Бусад
АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран болон яамны сайд, дэд сайд асан гавьяат тээвэрчид АТҮТ-ийн Ахмадын хороонд бүртгэлтэй 150 гаруй ахмадууд оролцлоо.
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нийт автотээврийн салбарт хийгдсэн ажлууд, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаа танилцуулж, автотээврийн салбарыг бусад тээврийн салбаруудтай хэрхэн уялдуулах талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам бол Монгол улсын техник технологийн шийдэл гаргадаг чухал яам учраас салбарын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, лаборатори байгуулж, мэргэжлийн боловсон хүчнүүдтэй мэргэжлийн түвшинд ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн тэрээр ахмадууддаа хандан “Аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд уламжлалт, шинэчлэл хослуулснаар тухайн ажил үр дүнд хүрдэг тул ахмадууд та бүхний үнэтэй санал, зөвлөгөө бидэнд нэн чухал” хэмээн онцлоод тэгш дүүрэн байхын ерөөлийг дэвшүүллээ.
Мөн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд автотээврийн салбарт хийж гүйцэтгэсэн ололт, амжилтыг онцлоод Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, авто замчдын холбоо, АТҮТ-ийн Ахмадын хороо хамтран “Ахмадын амралт сувилал байгуулах төсөл” хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зураг төслийг танилцууллаа. Ингэснээр нийгмээс үзүүлж байгаа халамж, эрүүл мэндийн үйлчилгээ тусламжийг хүртэж, ахмадууд эрүүл аж төрөхөөс гадна цаашид хөдөлмөр эрхлэх зэрэг олон боломж бүрдэж байгааг хэллээ.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран хэлэхдээ АТҮТ-өөс Ахмадын холбоотойгоо хамтран жил бүр уламжлал болгон ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг бөгөөд ахмад настанд тавих халамж, үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлд бодлогын яамнаас хэрэгжүүлэхээр тусгасан дээрх ажилд идэвхи, хичээл зүтгэл гаргах болно гэдгээ илэрхийллээ.
Ийнхүү салбарынхаа нийт ахмадуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан бөгөөд нэр бүхий зарим ахмадуудаа Автотээврийн тэргүүний цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон зэрэг төрийн дээд одон медалиар шагнаж, урамшууллаа.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг23 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм21 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм24 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм21 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа