Улс төр
ЧИНГИС ХОТ-ДАДАЛ ЧИГЛЭЛИЙН 70 КМ АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон Засгийн газрын зарим гишүүд Хэнтий аймагт ажиллаж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн Чингис хот-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалтын эхний 70 км буюу Чингис-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто замыг өчигдөр /2022.07.03/ албан ёсоор нээлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн салбарын чиглэлээр томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох төслүүдийг хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн хатуу хучилттай авто зам барих зорилт тусгагдсан. Энэхүү ажлын хүрээнд хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөн, суурин газруудыг хилийн боомттой үе шаттайгаар холбохоор төлөвлөн, зарим төслүүдийг эхлүүлээд байна. Тэдгээрийн нэг нь өнөөдөр бидний нээж байгаа Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам. Энэхүү зам нь Өндөрхаан-Батноров-Норовлин-Дорнодын Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай замын эхлэл хэсэг бөгөөд зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд ульхан хилийн боомттой холбогдож эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Шуурхай ажиллаж, чанарын гүйцэтгэл өндөр хатуу хучилттай авто зам хүлээлгэн өгч байгаа “Наранбулаг-хан” ХХК-ийн удирдлагууд, нийт замчид, хамт олонд талархаж буйгаа илэрхийлье” гэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар холбохоор ажиллаж байна. Чингис хот-Дадал чиглэлийн 20 км хатуу хучилттай авто замыг “Наранбулаг-хан” ХХК гүйцэтгэж, 2019 онд хүлээлгэн өгсөн. Энэхүү замын үргэлжлэл 50 км хатуу хучилттай авто замыг ч тус компани барьж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад оруулж, Бэрх хот хатуу хучилттай авто замаар аймгийн төв, Улаанбаатар хоттой холбогдлоо. Хэнтий аймаг нь Их эзэн Чингис хааны өлгий нутаг тул гадаад, дотоодын аялал, жуулчлалын бүс болж хөгжих бүрэн боломжтой. Үүнд дэд бүтцийн хөгжил хамгийн чухал. Зүүн аймгууд руу чиглэсэн дэд бүтцийн хөгжил нь энэхүү зам болж байна. Хоёрдугаарт, Ульхан хилийн боомт хүртэл авто зам тавигдсаны дараа манай улсын иргэд Чита муж руу хатуу хучилттай авто замаар явах бүрэн боломжтой болно. Цаашдаа Хавиргын боомтын 124 км авто замын ажлыг энэ жил эхлүүлнэ. Цаашид бүс нутгийн хэмжээнд аялал, жуулчлалын өрсөлдөх чадвар дээшилж гадаад, дотоодын жуулчид саадгүй, ая тухтай зорчих, нутгийн иргэд, аж ахуйн нэгж орлогоо нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэхийн хамт орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахад томоохон дэмжлэг болно. Мөн авто замаар даац хэтрүүлэн зорчихгүй байлгаж, тогтмол хяналт тавихыг орон нутгийн удирдлагуудад онцгойлон анхааруулсан. Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгод үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж тавьсан зорилтоо нэр төртэй биелүүлж буй авто замчид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байна” хэмээн хэллээ.
Тус авто замыг цаашдаа Бэрх хот-Батноров, Батноров-Норовлин, Норовлин-Баян-Уул, Баян-Уул-Ульхан боомттой холбогдоно. Мөн Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалангийн 218 километр замыг барьснаар Хэнтий аймгаар ОХУ-ыг БНХАУ-тай автозамаар холбох зүүн босоо тэнхлэгийн хоёр дахь эдийн засгийн коридор байгуулагдах юм.
ЧИНГИС ХОТ-ДАДАЛ ЧИГЛЭЛИЙН 70 КМ АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА |
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр5 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр5 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа