Улс төр
С.Наранцогт: Чөлөөт бүс хууль эрх зүйн орчинтой болоод 20 жил болсон ч зорилт хангалттай биелээгүй
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогодоо чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавьсан. Үүнтэй холбоотой асуудлаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөт бүсийн одоогийн нөхцөл байдал, олон улсын сайн туршлага, өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлын талаар хэлэлцэж, цаашдын төлөвлөгөөг танилцуулсан. Чөлөөт бүс хууль эрх зүйн орчинтой болоод 20 жил болж байна. Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур гэсэн гурван чөлөөт бүс бий. Гэвч өнгөрсөн 20 жилийн зорилт хангалттай биелээгүй. Төрийн зүгээс бүх төлөвлөлт хөрөнгө оруулалтыг хийх зорилт тавьсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас болж тогтвортой байж чадаагүй. Чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд газар олголт хийсэн. Энэ газар олголтыг зориулалтынх нь дагуу ажиллаж байгаа эсэх талаар танилцуулбал; Замын-Үүдэд 900 га талбайт чөлөөт бүс байгаа. Үүнээс 113.9 га талбайг 81 аж ахуйн нэгжид олгогдсон. Үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа таван аж ахуйн нэгж байна. Дөрөв нь бүтээн байгуулалтаа эхэлж байгаа бол үлдсэн нь үйл ажиллагаа явуулахгүй байна.
Алтанбулагт 500 га газар бий. Үүний 120 га талбайг 131 аж ахуйн нэгжид олгосон. Үүнээс 29 нь ажлаа явуулж байна. Цагааннуурын чөлөөт бүсэд 708 га газрын дөрвөн аж ахуйн нэгжид 101 га талбайг олгосон. Одоогоор ажлаа явуулж эхлээгүй байна.
Газар авсан нэгжүүд ажлаа хийхгүй байгаа учраас олон улсын туршлагад үндэслэж, хөрөнгө оруулах хувийн хэвшилд нийцсэн тусгай зориулалтын компани байгуулж, чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг гаргана. Үүнийгээ Засгийн газраар яаралтай батлуулж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчийнхоо сонирхолд нийцүүлэх юм. Энэ чөлөөт бүсүүд хилийн боомтод оршдог учраас хөрш улсын хилийн төлөвлөлттэй нягт уялдуулах шаардлага тулгарч буй. Мөн Засгийн газраас чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болчихсон, ажлаа эхлүүлчихсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сарын дотор идэвхжүүлж, бүтээн байгуулалтуудаа эхлүүлэх үүрэг авлаа. Газар авчхаад ажлаа хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн газрыг цуцлах эсвэл бүтээн байгуулалтын урьдчилсан нөхцөлөө хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах чиглэлд хууль, журмаар өөрчлөн тусгана.
Дээрхээс харахад, хувь нэг компанид газар олгох нь буруу гэж харж байна. Бүсчилж худалдаа аж үйлдвэр, тээвэр хөгжил зэргээр төрөлжүүлсний дараа хамтарсан байдлаар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үйл ажиллагаагаа эхлүүлээд хөрөнгө зарчихсан компаниудаа дэмжинэ. Харин газар авчхаад огт ажил эхлүүлээгүй, тухайн үед ямар ажил явуулах нь ч тодорхойгүй байж байгаад газар авчихсан компаниуд дийлэнх нь болжээ. Эдгээрийг нарийвчлан авч үзээд арга хэмжээ авах болно” гэв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа