Улс төр
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар УУХҮЯ, УИХ-ын гишүүдийн байр суурь
Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар УУХҮЯ, УИХ-ын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
Г.Ёндон: Бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан
/Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд/
“Петрочайна Дачин Тамсаг” компани 1998-2021 онд улсын төсөвт хоёр их наяд 35 тэрбум төгрөгийг оруулсан. Энэ хугацаанд нийтдээ 9.5 сая тонн газрын тос, түүхий нефтийг БНХАУ руу экспортолсон. Хэдийгээр манай улс өөрийн гэсэн газрын тос олборлодог боловч өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь гадаад зах зээлээс худалдаж авдаг. Өнгөрсөн оны байдлаар 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авч, 1.1 тэрбум ам.долларыг зарцуулсан байна. 2025 онд баталгаат нөөц нэмэгдэж, ашиглалтын баталгаат нөөц 47 сая тонн болно гэсэн төлөвлөгөөтөй байгаа. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил тутам 7-10 хувийн хооронд хэлбэлзэн нэмэгдэж байдаг бөгөөд 2025 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2.5 сая тонн болно гэсэн тооцоо бий гэлээ. Үүнийхээ 55 хувийг бид газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хангаж эхэлнэ гэж тооцсон. Гэхдээ тодорхой асуудлууд байгаа.
Засгийн газрын хуралдаанаар газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан. Тосон уул талбайн хувьд Монгол Улс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, газрын тосны нөөц ашиглалтын төлбөр авдаггүй. Энэ гэрээгээр нийт олборлосон тосны 40 хувийг БНХАУ-ын компани хайгуул, олборлолт хийхэд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөх зориулалтаар авдаг байна. Үлдсэн 60 хувь тосны 40 хувийг Монгол Улс авч, үлдэх 60 хувийг гэрээлэгч тал авдаг байна. Үүнийг нарийвчлан ойлговол, 100 хувь тосны хорин дөрвөн хувийг Монгол Улс, 76 хувийг гэрээлэгч тал авдаг” гэлээ.
Н.Наранбаатар: Сум, аймагтай хамтарч ажилладаггүй, тэдний тавьсан шаардлагыг үл тоодог
/УИХ-ын гишүүн/
“Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцсан. Манай улсад, монголын ард түмэнд ашиггүй, харин бүр хохиролтой гэдэг ийм л дүгнэлтийг өгөхөөр байгаа. Энэ гэрээ байгуулагдаад нэлээн хэдэн жил болчихсон. Монгол Улсын олон хуулийг санаатай, санамсаргүй байдлаар зөрчсөн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгжүүд тэгш эрхтэй, татвараа, нийгмийн даатгалаа төлөөд явах ёстой. Гэтэл гэрээгээр чөлөөлчихсөн. Манай хууль хяналтынхан, татвар, нийгмийн даатгалын байгууллага ажиллаад хууль тогтоомжийн дагуу төлбөр тавихаар Татварын ерөнхий газар, Маргаан таслах зөвлөл, шүүх зэрэг байгууллагуудаар явж байгаад замхраад алга болдог, хүчингүй болдог. Гэрээлэгч компанийн гаргаж байгаа тосноос экспортын татвар авдаггүй. Энэ компанийн оруулж ирж байгаа техник хэрэгсэл, ажилчдын хувцас, хоол унд, бүх зүйлүүдийг татвараас чөлөөлчихсөн. Ажилчид нь гадаадынх, орон нутгаас ажилчид авдаггүй. Сум, аймагтай ерөөсөө хамтарч ажилладаггүй, тэдний тавьсан шаардлагыг үл тоодог. Мөн гүйлгээ зардал, санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гэрээн дээрээ гадаадад данс нээж болно гэж заасан гэдэг. Тэгээд баримт, санхүүгийн үйл ажиллагаа, бүх зүйл нь хятад хэл дээр, тэрнийгээ авчирч өгдөггүй, шалгуулдаггүй, дутуу хагас өгдөг гээд маш ойлгомж муутай. Тэгсэн мөртөө дөрвөн тэрбумын хөрөнгө оруулаад 1.5 тэрбумын ашиг олсон гэж байна. Үүнийг нь тооцоод тодорхойлох боломж нөхцөл бүрдэхгүй. Өөрсдийнх нь амаар явж байх жишээтэй. Нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчныг бохирдуулдаг ус ашиглах зөвшөөрөл байхгүйгээр усыг дураараа ашиглаж байдаг, бохирдуулж байдаг, ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гээд хэлэх зүйл олон байна. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, уландаа гишгэсэн ийм л гэрээ байна” хэмээв.
Б.Баттөмөр: Хоцрогдсон технологиор ус ашиглаж байгаа нь тодорхой байна
/УИХ-ын гишүүн/
“Тамсагийн сав газарт олборлолт хийж байгаа “Петрочайна дачин тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Тодорхой мэдээллүүдийг авлаа. Энд хоцрогдсон технологиор ус ашиглаж байгаа нь тодорхой байна. Ус бол нефтээс үнэтэй. Ийм цаг үед их хэмжээний ус хоцрогдсон технологиор ашиглавал Мэнэнгийн тал яваандаа Мэнэнгийн там болж магадгүй. Энэ гэрээ өнөөдөр Монгол Улсад ашиггүй байна. Энэ гэрээг хөрөнгө оруулагч талтай хамтарч Монгол Улсад ашигтай болгох шаардлагатай байна. Ашигт малтмалынхаа хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах шаардлага зайлшгүй үүссэн байна. Өнөөдөр байгаль орчин, татвартай холбоотой маш олон асуудал байна. Маш олон төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг атлаа үр ашиггүй ажиллана гэдэг байж болшгүй зүйл. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр байгаа энэ цаг үед үр ашиггүй ажиллана гэсэн ойлголт байхгүй. Татварын алба акт тавихаар түүнийг нь хүчингүй болгодог. Монголын эдийн засаг голланд өвчинд нэрвэгдсэн, газрын тосны салбарын үйл ажиллагаа үүнд нэрмээс болж байна. Баялагтай орнууд ядуурдаг парадокс маягийн үзэгдэл гэж харж байна. Энэ асуудалд монголын төр анхаарал хандуулах ёстой. Тиймээс энэ асуудлаар Засгийн газарт Байнгын хорооны тогтоолоор тодорхой чиглэл өгнө” гэв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа