Улс төр
АИХ-ын депутатууд Үндсэн хууль руу “өнгөлзвөл” өлсгөлөн зарлахаа мэдэгдэв
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулахад Б.Чимэд голлон оролцсон байдаг. Тэрбээр “Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь олон улсын жишигт нийцсэн, баримт бичиг” хэмээн онцолсон байдаг.
Үүнээс хойш 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь “дордуулсан долоо” гэсэн нэр зүүж түүхэнд үлдсэн билээ. Үүнийг олон жил ярьсаны эцэст 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхдээ Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэхийн зэрэгцээ өнөө дордуулсан долоог засаж сайжруулсан юм. Энэ нэмэлт өөрчлөлтийг оруулахын тулд маш олон даваа, бартаа саад давсан гэж хэлж болно. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын багийг 2008-2019 онд долоон удаа байгуулжээ. Мөн 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй түүхтэй.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн морин цагт буюу 11:40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн.
Үндсэн хуулийн эхийг баригч Д.Лүндээжанцан “Ирэх дөрвөн жилд засаглалын реформ, эрхзүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуулийг дагалдан гарах 40 гаруй хууль ард түмний хүсч буй шударга ёс, төрийн байгууллын хариуцлага, төсвийн байгууллагын ил тод байх зарчмуудыг амьдрах эрхзүйг бий болгоно. Иймд шинэ дэвшилтэт үзэл санаа, үйл хэрэг аль болох зөв хэрэгжиж, ач тусаа улс орны хөгжилд аль болох хурдан өгөхийн төлөө дараагийн төр засаг хичээн ажиллах үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Монгол Улс, Монголын ард түмэнд ач тусаа өгнө. Үндсэн хуулиас хамааралгүй иргэн, ААН гэж байхгүй. Үндсэн хууль бол Монголын ирээдүйн чиг зүгийг зааж байгаа луужин. Зөв зүгт энэхүү луужингаа дагаж, Үндсэн хуулиа дээдэлж, мөрдөж сахицгаая” хэмээж байлаа.
Гэтэл асар их саад бэрхшээл, чамгүй цаг хугацаа туулан байж нэмэлт өөрчлөлт оруулчхаад одоо дахиад гар хүрэх тухай ярих боллоо. Үндсэн хуульд нэг гар хүрсэн бол дор хаяж найман жил хөндөх ёсгүй хэмээн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан. Нөгөө талаар өнөөгийн УИХ хамгийн сүүлийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан гарах 40 хуулиа баталж, шинэчилж амжаагүй л байгаа. Иймд 1992 онд Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд, зарим хуульч Үндсэн хуульд дахин гар хүрэхийг эсэргүүцэж байгаа юм.
Гэвч эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ зун, намартаа багтааж эрх баригчид хийх аянд мордлоо. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд зургадугаар сарын 18-26-ны хооронд тойрогтоо ажиллахаар хүлгийн жолоо залжээ. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад буй. Гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой асуудлаарх ойлголтыг тойргийн иргэддээ өгөхөөс гадна, санал асуулга явагдах юм. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах, өргөн барих зэрэг асуудлуудыг 2022 оны зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлээд УИХ-аар ярих ажээ.
Эрх баригч нам болон бусад улс төрийн хүчнүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд санал нэгдэж, тунхаг бичигт гарын зурсан. Харин 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүд Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байгаа аж. Тэд өнгөрсөн пүрэв гаригт уулзалдаж, санал дүгнэлтээ нэгтгэсэн байна. Эрх баригчид гурван жил ч болоогүй дахин Үндсэн хуулийг өөрчлөх нь буруу бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болно гэж үзжээ. Депутатууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, цаашлаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал өндрөө авбал улс төрийн суулт, өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхээ мэдэгдээд байна.
Депутатуудын уулзалтаас гарсан мэдэгдлийг хүргэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын 43 депутат, Улсын бага хурлын гишүүд өнгөрсөн пүрэв гаригт хуралдаж, сүүлийн үед нийгэмд эрчимтэй яригдаж эхлээд байгаа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх” саналын талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг санал нэгтэй гаргажээ. Үүнд,
- Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, иргэн төр хоорондын зөвшилцлийн гэрээ болсон, иргэний эрх, эрх чөлөөг тунхагласан, хувийн өмч хөрөнгөтэй байхыг баталгуужуулсан Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг сонгуулиас сонгуулийн хооронд, гурван жилийн дотор дахин нэмэлт өөрчлөлт оруулах нь хууль дээдлэх ёсыг умартсан, хууль эрх зүйт ёсыг нийгэмд төлөвшүүлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болно хэмээн үзэж “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөхгүй” байгаагаа нийтэд мэдэгдэж, албан ёсны мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж үзлээ.
- Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль бус үйл явцыг зогсоохыг мэдэгдсэн “Шаардлага” бичгийг Үндсэн хуулийн Цэц, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын дедутатууд, УБХ-ын гишүүд хэдийгээр өндөр настай болсон боловч Ардчилсан Үндсэн хууль, таягаа гартаа барьж ард нийтийн хамт ҮХНӨ-ийг эсэргүүцэн улс төрийн суулт хийх, цаашлаад өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна гэжээ.
Ийнхүү Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж, АИХ-ын депутатууд байр сууриа илэрхийлж байхад Үндсэн хуулийн манаач гэдэг Үндсэн хуулийн Цэц таг чиг суусаар. Ямартайч наадмын өмнө гэхэд Үндсэн хууль тойрсон асуудал шийдэгдэх байх гэсэн хүлээлт л үлдлээ.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа