Улс төр
Монгол-Вьетнамын бизнесийн зөвлөл байгуулна
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Вьетнамын бизнес форум”-ыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа. Форумд БНСВУ-ын талаас 38 компанийн 60 гаруй төлөөлөл, Монголын талаас 250 орчим бизнес эрхлэгч оролцов.
Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Монгол-Вьетнамын худалдааны эргэлт 80 сая орчим ам.доллар байна. Хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хооронд нь холбох Монгол-Вьетнамын бизнесийн зөвлөлийг байгуулахад талууд санал нэгдлээ.
Цаашид МҮХАҮТ-ын зүгээс БНСВУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, худалдааны тэнцлийг хангах, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нягт хамтран ажиллах болно” гэв.
Мөн Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх Д.Эрдэнэ-Очир “Монгол Улс, БНСВУ 1954 онд дипломат харилцаа тогтоож, 1957 онд анхны худалдааны хэлэлцээрийг байгуулсан. 2019 онд болсон Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаанаар хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан.
Өнгөрсөн оны байдлаар худалдааны эргэлт 80 сая ам.доллар байгаа нь цаашид энэ зорилт удахгүй хангагдах боломжтойг харуулж байна. ЗГХК-ын 18 дугаар хуралдааныг энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар талууд бэлтгэл ажлаа хангаж байна” гэлээ.
Хоёр орны бизнес эрхлэгчид мэдээлэл солилцох, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлэлцээр хийх B2B уулзалтыг форумын төгсгөлд зохион байгуулсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, гоо сайхан, тавилга, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, уул уурхайн бүтээгдэхүүн, тээвэр логистик зэрэг салбарын экспортлогч импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нийт 310 гаруй бизнес эрхлэгч оролцов.
Улс төр
Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа.
Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.
Цаашид улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.
Энэ хүрээнд тулгамдсан асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэж, дэлхийн жижигт нийцсэн чадварлаг, мэргэшсэн дотоодын цэргийг хөгжүүлэх, төрийн цэргийн байгууллага, алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж байх чиглэлээр улам хичээн ажиллахыг удирдлагуудад нь үүрэг болголоо.
Алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эдүгээ Дотоодын цэрэг нийслэл, 13 аймагт салбар, нэгжтэй бөгөөд улсын онц чухал объект зэргийн аюулгүй байдлыг хариуцаж байна.
Улс төр
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 61.1 ирцтэйгээр 09 цаг 06 минутад эхэлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав.
Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, Т.Доржханд, Ч.Ундрам нар ажиллажээ.
Ажлын болон ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 7 удаа хуралдан, төслүүдийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаарт багтаан хөндөгдсөн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр нь хэлэлцээд дараах агуулга бүхий саналуудыг бэлтгэснийг Т.Энхтүвшин гишүүн танилцуулав.
Олон улсын санхүүгийн зах зээлд своп гэрээг талууд байгуулахдаа зөвхөн санхүүгийн хэрэгслийг ашиглахаас гадна бусад төрлийн мөнгөн урсгалд орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашигладаг. Дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгож бусад төрлийн хөрөнгөд суурилах боломжийг бий болгох зорилгоор суурь хөрөнгийн своп гэрээний нэр томьёоны тодорхойлолтод нэмж тусгасан байна. Мөн олон улсад хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг банкны хадгаламжийн сертификат нь үнэт цаас хэлбэрээр арилжаалагддагаас гадна энгийн хадгаламжийн шинжийг агуулдаг. Энэ утгаараа хадгаламжийн сертификатын даатгалд хамруулж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахтай холбоотойгоор төслийн холбогдох зүйлийг өөрчлөн найруулжээ. Үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг этгээдийн тугай зөвшөөрлийн харилцаа холбоотой зохицуулалт, тусгай болон нэмэлт шаардлагуудыг Зөвшөөрлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйлээр зохицуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлд тавих нэмэлт шаардлага гэсэн зохицуулалт бүхий хэсгийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зорилттой нийцэхгүй гэж үзээд төслөөс хасах нь зүйтэй ажлын хэсэг үзжээ.
Клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах, сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүдийн хуримтлалаас бүрдүүлэх төслийн 42.2 дахь хэсгийг өөрчилсөн байна. Мөн төслийн зүйл хоорондын нийцлийг хангах, хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлж, нэр томьёог жигдэлжээ.
Төсөлтэй холбогдуулан d.parliament.mn хуудсаар ирүүлсэн 7 санал нэг бүрийг авч хэлэлцэж шаардлагатай 5 саналын агуулгыг хуулийн төслөөр хөндөгдсөн хэсэг, заалтад тусгасан болохыг Т.Энхтүвшин гишүүн танилцуулав.
Төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39-10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцээд, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодттой уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодтыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Жан Тодт болон түүний гэргий, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Мишель Ёо нартай уулзаж, Монгол Улсад айлчлахыг урьсан билээ.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аян”-ыг Монгол Улсад өрнүүлж, замын хөдөлгөөний боловсрол олгох, замын аюулгүй байдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж буйд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар автозамын хөдөлгөөний аюулгүй байдлын эрхзүйн тогтолцоог шинэчлэхээр ажиллаж байгааг онцлоод энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах, олон улсын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлэв.
Тусгай элч Жан Тодт авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх НҮБ-ын аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирснээ танилцуулж, дэлхийн алдартнуудыг оролцуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлан таниулах самбарыг 80 гаруй улсын 1000 орчим хотод байршуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Тус аян нь 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой ажээ.
Мөн Тусгай элч Жан Тодтын гэргий, Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо Монгол Улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөснийг дурдаад Швейцарын Давос хотноо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ тохиролцсоны дагуу “Welcome to Mongolia”, “GoMongolia” урианы хүрээнд Монгол Улсыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа онцолжээ.
-
Нийгэм6 цаг өмнө
“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын гадна автомашины зогсоол төлбөртэй боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Зам, талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр орон даяар 16 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодттой уулзав
-
Нийгэм4 цаг өмнө
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
-
Улс төр7 цаг өмнө
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
-
Улс төр3 цаг өмнө
Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно