Connect with us

Бусад

П.Баатар: Өвдөхгүй байя гэвэл сэтгэлээ л эмнэх хэрэгтэй

Нийтэлсэн

-

Монгол Улсын гавьяат эмч, “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч П.Баатартай ярилцлаа.

“XXI ЗУУНЫ АНАГААХ УХААН МОНГОЛООС ЭХЭЛНЭ” ГЭЖ БАГШ МААНЬ ҮНЭН ХЭЛЖЭЭ

-Юуны өмнө Дэлхийн уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн дэд тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Тус нийгэмлэг хичнээн орныг эгнээндээ багтаадаг юм бэ?

-Баярлалаа. Тус нийгэмлэгийн дэд тэргүүн гэсэн үнэмлэхийг гардаж аваад долоо хонож байна. Энэ нь миний хийсэн болон хийхээр төлөвлөсөн ажилд урам өгсөн нэг үйл явдал боллоо. Гавьяат эмч Х.Цэрэндорж багш маань бурхны оронд очсоны дараа, сэтгэл санаагаа хуваалцах хүнгүй би нэлээд ганцаардсан. Ингэж байтал шинжлэх ухааны доктор Мөнхтүвшин, доктор Оюун багш нартай танилцлаа.

Энэ хүмүүс багштайгаа хамтарч бичсэн “Дээд эрүүл мэнд” номыг минь шинжлэх ухааны үүднээс задлан шинжилсэн байсан. Хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрахад ач тус ихтэй ном болжээ гэж урам өгсөн. Үүний дараагаар төд удалгүй манай “Оточ Одь” эмнэлгийн дэргэд янз бүрийн салбарын 17 эрдэмтэн цуглаж эрдэм шинжилгээний клуб байгуулж, тэд өөр өөрсдийн чиглэлээр эрдмийн ажлаа идэвхжүүлсэн. Уламжлалт анагаах ухааны талаар ч судалгааны ажилдаа тусгах боллоо. Мөн эрдэмтэдтэйгээ хамтарч хоёр ч удаа эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн ивээл дор болсон эрдэм шинжилгээний хуралд оролцож дуу хоолойгоо тэд илэрхийллээ.

Түүнчлэн миний бие, их эмч Б.Ширчмаа, Улаанбаатар дээд сургуулийн багш Батдэлгэр нартай хамтарч олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Хавдар өвчин эдгэж байна” илтгэлийг тавьж, хэлэлцүүлсэн нь гадаадын хэвлэл, номд нийтлэгджээ. Үүнээс өмнө 2013 онд Солонгос улсад болсон дэлхийн уламжлалт анагаах ухааны хуралд манай эмнэлэг эх орноо төлөөлөн оролцсон. Өөрөөр хэлбэл, бидний хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хийсэн тэр тусмаа монголч эрдэмтэдтэйгээ хамтарч ажилласан ажлыг үнэлж энэ нэр хүндтэй байгууллагын дэд тэргүүнээрээ сонгосон болов уу.

Нөгөөтэйгүүр хэвлэл номд нийтэлсэн болон хийхээр зүтгэж яваа ажил маань гадаадынхны анхаарлыг татжээ гэж бодож байна. Эл нийгэмлэгт Япон, Солонгос, Хятад зэрэг 56 орон гишүүнчлэлтэй. Орон орноос багтсан эрдэмтдийн ээлжит зөвлөлдөх хурлаараа намайг томилсон байсан. Тэд уламжлалт анагаах ухааныг Европын анагаах ухаантай хослуулан энэ тэнцүү хөгжүүлэх зөвлөмж, төлөвлөгөөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн гэсэн. Ямар ч байсан дараагийн ээлжит том хурлаа Арабын нэгдсэн Эмират улсад хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

Энэ хурлаас ирэх таван жилд хийх ажлаа тодорхойлно гэж одоо ажиллаж байгаа нарийн бичгийн дарга нь мэдээлсэн. Нарийн бичгийн даргаар нь япон хүн ажилладаг. Ер нь энэ бүхнийг дүгнэхэд Х.Цэрэндорж багш маань 20-оод жилийн өмнө “XXI зууны анагаах ухаан Монголоос эхэлнэ” гэж хэлсэн. Энэ үг биеллээ олж байх шиг байна.

-Уламжлалт анагаах ухаантай холбогдоод хэдэн жил болж байна вэ. Таныг нутгийн их маарамба Одь хэмээх Доржид шавь орсноор эмийн ургамал таних, түүх, арчлах, номхотгох, эм тан найруулах ёсонд суралцсан гэдэг юм билээ. Энэ талаараа та товчхон дурсаач?

-Анагаах ухааны салбартай амьдралаа холбоод 30 гаруй жилийг ардаа орхижээ. Би өөрөө өвдөж, сайн оточ багштай болсноор эмч болох гарааныхаа эхлэлийг тавьсан. Өөрөөр хэлбэл, хүн өвдөхийн хэцүүг өөрийн биеэр мэдэрсэн учраас хүнийг өвчнөөс салгаж, эмчлэх нь асар их буян гэдгийг ойлголоо. Ингээд анагаахын эрдмийг ном ёсоор нь сурч, бусдад туслахын тулд Одь багшдаа анхлан шавь орсон. Тэр үед мөнгө төгрөг, ашиг хонжооны төлөө биш өвдсөн хүнийг яаж анагаах вэ, ганц хормын өмнө ч болтугай өвчнөөс нь хэрхэн салгах вэ гэдэг үүднээс багшийнхаа заасан бүхнийг чин сэтгэлээсээ сурч байлаа.

Багшдаа шавь орсон 12 жилд тэжээхүйн ухааны оношлох арга барил, ургамал таних, түүх, арчлах, найруулах ёсонд суралцсан. Мөн “Манаг Лхагтав”, “Дөрвөн үндэс”, “Манаг гаржаам” зэрэг олон ном судрын дамжлага авлаа. Иймээс Одь багшийнхаа 100 жилийн ойг хоёр жилийн өмнө өргөн тэмдэглэж “Монголын уламжлалт анагаах ухаанд Одийн оруулсан хувь нэмэр” сэдвийн дор олон ажил зохион байгуулсан.

Ер нь миний багш эрдэм мэдлэгтэйгээс гадна их хүнлэг хүн байсан юм. Миний мэдэхээр багшийн маань шавь нараас нэг ардын эмч, зургаан гавьяат, зурхайн ухааны хоёр доктор төрсөн байдаг.

-Тэгвэл таны бодлоор уламжлалт анагаах ухаан гэж юу вэ. Хүн болгон уламжлалт анагаах ухааны эрдэм, чадлын талаар өөр өөрийнхөөрөө тайлж, таниулдаг. Тэгэхээр хүнийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар уламжлалт анагаах ухаанд юуг мөрдлөг болгодог вэ?

-Уламжлалт буюу тэжээхүйн ухаан нь арга билэг, хүний таван махбодь, хар цагаан зурхай, гурван хий, шар бадганын онол мөн долоон тамир, цаг хугацаа, улирал, нар, сарны хөдөлгөөн зэрэг олон зүйлийн нэгдэл юм. Тухайлбал, хүний бие, хэл, сэтгэл гурав цогц, цөм буюу тэнцүү байж чадвал хүн эдгэрнэ гэсэн үг. Гүн ухааны хувьд зурхай буюу нээлттэй тогтолцоонд суурилсан байдаг. Мөн өвчин туссан тухайн хүнийг зөвхөн өөрт нь зориулсан эм, тангаар эмчилнэ.

Миний бодлоор шинжлэх ухааны эмнэлэг өвчнийг нь анагаадаг. Харин уламжлалт буюу тэжээхүйн ухаан хүнийг нь эмчилдэг. Харин барууны буюу орчин үеийн шинжлэх ухаан нь дүрс, шинжилгээ, судалгаа мөн өндөр хүчин чадалтай технологийн тусламжтай судалгаан дээр тулгуурладаг. Орчин үеийн шинжлэх ухаан, уламжлалт анагаах ухаан хоёр эцсийн дүндээ хүнийг анагаах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн уг салбараа цаашид хөгжүүлэх гэсэн нэг зорилготой. Гэсэн хэдий ч арга ухаан нь өөр юм даа.

САЙН УРГАМАЛ ГЭЖ ТУЙЛШИРЧ ХЭРЭГЛЭЧИХЭЭД ЭРГЭЭД ТҮҮНДЭЭ ХОРДОЖ БАЙНА

-Та бол ургамлаар мэргэшсэн хүн. Жилийн дөрвөн улиралд хөдөө явж ургамал түүж эм тандаа ашигладаг. Өнөөдөр олон хүн энэ ургамал тийм өвчинд сайн гэж дур мэдэн уухаас гадна эмийн ургамал сурталчлан худалдаалдаг худалдааны сүлжээ хаа сайгүй газар авчээ. Багшийн дээд болон I эмнэлгийн урд талд ийм сүлжээ үүссэн байна. Ер нь ургамлыг сайн гэсний дагуу сургаар авч хэрэглэх нь хэр зохимжтой вэ?

-Хүний өвчин цаг ирэх тусам өөрчлөгдөж байдаг. Арвидна, хомсдоно гэх мэтээр өөрчлөгддөг. Энэ нь юуг хэлж байна гэвэл зарим өвчин улирлын чанартай. Хавар модон махбодтой улиралд элэгний эсийн дархлаа суларч далд өвчин нь ил гардаг. Зун гэхэд зүрхний өвчин дэлгэрдэг. Мөн энэ цагт хоолны хордлого ихэсдэг. Үүнийг нь мэдэж байгаа учраас зун өвдөх өвчнийг нь олж мэдээд хавар нь урьдчилан эмчилж болно.

Өвчин гэдэг зарим улиралд нуугдана, заримдаа хүчтэй болж гарч ирдэг. Тэр үед нь эмээ яаж өгөх вэ гэх зэрэг олон асуудал эмч хүнд тулгарна. Ер нь өвчнийг бүхэлд нь эмчлэхгүй ганцхан тэр өвдсөн нүд юмуу чихийг нь эмчлэх юм бол голомт нь байгаа болохоор ахиад л өвдөнө.

Яг үүнтэй адил энэ ургамал тэр өвчинд сайн гэж огтхон ч туйлширч болохгүй. Ургамал бол эрдэм, чадал, шингээлт, шингээлтийн төгсгөлөөр үр дүн нь гардаг. Гэтэл манай хүмүүс зөвхөн чадал юм уу амтаар нь дүгнэж байна. Хүний амнаас энэ ургамал сайн гэж сонсчихоод түүндээ итгэн хамаагүй ууж хэрэглэдэг. Харамсалтай нь, эргээд түүндээ хордож байна. Тиймээс ургамлыг ганц чадлаар нь буюу дан ургамал чигээр уух нь зохистой зүйл яавч биш.

-Тэр тусмаа хүмүүс тэхийн шээгийг нэлээд сонгон түлхүү хэрэглэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ. Үнэхээр биед сайн хэрэг үү. Энэ нь хэтэрвэл хүний биед ямар хор уршигтай вэ?

-Тэхийн шээг бөөрөнд сайн уу гэвэл сайн. Уламжлалт анагаах ухаанд аливаа нэг зүйл илүүдэх, дутах, барагдах , хордох , арвидах , хомсдох талаар тодорхой заасан байдаг. Тэгэхээр нэг ургамлыг сайн гэж зогсоо зайгүй хэрэглэвэл хий, шар, бадгана болон долоон тамирын тэнцвэрт байдал алдагдана.

Энэ бүхэн тэгш байж сая тэр хүн эрүүл явдаг. Гүйцэд, тэгш байх хэмжээ алдагдаад ирэхээр мэдээж тэр хүн эрүүл бус болж эхэлнэ. Жишээлбэл, бадгана, шар хоргодож, хий арвидах болно. Ургамалд гашуун, эхүүн, гошуун, чихэрлэг зэрэг зургаан амт бий. Энэ зургаан амт хүний ууж, идсэнийг тодорхойлдог.

Ходоодонд хоол орсны дараагаар шингээлтийн төгсгөлд амт нь өөрчлөгдөнө. Тиймээс аливаа ургамлыг хэрэглэхдээ ямар амт, чадал, эрдэмтэйг нь мэдэж байж хоног хугацаа, цаг агаартаа тохируулж уух шаардлагатай. Тэхийн шээгийг хугацаагүй олон хоногоор уувал элэг хатуурах аюултай.

-Та олон ургамал нийлж байж уламжлалт анагаах ухааны эм болдог гэлээ. Тиймээс дан нэг ургамлын эмчлэх чадвар сул байдаг гэж ойлгож болох уу?

-Болно. Жишээлбэл, үлд өвс буюу хөхөөний идээ гэдэг ургамал байна. Шингэн алдаж байгаа хүүхдэд сайн гэж манайхан түгээмэл хэрэглэдэг. Хөлний шилбэнээс өвдөг хүртэлх хоорондын зайг угааж, шавшихад шингэн нь тогтдог. Харин энэ ургамлыг саванд хийж, бүх биеэр нь оруулбал түгжрэл болох аюултай. Ер нь дан ургамлыг хэтрүүлж, илүүдүүлж хэрэглэвэл долоон тамирыг хорлодог. Долоон тамир, гурван хир хорлогдвол өвчин үүснэ.

Түүнчлэн ганц ургамал хоруу чанар ихтэй. Харин нөгөө ургамалтай нь нэгдүүлснээр хорыг нь дарж эм болдог гэсэн үг. Тиймээс цэцэг, ургамлаа эм тод буух үед авч хэрэглэх нь үр дүнтэй. Навч гарч, цоморлигоо дэлгэсэн, үрээ цацсан, цэцэг дэлгэрсэн үед нь түүнэ гээд бүгд учир начир, цаг хугацаатай.

Ингэж цаг, улиралд нь тохируулж аваагүйгээс тархац буурах, үгүй болох зэргээр эргээд хүмүүст хор хохирол учруулж байна. Тэгээд ч цаг нь болоогүй байхад цэцэг, ногоо тасалж, ургамал түүх нь хэнд ч ашиггүй.

ЦАГААН ИДЭЭ, ЖИМСНИЙ ШҮҮС, МАЛЫН УУШГИ, ЖАМЦ ДАВСТАЙ ХАР ЦАЙ УТААНЫ ХОРЫГ ТАЙЛНА

-Монголын хүн амын олонх нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрчээ. Амьсгалж, амьдрахад төвөгтэй болсон энэ цаг үед хүн эрүүл мэндээ энгийн аргаар хэрхэн хамгаалж болох вэ?

-Дархлаагаа сайжруулъя, хамгаалъя гэвэл хамгийн түрүүнд хужиртай цай сайн уу гэж хэлмээр санагддаг. Ер нь Улаанбаатарын утаа хэрээс хэтэрснийг даяараа мэдэж байгаа. Энэ бол хүний эрүүл мэндэд заналхийлсэн хэцүүхэн аюул. Миний хувьд Улаанбаатарын хорт утааг найрсан хор гэж үзэж байгаа. Түүнээс гадна би халгайг их дээдэлдэг хүн. Халгай идэж, ус уун гэгээрэлд хүрсэн гэгээнтэн хүртэл бидний өвөг дээдэс дунд байсан. Ер нь халгайг сүүлийн үед шинжилж үзэхэд хавдар болон чихрийн шижин өвчнийг анагаах увидас өндөртэй болох нь анзаарагдсан. Тэр тусмаа Монголд ургадаг халгай шим, тэжээл сайтай.

Иймээс ч монголчууд бид хавар эртийн дөрвөн хуруу халгайг түүж хоол, хүнсэндээ өргөн хэрэглэсээр өнөөг хүрчээ. Тодруулбал, халгай нь бам чийг болон цусны өвчинд онцгой сайн үйлчилгээтэй. Ялангуяа хордлого тайлахад их сайн нөлөөтэй. Өнөөдөр хүн утаанд хордохоос гадна мах, хөрс, агаар, идээ ундаа, ус гээд төрөл бүрийн зүйлд хордож байна. Энэ 20-оод төрлийн хордлогыг тайлахад халгай дээд зэргийн сайн үйлчилгээтэй. Гол нь өөрсдийн бие организмд зохицуулан хэрэглээрэй. 15 хоног хэрэглээд дунд нь тав, долоо хоног амрах хэрэгтэй. Учир нь, халгай хүний тамир тэнхээг сэргээдэг.

Ялангуяа хавар эртийн халгай нь эрдэм чадал, шингээлтээрээ шалгарсан байдаг. Сүүлийн үед дэлхийн олон орны эрдэмтэн халгайг судлах ажилд шамдаж байгаа нь бас үүний анагаах болон хор тайлах увидастай холбоотой болов уу. Ер нь өнөөдөр харшлын ханиадаар өвдөх нь түгээмэл болсон. Энэ нь мөн л утаатай холбоотой. Иймээс А, В, С, Д, Е аминдэм агуулсан нохойн хошуу, үхрийн нүд, бөөрөлзгөнө, аньс, нэрс, тошлой, үзэм, чацаргана, жамц давстай хар цай зэргийг буцалгаж уух нь эрүүл мэндэд тустай төдийгүй хордлого тайлна. Уламжлалт эмнэлгийнхэн бид утаанаас сэргийлэхийн тулд “Үзэм долоо” гэсэн танг “Мана дөрөв”-өөр даруулан уулгаж байна. Дээр нь цус цэвэрлэх тан өгдөг. Балжингарав, чихэр өвс ч мөн харшлын ханиадны үед бага багаар уувал сайн.

Ер нь утаа буюу найрсан хорны эсрэг цагаан болон шар тос сайн. Ингэний сүү болон айраг хорыг тайлна. Улаан үнээ, цагаан ямааны сүү уувал мөн үр дүнтэй. Өвөл энэ бүтээгдэхүүн ховор гэж бодох хэрэггүй. Хавар, зун, намарт эл цагаан идээг өөрсдөө болон үр хүүхдэдээ түлхүү өгөх хэрэгтэй. Түүнчлэн уушгиа хамгаалахад малын уушги илүү үр дүнтэй. Уушгиар төрөл бүрийн салат, закуск хийж идвэл сайн.

-Хүмүүсийг та зөв хувцаслаж, бүр зөв алхаж гишгэж чадахаа больсон гэж ярьдаг. Энэ талаар тодруулаач. Буруу хувцасласнаас болж өвдөж байна гэсэн үг үү?

-Хүн эхээс төрөхдөө хий, шар бадгана, долоон тамир нь бүгд тэнцүү төрдөг. Харин 12 наснаас нийгэмд идэвхтэй оролцож, идэж уух нь өөрчлөгдөөд ирэнгүүт тэнцвэрт байдлаа алддаг. Жишээлбэл, хэт их амттанаас гадна даарах, уурлах зэрэг нь өвдөх шалтгаан болсоор байна. Эцэг, эхчүүд хүүхдээ эрхлүүлж учиргүй их чихэр, жимс, ундаанд умбуулдаг. Энэ нь яс сийрэгжилтээс эхлээд сөрөг тал ихтэй. Ер нь бодол, сэтгэл ариун бус байвал өвчин үүсдэг.

Тэгэхээр сэтгэлээ л эмнэх хэрэгтэй. Өнөө үеийн залуус ахмад настан болон бусдаас айж, ичих зүйлгүй болсон. XXI зуун буюу гэгээрлийн зуун гарчихаад байхад хүмүүс хэт материаллаг зүйлийг шүтэж, оюун санаагаа дандаа мөнгөөр худалдах болж. Энэ бол аюултай үзэгдэл. Мөнгө олохын тулд хүн мөн чанар, ёс жудаг, эрүүл мэндээ алдаж байна.

Мөнгөөр бүхнийг шийдэх гэж зүтгэх биш хамгийн гол нь дотроосоо гэгээрч, мэдлэг, хүндлэлийг эрхэмлэвэл мөнгө аяндаа орж ирнэ. Эрүүл мэндээ ч хамгаалж чадна. Үүнийг өнөөгийн залуус оюун ухаандаа тунгаах цаг аль хэдийнэ болсон. Түүнчлэн өнөөгийн олонх хүн зөв хувцаслаж ерөөсөө чадахгүй байгаа. Хотжилтод хэт автаж хүмүүс богино тоодгор хувцас түлхүү өмсч, тулгуур эрхтэнээ дааруулж, эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл газар авч байна.

Нуруу болон хүйсээ дулаан байлгавал эрүүл амьдрах үндэс болно. Мөн сүүлийн үед хүүхэд, залуус толгой нүцгэн их явж байна. Усанд орчихоод нойтон үстэй гадуур гардаг. Гол нь хүн толгой, хүзүүгээ байнга дулаалж явах учиртай. Дааруулснаас болж тархи, хүзүүний цусан хангамж муудна. Ер нь хүн дороосоо даарвал тэр дундаа охид, бүсгүйчүүд голын хий, эмэгтэйчүүд болон бөөр, давсагны өвчнөөр өвдөнө. Тэгэхээр дороосоо даарахгүй байх нь чухал юм.

Бүх өвчин даарахаас үүсдэг. Дороосоо их даарвал бөөр өвдөнө. Бөөр бол бие эрхтний хамгийн чухал хэсэг. Бөөр гэмтвэл чих дүлийрч, толгой, сав, хөл, гар гээд бүх эрхтэн өвддөг. Мөн хумс, үсний зэрэг гоо сайхны будаг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Саяхан АНУ-ын эрдэмтэд үсний будгаас хавдрын эс гарсан талаар мэдээлсэн. Тэгэхээр эдэлж, хэрэглэж байгаа зүйлдээ дээд зэргээр анхаарч, эрүүл мэндээ хамгаалах цаг болсныг энэ баримт гэрчилж байна.

ЦАГААН САРААР ХАРШЛАХ ИДЭЭ, УНДААНААС БОЛГООМЖИЛЖ, ЗОХИЦУУЛАХ НЬ ЧУХАЛ

-Одоо удахгүй цагаан сар болох гэж байна. Хүмүүс тос, өөхтэй хоол их зооглодог. Үүнээс гадна салат, бялуу гээд төрөл бүрийн зүйл хольж иддэг. Энэ үед ер нь хоол хүнсээ хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Цагаан сараар харшлах идээ, ундаанаас болгоомжилж, зохицуулж идэх нь чухал. Өндөг, гахайн мах, загас нэг дор байвал зөвхөн нэгийг нь сонгож идээрэй. Жимс, сүү, тараг хоорондоо харшилна. Хамгийн гол нь махан хоолны араас хэт чихэрлэг зүйл идэх нь монголчуудад огтхон ч тохирохгүй. Хоол идсэний дараа шоколад, чихрийн цуглуулга зэргийг идвэл ходоод хямарна.

Ялангуяа манайхны мэддэг десертийг бүр ч идэж болохгүй. Энэ нь идээ, ундааны найрсан хор юм. Айраг болон дутуу исэлдсэн зүйлийг пивотой хамт хэрэглэх нь зохихгүй. Ер нь амсч идэх, тавьж уух гэдэг зүйлийг л мөрдвөл эрүүл мэндэд тустай. Хоорондоо харшилдаг гуч гаруй идээ, ундаа бий. Хөдөөд бол цагаан сараар морь унаж давхиад, айлаас айлд очих замд хоол шингэдэг. Хотынхон машинаар явдаг учраас хоолны шингэц муу байдаг.

Тиймээс махан хоолны дараа амтлаг зүйл битгий ид гэж дахин хэлье. Хоол гэснээс хүйтний улиралд ямаа, тэмээний мах идэх нь зохисгүй. Түүнчлэн манайхан таван цулын болон ямаа, тэмээний мах идчихээд араас нь хүйтэн ус уудаг. Энэ нь ходоодыг царцаах төдийгүй дотор эрхтэнг гэмтээдэг.

Ер нь хоол хүнсээ зөв зохицуулж идэхийг цаг үе биднээс шаардаж байна. Тэгэхээр амтлаг, эхүүн, гошуун, давслаг, хүнд, хөнгөн гэсэн зургаан чанарыг зохицуулж идэх учиртай юм. Гашуун, давслаг ургамлын шингээлт амтлаг болж шингэдэг. Энэ зургаагийн нэг л ихэдвэл өвчин үүснэ.

-Ингэхэд та сурсан эрдмээ хэнд зааж өгч байна вэ. Олон шавь бэлтгэж байна уу. Яг одоо хүний эрүүл мэндэд тустай томоохон ямар ажил хийж байгаа вэ. Мөн таны ажил, амьдралдаа мөрдлөг болгодог дээд эрүүл мэнд гэж чухам юуг хэлдэг юм бэ?

-Эмнэлгийнхээ дэргэдэх эрдэмтний клубийнхний мэдлэгийг залуу эмч нартаа өвлүүлэхийг хичээн ажиллаж байна. Мөн өөрийнхөө мэдсэн, сонссон, туршсан зүйлийг тэдэнд хэлж өгч байна. Бидний дэвшүүлэн тавьсан дээд эрүүл мэндийн ёсоор урт наслая, эрүүл амьдаръя гэсэн төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс бидэнд хандаж, заавар зөвлөгөө авдаг. Тэр хүмүүст би чадлынхаа хэрээр эм болон ургамлынхаа нууц жорыг хэлж өгч байна.

Сургууль, сургуулиас төлөөлөл болгож залуусыг дэргэдээ авсан. Миний гурван хүүхдээс гадна Хятадад уламжлалт анагаахын чиглэлээр суралцаж байгаа хоёр залуу байна. Мөн ЭМШУИС, Дорноговийн анагаах ухааны болон “Мамба дацан” дээд сургууль төгссөн залуус надтай хамт ажилладаг. Яг одоо эмийн үйлдвэр байгуулж, Улсын комисст хүлээлгэж өгөхөөр тоног төхөөрөмжөө суурилуулж байна.

Энэ үйлдвэртээ 30 залууг сургаж ажиллуулна. Ер нь би шавь нартаа ургамлыг хэрхэн зөв түүж, хатаах вэ. Эмийг яаж үнэн зөв хийх ёстой вэ гэх зэрэг багшаасаа уламжилж ирсэн сурч, мэдсэн бүх зүйлээ зааж өгч байгаа. Энэ шавь нараа би уламжлалт анагаах ухаанаар бусдад гологдохгүй гайгүй сайн эмч, эм зүйч, ургамал судлаач болно гэдэгт бүрэн итгэдэг.

Ер нь хүний дух, цох, хоолой зэрэгт оршдог долоон хүрд нь гэмтээд ирэхээр өвддөг. Тиймээс үүнийг эдгээж, тэгшитгэж байгаа аргыг л дээд эрүүл мэнд гэж байгаа юм. Тиймээс энэ долоон хүрдээ нээнэ гэдэг хамгийн том арга юм. Хүний эргэлтийн тогтолцоо хорлогдсон тохиолдолд уурлаж, уцаарлах төдийгүй тавьсан зүйлээ мартаж, эрсэн зүйлээ олохгүй болдог.

Эхнэр нь нөхрөө цаанаа байгаа сонинг аваад өгөөч гэвэл нөхөр нь олохгүй, байгаа газрыг нь харсан ч авахаасаа өмнө урьтаж уцаарлах жишээтэй. Хэрэв тогтолцоо нь зөв байвал тэр хүн хэзээ ч уурлахгүй. Тогтолцооны алдлыг засах хамгийн сайн арга арга бол бясалгал юм.

-Бясалгал гэснээс та ямар ч нөхцөлд хүмүүс байнга хийж болох эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний талаар зөвлөмж хэлнэ үү. “Хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй” гэдэг шүү дээ?

-Утаа униар ихтэй энэ цагт хоолой, хамраа цэвэрлэх зөв хэвшилтэй байх нь чухал. Орой бүлээн ус гарын хонхортоо хийж, хамраараа татаж, эргүүлж гаргах хэрэгтэй. Өглөөд энэ дасгалыг хүйтэн усаар хийх нь үр дүнтэй. Ес есөн удаа энэ дасгалыг тогтмол хийвэл уушгины үйл ажиллагаа сайжирч, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй.

Түүнчлэн олив болон наранцэцгийн тосоор хоолойгоо зайлбал сайн.Мөн өглөө босоод ташаандаа хоёр гараа авч тулаад, өлмий дээрээ босч, өсгий дээрээ буугаарай. Биеэ зөөлөн доргиосон энэ дасгалыг гурван удаа хийвэл уушги цэвэрлэгдэж, биеийн дархлаа сайжирна.

ХОР НЬ ГАРААГҮЙ БАЙХАД ЯРГУЙ ИДЭЖ ЛУСЫН ӨВЧИН ТУСАХ НЬ ЭЛБЭГШСЭН

-Удахгүй хавар цаг айлчлан ирэх гэж байна. Энэ улиралтай давхцаж жил бүр хүмүүс яргуй идэж дархлаагаа сайжруулна гэж хошуурдаг. Энэ нь хэр оновчтой зүйл вэ. Яргуйг ер нь яаж хэрэглэх ёстой юм бэ?

-Хавар цаг ирэхээр хүн болгон л шинэ гарсан яргуй идэж хүч тамир орно гэж зүтгэдэг нь үнэн. Гэхдээ яргуй идсэнээс болж янз бүрийн өвчин тусч байна. Өөрөөр хэлбэл, ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идэж могойн яр өвчин тусах нь элбэгшсэн. Манайхан үүнийг лусын өвчин ч гэдэг. Дээр нь янз бүрийн вирусын гаралтай өвчнөөр өвдөж байна. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа хэрэглэх хэрэгтэй.

Манайхан хөмүүлийг тэнгэр дуугарч, бороо орсны дараа түүж хоол, хүнсэндээ хэрэглэдэг. Яг үүнтэй адил эмийн ургамал өөр өөрийн гэсэн эмт чанар болон тод буух цаг үед нь түүж хэрэглэвэл үр өгөөжөө өгнө.

Ганцхан түүлтээр идэх биш архи болон усанд дарах зэрэг олон аргаар эмийн ургамлыг хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл, 2-3 төрлийн найрлагатай болгож хэрэглэвэл арга, билгийн хувьд зохицдог юм. Гэтэл манайхан ганцхан арга талыг нь барьснаас болж долоон тамир, гурван хий, таван махбоддоо өөрчлөлт оруулах нь түгээмэл болжээ.

-Тэгэхээр яргуйг яаж зөв, зүйтэй хэрэглэнэ гэсэн үг вэ?

-Яргуйг зүгээр нэг түүгээд идээд байж болохгүй. Ихэнх хүн долоо, найм, есөн яргуйг нэг дор түүж идвэл хоолойны ангина болон зарим өвчинд сайн гэж хошуурах юм. Нөгөөтэйгүүр яргуй идсэн малын мах, гөрөөсний цус сайн гэж ууж, идэх гэж тэмүүлэх нь учиргүй их болжээ. Ингэж байгаад би харамсдаг. Дээр үеийн хашир, туршлагатай оточ, маарамбын аргаар яргуйг хоол хүнсэндээ ашиглах нь зөв.

Яргуй идсэн ямааны махыг борцолж шөлтэй хоол, цайндаа чимх чимхээр хийж идэх ёстой. Энэ л хамгийн шилдэг, зөв арга. Хаврын улиралд яргуй иднэ гэж гүйхийн оронд дархлаагаа сайжруулах нь хамгийн чухал. Ялангуяа шим сайтай идээ, ундааг сонгож хэрэглэх хэрэгтэй. Ургамал ногоо сэргэдэг учраас гашуун, гошуун амттай идээ, ундаа түлхүү хэрэглэ.

Түүнчлэн хонь, үхрийн мах хаврын улиралд шим, тэжээл сайтай. Шөлтэй хоолыг голлон хийж идвэл биеийн дархлааг сайжруулж, тамир тэнхээ оруулна. Хөлсөө гартал шөлтэй хоол идэж, гадуур мөн л хөлсөө чийхартал алхах хэрэгтэй.

Хөлсөө сайн гаргавал биед хуримтлагдсан хор түүний хэрээр гадагшилна. Харин өвлийн хүйтэн улиралд арьсны нүх сүв ихэнх нь битүү байдаг. Тиймээс арьсныхаа нүх сүвийг онгойлгож, дархлаагаа дэмжих үүднээс халгай, арц, дальтай ваннд сууж, үс, толгойгоо угаавал тамир, тэнхээг дэмжинэ.

-Та хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болохоор эрүүл мэндийн энгийн зөвлөгөө хэлж өгнө үү. Хүн ер нь тамир тэнхээгээ сайн байлгаж, эрүүл явахын тулд яах ёстой юм бэ?

-Хамгийн гол нь хүн эрүүл байхын тулд сэтгэл санаагаа тайван байлгаж уур уцааргүй амьдрах нь чухал. Түүнчлэн эрүүл, урт наслахад зөв боловсрол өгөх ном, сонинтой нөхөрлө. Дээр нь хоол ундаа зохицуулах шаардлагатай байна. Гэтэл манай хүмүүс идэхийн төлөө л амьдраад байх юм. Хоолыг ходоодны хэмжээндээ тааруулахгүй аяга аягаар идэж байна. Ном, сударт ходоодыг хоол, ундаа, хоосон, хий гэсэн дөрвөн хэсэгт хуваадаг. Хоол нэг хувьд нь гэж бодохоор бага идэж байх нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа биз дээ. Идсэн хоолоо шингэсний дараа дараачийн хоолоо идэх нь зөв.

Манайхан хоол, ундыг зохицуулж идэж чадахгүйгээс болж өвчин үүсэх шалтгаан бүрдэж байна. Жишээлбэл, кофе биед сайн гэж учиргүй их уудаг. Энэ нь элэгний шарыг үүсгэнэ. Нэг ёсондоо манайхан амттай, давслаг зүйлд хэт их дурлах болсон. Тэгэхээр ямар амт ходоодонд орж ямар байдлаар шингэж байгааг мэдэхгүй учраас хоолны амтаа зохицуулж чадахгүй байгаа юм. Дандаа амттай хоол идсэн ч өвчилж байна.

Сүүлийн үед хүүхдүүд гоймон, пицца, жигнэмэг, гаазтай ундаа их хэрэглэж байна. Ер нь нэг амттанг дагнан идэж байгаа хүмүүст өвчин их үүснэ. Түүнчлэн янз бүрийн сүлжээний эмээс болгоомжлох хэрэгтэй. Тамир тэнхээг сайн байлгах талаар уламжлалт анагаах ухаанд долоон тамирыг шимжүүлж өгөх хэрэгтэй гэж заасан байдаг. Долоон тамир гэдэг нь тунгалаг, цөв, цус, мах, яс, өөх, дусал зэргийг хэлж байгаа юм. Энэ долоон тамирыг шимжүүлэх талаар уламжлалт анагаах ухаанд сургаж ирсэн олон сайхан арга бий.

Өвөл, хаврын улиралд борви тойгны ястай шөл, цай байнга ууж тамир тэнхээгээ дэмжих хэрэгтэй. Энэ цай, шөлөө гууль, зэс, ширмэн тогоонд буцалгаж, хийж уувал бүр их үр дүнтэй. Эдгээр эдэд хүний бие эрхтний дархлааг дэмжих зүйл агуулж байдаг юм. Харж байхад хуванцар саванд савласан ус л их уух юм.

Өвлийн цагт ус их уух нь зохимжгүй. Энэ нь ходоодны галд өөрчлөлт оруулдаг. Ходоодны гал алдагдахаар бадгана арвидна. Бадгана бий болсноор төрөл бүрийн өвчин үүснэ. Ер нь дархлаагаа сайн байлгахад адууны мах, малын элэг их сайн гэдгийг мартаж болохгүй.

Б.Даариймаа

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм3 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр3 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм3 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм3 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм3 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм3 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм4 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм4 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент4 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад4 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр4 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим