Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Монгол Улсын Засгийн газрын зорилт бүрэн биелж Мянганы зам төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дууслаа. Загастайн давааны автозамын байнгын үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон түүхэн өдөр болж байна.
7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дуулаа. Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог, бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал амжилтад хүрч болдгийн бодит жишээ юм” гэж хэлээд төслийг хэрэгжүүлэхэд хичээн зүтгэсэн үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд, олон улсын болон үндэсний хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.
Энэ замын нээлт эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын их бүтээн байгуулалтын эхний зунтай давхцаж байгаад бэлгэшээж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан, эхэлсэн боловч дуусгаж чадаагүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дуусгах санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэх бодлогын дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн цөөн төслүүдийн нэг энэ гэдгийг онцоллоо.
Энэ зун Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтаас гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 416 километр төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 километр чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Мөн Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэлээ.
Ингэснээр Монгол Улс нийслэл Улаанбаатар хотоо 21 аймгаа авто замаар амжилттай холбож, нийт боомтуудаа авто замаар, стратегийн ач холбогдолтой боомтуудаа төмөр замаар холбож, ачаа тээвэр, тээвэр логистик, экспорт импортын хүчин чадлыг 3-4 дахин нэмэгдүүлэх Боомтын сэргэлтийн түүхэн ач холбогдолтой төсөл орон даяар хэрэгжинэ.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозам нь далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт байрлах Загастайн даваагаар 40 гаруй километр дайран өнгөрдөг, хамгийн хүнд саад бэрхшээл ихтэй уулын зам.
Загастайн давааг давахын тулд 2-3 цаг зарцуулдаг байсан бол одоо 30-40 минутын дотор аймгийн төв орох боломж бүрдлээ. Зам дагаж хөгжил ирдэг гэж монголчууд бид ярьдаг. Завхан аймгийн бүс нутаг, эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа аялал жуулчлалын салбарт энэ зам хөгжлийн түүчээ болж чадна гэдэгт итгэлтэй байгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозамыг БНХАУ-ын Засгийн газар Экзим банкны санхүүжилтээр барьж хүлээлгэн өгч байна. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК, хяналтын зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК- ажиллажээ.
Тус замын зорчих хэсэг нь долоон метрийн өргөн таван см асфальтбетон хучилттай, 20 см зузаан буталсан чулуун суурьтай, 40 см зузаан суурийн доод үетэй, нийт хучилтын хийцийн зузаан 65 см. Давааны оройн цэвдэг, намагтай газруудад нийт гурван км уртад нэг метр зузаантай чулуун шүүрүүлэх үе, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөнтэй хайрган хөвөөтэйгээс гадна ус зайлуулах хиймэл байгууламж 132 байршилд хийжээ. Замын ажлын хүрээнд Загастай болон Хатавчийн гол дээр тус бүр 19.10 у/м төмөр бетон гүүр барьсан. Загастайн давааны уулын хэсэгт тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, 20 км уртад хамгаалалтын төмөр туузан хашлага хийж, 1000 гаруй ширхэг замын тэмдэг байршуулжээ.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр7 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр7 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа