Улс төр
ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.24/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална”, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16.4-т “Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно” гэж заасан.
Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол гарснаар эрх зүй, хуулийн хэрэглээний практикт гарч байгаагүй нөхцөл байдал үүсэж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулах, Үндсэн хуульд кодификац хийх, албан ёсны эх болгон хадгалах, хэвлэн нийтлэхэд хууль, зарим зохицуулалт хийх шаардлага гарсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах шаардлага бий болсон.
Үүний дагуу энэ асуудлыг судалж үзэх, санал боловсруулах ажлын хэсэг байгуулахаар УИХ-ын даргын захирамж гарсан. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн нарын гишүүд орсон. Ажлын хэсэг өнөөдөр хуралдсан. Ажлын хэсгийн гол зорилго нь Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолтой холбогдуулаад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж санал, дүгнэлт боловсруулан, шаардлагатай бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй юм. Тиймээс бид хуралдаж дээрх асуудлыг шийдэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Монгол Улсын цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад зарим нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулан Байнгын хороонд танилцуулж байна. Эдгээр төслүүдийг боловсруулах болсон шалтгааныг тайлбарлах нь зүйтэй. Урьд өмнө нь гарч байгаагүй шинэ нөхцөл байдал үүссэн. Үндсэн хуулийн цэцийн тогтоолын талаар нийгэм, хуульчдын дунд санал зөрөлдөж, маргаантай янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа учраас дараа дараагийн асуудлуудыг хуулийн дагуу, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудтай нийцүүлж гаргах шаардлага бий болсон. Тиймээс энэ дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан.
Ажлын хэсгийн гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа нар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолтой холбогдуулан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэх асуудал, гишүүдийн тоо болон тогтолцоотой холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтгааныг тодруулсан. Тэрбээр Үндсэн хуулийн цэц буруу шийдвэр гаргасан учир хуульд нь өөрчлөлт оруулах гэж байгаа мэт ойлголт төрүүлж байна гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, бид өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг зөв хэрэгжүүлэхийн тулд хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг буруу, зөв гэж огт яриагүй, ярих ч ёсгүй гэж бодож байгаа. Цэц өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд өөрийнхөө эрхийн дагуу эцсийн шийдвэрээ тогтоол хэлбэрээр гаргасан. Энэ тогтоолыг цааш нь амьдралд хэрэгжүүлээд явъя гэхээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиуддаа зарим өөрчлөлтүүд оруулахгүй бол болохгүй байна гэж үзээд УИХ-ын дарга захирамж гаргасан гэдгийг би дээр дурдсан. Түүний дагуу бид ажиллаж байна. Дахиад тодруулаад хэлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг буруу, зөв гэж үзсэндээ биш, цэцийн шийдвэрийг яаж цааш нь хэрэгжүүлж, холбогдох зохицуулалтуудыг хийх вэ гэдэг үүднээс л бид энэ хуулиудыг өргөн барьсан юм гэсэн хариултыг өгсөн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Т.Доржханд, Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, С.Одонтуяа, Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот