Улс төр
Оюук буланд шахуулж, сайдын сэнтийгээр өрөө цайруулав бололтой
Л.Оюун-Эрдэнэ одоо л тараа таниулж эхлэв бололтой. Мань хүн “ногоон” улстөрч байхдаа гэнэдэж, танхимаа мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж байсан бол энэ удаад өнөөдрийн өөх бус маргаашийн уушгийг санагалзан мөнгөтэй, хөрөнгөтэй ноёдоор танхимаа бүрдүүлэхийг чухалчлав бололтой.Түүний энэ удаагийн сонголт МАН төдийгүй журмынх нь олон хүнд таалагдсангүй. УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Г.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлага, биеийн хэлэмжээрээ үүнийгээ илтгэж орхино лээ. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлийнхээ хүрээнд гэх үгийг гурвантаа онцолсон. Тэгэхээр шинээр байгуулагдах Засгийн газрын томилгоо намын бүлгээс дээгүүр яригдаж, шийдэгдсэн гэсэн үг. Асуудлыг нөгөө өнцгөөс харах аваас ашиг сонирхол давамгайлсан, олон жил намдаа хамгийн өндөр хандивыг өргөсөн нөхдүүдийн ачийг сайдын сэнтийгээр хариулж, өр цайрч буй хэрэг байж ч мэдэх юм. Харин хамгийн сонирхолтой сэдэв нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга юуны учир Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг өнгөлөхөөр зориг шулуудав гэх асуудал. МАН-ыг мөнхөд атгандаа байлгах сонирхол бүхий хөгшин хэдэн бурхийн нэг Ц.Нямдорж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын суудлаа юуны учир найрсгаар тавьж өгөв. Эсвэл бариа зөрүүгээр хийж, МАН-ын генесекийн суудлаар сольж байгаа юм бус уу гэх яриа саарал ордны хонгилоор ниссээр өчигдрийг барав. Юутай ч мориндоо мордоцгоосон шинэ сайдуудын хэн нь хэн болохыг цухас өгүүлье.
Далд фронтын дайчин
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг журмынх нь нөхдүүд ийн хэлдэг. Үнэндээ ч мань эр МАН-ын нэр хүндийг хоёр удаагийн сонгуульд авч гарч тэр хэрээр бүхий л томилгоонд зангарагтайгаар оролцсон гэх юм билээ. Энэ удаад ч зүгээр чихээ бөглөж суугаагүй байх. Саарал ордныхны жиг жугаар Оюук Амараа хоёр 40:20 тохиролцсон гэх яриа яваад байгаа. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй. Ил болсон жагсаалтаар байж болох л юм. Ямартай ч Амарбаясгалан шинээр байгуулагдах Засгийн газрыг өнгөлж ажиллахаар болж. Алдвал ч алдаг, оновол ч оног гэх ташуурыг өөртөө өгч. Уг нь түүнийг дараагийн Засгийн газрын тэргүүн гэж харах хүн олон байсан юмсан. Эсвэл мань хашир “дамжаанд” сууж байгаа юм биш байгаа.
Ховдынхон малгайгаа шидээд сүйд
Нэг хэсэг нам жимхэн байсан ховдынхон С.Бямбацогтоо сайд болж буй сургаар нүд нь гялалзаж, ялсан баатар шиг л цээжээ дэлдэн харайцгааж байгаа сурагтай. Салбарынхан нь өвөр зуураа “С.Бямбацогттой хэр вэ, ойр уу” гэцгээн бие биеэсээ өрсөлдөн утсаа шүүрч баяр хүргэж эхлэв бололтой. Ингэхэд Л.Халтар сайд ажлаа түүнд хүлээлгэж өгөх ёстойгоо гадарлан Ховд аймагт ажиллах үеэрээ тайлангаа тавьж байсан хэрэг бус уу гэж хардаж буй нөхөд ч байна. Харин ард түмэн үе үеийн Засгийн газрын нэр хүндийг унагаж ирсэн Дархан-Улаанбаатарын замын асуудлыг Л.Халтар сайд уг нь чигийг нь олж байсан юмсан хэмээн харуусч суух. С.Бямбацогтын тухайд ямар ашиг сонирхолд хөтлөгдөн энэ салбар руу зүтгэж буйг нь чөтгөр л харж буй биз. Ингэхэд мань эрийн улстөрийн эцсийн зогсоол сайдын сэнтийгээр төгсөх юм биш байгаа гэх таамаг төрж л байх. Үгүй гэх газаргүй, нам нь мэдэх хэрэг.
Хол явах хүний эхний алхам
УИХ-ын гишүүн Н.Учралыг сайд болж буйд олон хүн талархаж буй биз ээ. Залуу хүн, мэдлэг боловсрол, сэрж сэтгэх тал дээрээ ч тэрбээр бусдын дор орохгүй нөхөр. Монгол Улс хөгжлөөрөө дэлхийтэй хөл нийлүүлэхэд цахим орчин, цахим хөгжил юу юунаас илүү чухал учраас энэ салбарын жолоо цулбуурыг түүний гарт атгуулчихад гэмгүй. Харин ирэх сонгуулийн бэлтгэл хэмээн ойлгож, СХД-ийн залуучуудаар яамны бүхий л өрөө тасалгааг дүүргэчихвэл наад яамны чинь ажил урагшаа явахгүй л болов уу, Учрал аа.
Чихрийн наймаачин Сайд болдог л юм байна
Энэ бол түүний түмэнтээ сонсч ирсэн цаашид ч сонсох үг нь. Мань хүн цагтаа гахай үүрч, ганзагын наймаа эрхэлж явсан нь үнэн. Хүүхэд баярлуулж явсны буянаар түүний эрхэлсэн бизнес төрийн түшээгийн зөөлөн сэнтийд заларсан ч үнэн. Сүүлийн арав гаруй жил С.Эрдэнийн туршлагаар Баянгол дүүрэгт эзэн суусан тэрбээр ашиг харахгүйгээр сайдын сэнтийний араас хөөцөлдөв гэж.Тэр тусмаа уул уурхайн салбарыг онцолж. Дээр нь энэ талын туршлага юусан билээ. Монгол Улсын эдийн засгийн чадавхи уул уурхайн салбар дээр тогтдогийг Ж.Ганбаатар маань гадарладаг л байгаа даа.Эцэст нь бяцхан матахад, мань хүн ирэх сонгуульдаа бэлдэн ах дүү, хамаатан саднаа БГД-ийн намын бүх шатны байгууллагад тараан байрлуулсан гэнэ лээ. Одоо болно,гишүүн ээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар бол ах дүүсийн тань албан тушаалаа ахиулдаг шат биш гэдгийг сануулах байна.
Хурдын Чойжоо эрчим хүчний Чойжоо боллоо
“Гарын таван хуруу” хэмээх Монголын уран сайхны киноны нэгэн үзэгдэл дээр “Ах аа та экскаваторын жолооч болох гэж байснаа болиод архичин болох гэж байгаа юм уу” гэдэг дээ. Түүн шиг их барилгын салбарт мөртэй явсан Б.Чойжилсүрэн гишүүн маань эрчим хүч хэмээх их айлын хойморт залрах нь бололтой. Барилга, эрчим хүч хоёрт ижил төстэй ч юм их бий, мэдэхгүй зүйл зөндөө байж мэднэ. Монголын эдийн засгийг ховх сордог л салбар гэдгийг эрх биш гадарлаж суугаа биз. Хэдхэн хоногийн дараа дулааны асуудал яригдаж, тэр хэрээр чих тань халууцна. Эхний цас ороход л Монгол Улс өвөлд бэлэн үү хэмээн сэтгүүлчид тойрч гүйх вий. Энэ бүхэнд бэлэн байгаарай. Хурд групп Чойжилсүрэн хоёр барилгын салбарт орон зайгаа эзлэх гэж арав гаруй жил тэмцсэн. Харин одоо эрчим хүчний салбарын хүн болоход тань мөн л төчнөөн жил шаардагдах биз. Гэвч товлолт хугацаа ердөө жил хагас. Яана даа.
Б. Бат-Эрдэнэ гуайд МАН ямар өртэй юм бол
Ингэж бодогдох юм. Их спортод хөлс сайн асгаруулах аваас санасандаа хүрч болдгийн жишээ Б.Бат-Эрдэнэ аварга. МАН-ыг ядарч явахад нь тэрбээр нэр хүндээ “ашиглуулан” УИХ-д суудал авчирсан буянтан. Үүнийхээ шанг эдлэн МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн удаатай. Өнөөдөр ч мань төр түшилцэж яваа. Хэл яриа нь цэгцэрч тэр хэрээр боловсорсон байна лээ, нэг үеийг бодвол. Ард түмэн ч түүнд хайртай. Харин юуны учир, ямар өртэйдөө эрхэм аваргад зориулж шинэ яам байгуулж өгөв гэдэгт хэргийн учир байгаа юм. Эдийн засаг хямарсан энэ цаг үед ядарсан Монгол Улсад шинэ яам байгуулж, тэр хэрээр төсөв бүрдүүлж өгөх чадавхи байгаа билүү, ингэхэд. Санахад илүүдэхгүй л болов уу. Татварын хэд чинь яам санхүүжүүлж хүрэхгүй л болов уу даа, Ерөнхий сайд аа.
Ж.Сүхбаатар салбараа олсонгүй
УИХ-д тулх бүхий хэдэн гишүүн байдгийн нэг нь энэ эрхэм. УИХ-д хэдэнтээ сонгогдсон туршлага бүхий улстөрч. Дарханы тойргоос эр чадлаараа гарч ирсэн төрийн түшээ. Боловсрол мэдлэгийн хувьд ч голох юмгүй хуульч. Заримдаа зөрж, өөрийнхөөрөө зүтгэх гээд байдаг гэмтэй. Бусдаар гайгүй дээ. Түүний нэр өмнөх он жилүүдэд сайдад яригдаж байгаагүй юм. Ярих гэхээр МАХН руу харайлгаж очсон явдал нь хавтаст хэргээс нь гарч ирээд байдаг байж мэдэх юм. Анх удаа сайд болох жим нь нээгдсэн ч байгаа нэг л оносонгүй. Хотын асуудал хүнд шүү хүнд. Асуудал нь хэзээ ч шийдэгдэж барагдахгүй. Ажилгүйдэл, өвчин, орон сууц, утаа гээд л. Шинэ яам шинэ бодлогоор ажиллахгүй бол ирэх сонгуулийн сурталчилгаанд чинь хар тамга тавигдаж мэдэх л юм.
Х.Болорчулуун уу
Ингэж асуух хүн зөндөө юм гээч. Дорноддоо ч улстөрийн хүрээнийхэндээ ч нэр хүнд тааруухан шүү дээ, мань нөхөр. Харин хувь хүн нь дажгүй гэнэ лээ. Ингэхэд Х.Болорчулуун чинь газар тариалангийн том бизнестэй гэдгийг ерөнхий сайд маань мэддэг, сонссон байгаа даа. Дорнодын гурилын үйлдвэр түүнийх. Нөгөөтэйгүүр, Монгол Улс оршин тогтнохын суурь үндэс нь газар тариалан, мал аж ахуй. Ургац хураалт хэдийнэ эхэлсэн. Мөдхөн тариагаа хураана. Шатахууны үнэ өндөр байгаа учраас улаан буудай өндөр үнээр тушаагдана. Түүнийг нь дагаад гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өснө. Ядаж байхад баруун аймагт зуншлага муу байдаг. Муу дээр улцан гэгчээр хоёр аймагт малын гоц халдварт өвчин гарчихлаа. Дээр нь махны экспорт зогсч байх шиг байна. Махны үнэ өндөр хэвээр. Энэ бүхнийг ямар бодлогоор зохицуулах юм бол доо. Салбартайгаа танилцах гэсээр байтал өвөл хаалга тогшино. Яана даа. Танхимын нэр хүнд, ерөнхий сайд аа.
Ерөнхий сайдын бас нэг алдаа
Ерөнхий сайдын бас нэг алдаа энэ. Түүнд Хөдөлмөр нийгэм хамгааллын салбарыг бус Эрүүл мэндийн яамыг хариуцуулсан бол “өө” гэх хүн гарахгүй байсан байж мэднэ. Харин Д.Сарангэрэлийн хувьд аль ч салбарыг менежментийн ухаанаар удирдаад аваад явах чадавхи бий. Монголчуудад хэдийнэ танил болсон түүнтэй юу ярих билээ. Амжилт хүсье.
Ч.Хүрэлбаатарын нягтлах чанар л дутагдаад байж
Ч.Хүрэлбаатар бол УИХ-д олон жил суусан туршлага бүхий улстөрч. Сайд явсан уу явсан, тэр тусмаа Сангийн яамыг толгойлж байсан бус уу. Энэ удаад түүнийг ямар зорилготойгоор шинээр байгуулагдах Засгийн газарт оруулж ирэв гэдэг нь сонин. Дээр нь шинээр байгуулагдах яамны сайдаар. Эсвэл өөрөө хүссэн байж мэдэх юм. Гэхдээ үгүй л болов уу. Ерөнхий сайдын тайлбараар бол Сангийн яамыг эдийн засаг, нягтлан бодох бүртгэл хоёроор нь салгаж байгаа юм даг уу даа. Угтаа яаманд нь л нягтлан шалгадаг хэлтэс эс бөгөөс агентлаг байгуулсан бол эдийн засгийн хувьд хэмнэлттэй санагдах юм. Засгийн газар төрийн байгууллагууддаа хэмнэх тогтоол гаргачихаад, толгойгоо занхайлгах хэрэг байхгүй байлтай. Эдийн засаг хөгжлийн яам гээд л ашиглалтын зардалгүй, боловсон хүчингүй байдаггүй л юм бол ийм цаг үед яамны төсөв энэ тэр гээд мөнгө ч бөөн бөөрөө урсана шүү дээ. Нөгөөтэйгүүр, мань хүн Оюукийн хүн биш. Хөөрхийдөө Монгол Улс олон том төсөл хэрэгжүүлнэ гээд л мань хүнд хөгөө хөлдөө чирч яваа хөгжлийг даатгаж байгаа юм байлгүй дээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот