэн бүтээн байгуулалтын хөгжүүлэлт, боомт хүртэлх автозам, төмөр зам дэд бүтэц, зохион байгуулалтын ажлыг цогцоор нь хийе гэдэг байдлаар ажиллаж яваа.
-Гэвч Цагаандэл уул боомт ашиглалтад орвол түүнийг дагаад хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын лиценз амилж, малчдын амьдралд төдийгүй байгаль экологид сөргөөр нөлөөлнө гэж буй. Үүнээс болж одоо хүртэл тус боомтын замын ажил гацлаа. Боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд дотор үнэхээр уул уурхайн лиценз олгох, ашиглах талаар туссан уу?
-Нэгдүгээрт, боомт нээх асуудал нь хоёр улсаас хамаарна. Зөвхөн манай тал юм уу би хүсээд болох асуудал биш. Хоёрдугаарт, Цагаандэл Уулын боомт тухайн нутгийн иргэдийн амьдрал амьжиргаатай шууд холбогдох учраас энэ талыг нь харгалзаж үзэх ёстой. Боомтыг байгуулснаар байгаль орчиндоо үзүүлэх нөлөө нь хэр вэ, иргэдийнхээ амьдралд тустай юу гээд хамгийн гол нь улс орны стратегийн зорилт, эдийн засагт экспорт, импортоо нэмэгдүүлэх зорилготой маань яаж уялдав, энэ хоорондох тэнцвэр нь хэрхэн хангагдаж байна гэдгээс л шийдлүүд гарна. Эдгээр судалгаа эхний түвшинд сайн хийгдсэний үндсэн дээр хоёр улс энэ цэг дээрх байгаль орчны тогтоцыг харгалзан үзэж, дүгнэлтээ гаргаад яриа хэлэлцээрээ хийх дараалалтай юм. Гацаж байгаа ил шалтгаан нь тухайн орчмын иргэдийн эсэргүүцэл, өөр бусад цаагуураа ямар шалтгаан байгааг мэдэхгүй байна.
-Уул уурхайн лицензийн талаар?
-Зам дагасан асуудлын тухайд хайгуулын орд нь тогтоогдож, нөөцийг нь ашиглах боломжтой гээд лиценз нь гараад ирэх юм бол тухайн үед судалгаанууд нь хийгдэнэ. Үнэхээр зөв тогтоож чадвал ашиглах шийдвэр нь гарах байх. Гэхдээ ашиглалтын лиценз олгоно гэсэн юм зорилт дотор байхгүй, одоогоор хэлэхэд эрт байна. Ер нь эдийн засгийн үр ашгаа бодвол нэг дэд бүтэц тавиад түүнийгээ ашиглаад, боломжтой нөөц баялгаа борлуулбал нэгжийн зардал нь бага. Үүний хүрээнд одоо тавьж буй төмөр зам, автозамын төслүүдийг аль болохоор олон жил ашиглах нь тодорхой болсон ордуудыг дамнуулж, тэр бүтээгдэхүүнийг зах зээлд богино хугацаанд хүргэх байдлаар хийж байгаа юм. Харин орд болгоноос зам татах юм бол төсөл үр ашиггүй байдалд хүргэнэ.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа