Улс төр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийлээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Сайд нар Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэж, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Мөн өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр талын тохирсон асуудлуудын хэрэгжилтийн талаар ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд, томоохон арга хэмжээ, төслүүдийн талаар санал солилцов. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг сайд нар тэмдэглэв.
Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Б.Батцэцэг сайд онцолж, энэ хүрээнд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолой төслийн хэрэгжилт хуваарийн дагуу хэвийн явж байгааг тэмдэглэж, зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр зам барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй ажлыг танилцуулав. Мөн “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, эрчим хүч, хөдөө аж ахуй салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг урагшлуулах, сүүлийн үед хоёр улсын худалдааны салбарт гараад буй бэрхшээлүүдийг даван туулах арга замыг тодорхойлох талаар хоёр улсын сайд нар дэлгэрэнгүй ярилцлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Оросын бүс нутгийн харилцаа сүүлийн үед эрчимжиж байгааг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааны шинэ боломжууд бий болж буй нь хоёр талын худалдааг дэмжих нөхцлийг бүрдүүлж байгааг дурдав.
Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд соёл, урлагийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, иргэд хоорондын шууд харилцааг хөхиүлэн дэмжих, олон улсын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцож, тус тусын байр сууриа илэрхийллээ.
Эх сурвалж: ГХЯ
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм3 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна