Эдийн засаг
Х.Батсуурь: Мөнгөний хатуу бодлого манай эдийн засагт эерэг үр дүн өгдөггүй
-Манай улсын эдийн засаг, мөнгө санхүүгийн тогтолцоонд Монголбанкны хэрэгжүүлж буй мөнгөний бодлого тохирохгүй байна-
Эдийн засагч Х.Батсуурьтай манай улсын эдийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.
-Инфляц хоёр оронтой тоонд ороод удлаа. Дахиад дээшлэж магадгүй гэх юм. цаашид ямар дүр төрх ажиглагдаж байна вэ?
-Инфляц 15.7 буюу бараг 16 хувьд хүрээд байна. Энэ бол бодит бус тооцоо. Яг бодитоор тооцох ёстой журмаар нь гаргавал 30 орчим хувьд аль хэдийн хүрсэн. Манай улсын инфляцыг тооцож буй аргачлал нь шударга бус байдаг. Ер нь Үндэсний статистикийн хорооны гаргаж буй тоо баримт эргэлзээтэй, бодит эдийн засгийн үзүүлэлтүүдийг тусгаж чаддаггүй. Цаашид инфляц өснө үү л гэхээс буурах нөхцөл харагдахгүй байна.
-Тэгвэл статистикийн тоо баримт бодитой гарахгүй байгаа шалтгаан нь юунд байна вэ?
-Хэрэглэж буй аргачлалтай нь холбоотой. Дэлхийн банк, ОУВС, АХБ зэрэг байгууллагаас тодорхой аргачлалууд зааж өгдөг. Учир нь хэрэгжүүлж буй бодлого нь үр дүнд хүрсэн гэдгийг харуулах гэж тоон үзүүлэлтүүдийг өөрт ашигтайгаар гаргах үүднээс зарим аргачлал хэргэлдэг. Иймд эдийн засгийн байдлыг илэрхийлэх зарим тоон үзүүлэлт бодит байдлаас тэс өөр гардаг гэж хэлж болно. Үүнээс гадна статистик гаргаж буй хүмүүс нь улс төрийн зорилгоор буруу дүн мэдээ, тоо тавих тал бий. Энэ нь эрх баригчдын талд зөөлөн санаанд нийцтэй байх, өөрийн бодлогод тааруулсан хэлбэрээр гаргах тал ажиглагдах тохиолдол байгаа. ялангуяа хөгжиж буй орнуудад ийм тохиолдол элбэг. Манай улсад ялгаагүй адилхан. Тэгэхээр ганц инфляц төдийгүй эдийн засгийн өсөлт зэрэг амьдралд нийцэхгүй бодит бус тоон үзүүлэлт маш их гарч байгаа юм.
-Манай улсын эдийн засгийн өсөлтийг өөдөргөөр төсөөлсөн дүн мэдээ гарч байгаа. Танай бодлоор ямар хэмжээнд байна гэж үзэж байгаа вэ?
-Эдийн засгийн өсөлт саарсан. Сүүлийн хоёр жилд эдийн засгийн өсөлтийг боомилсон гол эзэн нь “Ковид-19” цар тахал гэж хадны мангаа гэж ярьж байгаа. Гэтэл эдийн засгийн өсөлт саарсан, хасах утга зааж байгаа нь дан ганц цар тахал биш. Өнөөдөр цар тахлын эрчим суларч манайд төдийгүй бусад улс орнууд цар тахлын улмаас авсан хатуу арга хэмжээнүүдээ сулруулсан. Амьдрал хэвийн үргэлжилж байна. Үүнээс гадна манай төрийн эрх баригчид одоо ОХУ, Укрианы асуудлыг эдийн засгийн уналттай холбох боллоо. Яг нь энэ асуудлыг аваад үзвэл сөрөг нөлөө нь Баруун Европын орнуудад илэрч байгаа. Харин бусад улс орнуудад харин ч эерэг нөлөө үзүүлэх болсон. Тухайлбал, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон улсууд байна. Тэдэнд дайны нөхцөл байдлыг эдийн засагтаа ашигтайгаар эргүүлж чадсан. Харин манай улс эдийн засгаа удирдаж чадахгүй буруугаа бусад руу, ямар нэг нөхцөл байдалд нялзаагаад сууж байна шүү дээ. Энэ нь утаггүй тайлбар юм.
-Яг ямар байдлаар эдийн засагтаа ашигтайгаар эргүүлсэн юм бэ?
-ОХУ-ын эсрэг АНУ болон Баруун Европын улсуудын тавьсан эдийн засгийн хоригийг ашиглаж чадсан. Ер нь эдгээрээс бусад улс орнууд уг хоригийг дэмжээгүй. ОХУ-тай худалдаа хийж байгаа. Жишээ нь БНХАУ байгалийн хий, газрын тос, эрчим хүч ОХУ-аас авдаг. Тэгээд авах хэмжээгээ нэмэгдүүлсэн. Тэгэхдээ Баруун Европын орнуудад зарж байсан үнээс даруй 25-30 ам.доллараар хямд үнээр авч эхэлсэн. Дотоодын зах зээлээ хямд эрчим хүчээр хангасан ч нэмж авч байгаа. Илүүдэл эрчим хүчээ Баруун Европын орнуудад дамлаад зарах болсон. Гэтэл манай улс үүнийг хийх боломж байгаа ч зүгээр суугаад байна. Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн ажиллагаа эхлэхэд л ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон. Үүнтэй зэрэгцээд ОХУ найрамдалт харилцаатай орнуудад хямд үнэтэй эрчим хүч, байгалийн хий, газрын тос нийлүүлнэ гэж зарласан. Харин манайх үүнийг анхаарч аваагүй. Ард иргэд шатахууны үнэ өслөө, тодорхой арга хэмжээ ав гэсэн шаардлага тавьсан шүү дээ. Тэгсэний хүчинд зургаа, долдугаар сард ОХУ-тай хэлэлцээр хийх оролдлого гаргаж эхэлсэн юм билээ. Өнөөдөр ч гэсэн тэр бодлого нь нээлттэй байгаа учраас бид ОХУ-ын талтай хэлэлцээр хийгээд хямд үнэтэй байгалийн хий, газрын тос, шатахуун, эрчим хүч авах, нөөцлөх боломж бий.
-Тэгэхээр эдийн засаг хямралтай байгаа нь манай төр засгийн бодлого, чиглэл нэг л учраа олохгүй байгаатай холбоотой гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм. Манай төр засагт чадваргүй, ажлын ямар ч туршлагагүй хүмүүс гарчихсан байна. Тэгээд өөр хоорондоо албан тушаал солилцоод л сууж байгаатай гарцаагүй холбоотой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засагт боломжтой нөхцөл байдал үүссэн. Жишээ нь цар тахлын үеэр олон улсаас маш их зээл тусламж ирсэн. Дээрээс нь зах зээлд 10 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төсвөөс гадуур хийнэ гээд эх үүсвэрийг нь баталсан. Өнгөрсөн хугацаанд манай эдийн засагт ийм хэмжээний мөнгө орсон байгаа юм. Тэгэхээр зүй нь бол үүний үр дүн хаана байна вэ гэж эрх баригчдаас асуух ёстой. Гэвч үр дүнгүй болсон гэдэг нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шууд харагдаж байгаа биз дээ. Харин цар тахал, ОХУ, Укрианы хэрэг явдал руу эдийн засгийн уналтыг чихээд сууж буй нь харамсалтай. Тэгвэл адилхан нөхцөл байдалд байгаа улсуудын эдийн засаг өсөлттэй, манайх шиг хямраагүйг харах учиртай юм. Бас ОХУ-д инфляц манайхаас гайгүй байна. Гол жин дардаг хүнс, шатахууны үнийн өсөлт манайхаас бага байгаа юм. Манайд бол эдгээрийг голлон авч үзэлгүй инфляцыг бага дүнтэй гаргах болсон.
-Эдийн засгийн сайд, Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх тухай ярьж эхэлсэн. Үүнээс эерэг үр дүн гарах болов уу?
-Манай улсын эдийн засагт барууны орнууд шиг мөнгөний бодлогоор залуурдах тогтолцоо байхгүй. Монголбанкны бодлогын хүү тэгтлээ их нөлөө үзүүлэх боломжгүй юм. Баруунд бүх зүйл нь цэгцэрсэн учраас бодлогын хүү эдийн засагт нөлөө үзүүлж чаддаг. Иймд Монголбанкны бодлогын хүү айхтар нөлөө үзүүлнэ гэж миний хувьд харахгүй байна. Мөнгөний хатуу бодлого хэрэгжихэд эдийн засаг хумигдаж инфляцыг татна гэсэн үг. Гэтэл манай улсад ийм арга хэмжээ эерэг үр дүнгүй гэдэг нь сүүлийн 20 гаруй жил харагдлаа шүү дээ. Монголбанкны хэрэгжүүлж буй мөнгөний бодлого үнэхээр сайн байсан бол сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд эерэг үр дүн өгөх байлаа. Харин ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш өдөр өдрөөр өсөөд байна. Өнөөдөр нэг ам.доллар 2840 төгрөг байсан бол 3240 төгрөг боллоо. Энэ жишээг л бодоод үз. Манай мөнгөний бодлого барьдаг банкируудын нүдэн дээр нь ийм болчихлоо шүү дээ. Энэ ханш доош буухгүй. Манай улсын эдийн засаг, мөнгө санхүүгийн тогтолцоонд мөнгөний бодлого нь тохирохгүй байна. Товчхондоо огт ажилдаггүй, хэрэгждэггүй, нөлөө үзүүлдэггүй механизмтай гэсэн үг. Дээрээс нь Монголбанк ажлаа хийж, үүргээ биелүүлж чадахгүй өдий хүрлээ. Төгрөгийн ханш сүүлийн 30 жилд унасаар ирсэн. Энэ бол хүн болгоны мэдэх маргаад байх зүйлгүй бодит жишээ. Тэгэхээр эдийн засаг, мөнгө санхүүгийн тогтолцоогоо шинэчлэх ёстой.
-Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж эдийн засгийн хямралаас гарахыг зорьж байгаа. Үүнийг та эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Асар их хөрөнгө, санхүүжилт, цаг хугацаа шаардсан хөтөлбөр. Хэрхэн хэрэгжихийг нь харая. Наад зах нь ам.долларын ханшийг л аваад үзье. Хэрэгжиж эхлэх үед нь нэг ам.доллар 2800 төгрөгтэй тэнцэж байсан. Гэтэл өнөөдөр валютын ханш өсөөд байгаа нь уг хөтөлбөр хэрэгжихэд бэрхшээлтэй болсон. Муу хэлмээргүй байна л даа. Гэхдээ асуудал гарвал засч залруулахын тулд шүүмжлэх ёстой. Энэ хөтөлбөр нь логик алдаатай. Хамгийн наад зах нь өрийн асуудал гараад ирлээ. Инфляц өндөр хувьтай байна. Тэр бодлого нь хэрэгжээд эхлэх үед л эдийн засаг нуралтад орох хэмжээнд хүрсэн байгаа юм. Ийм байхад тэр бодлого цаашид хэрэгжих үү гэсэн асуудал гарна шүү дээ. За өрийн асуудлыг аваад үзье. Монгол Улсын өр 2016 оноос хойш сүүлийн зургаан жилийн дотор 12 тэрбум ам.доллараар өссөн. Тэгвэл Монгол Улс хуучнаар ЗХУ-аас харилцсан 70 жилийн хугацаанд 11.4 тэрбум ам.долларын өр тавьсан түүхтэй. Гэтэл богино хугацаанд үүнээс их өр тавьсан байна шүү дээ. Тэгээд ирээдүйгээсээ, үр хүүхдүүдээсээ хулгай хийгээд өнөөдрийг аргалаад явж байгаа нь харамсалтай.
-Тэгвэл энэ 12 тэрбум ам.доллараар юу юу хийж болох уу. Та эдийн засагч хүний хувьд ямар тооцоолол хийх вэ?
-Маш их зүйл хийж болно. Тухайлбал, Дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөлд 80 сая ам.доллар хэрэгтэй байна гэж ярьж байгаа. Мөн шинээр цахилгаан станц барихад нэг тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэдэг. Энэ мэтээр бодоод үзвэл өнөөдөр Монгол Улс, Улаанбаатар хот цахилгаан, дулааны хомсдолоос гарч чадах мөнгө шүү дээ.
-Таны төсөөлж, ажиглаж буйгаар ирэх онд манай улсын эдийн засгийн тамир тэнхээ ямар байх дүр зураг ажиглагдаж байна. Ард иргэдийн амьжиргаа ямар байх бол?
-Өнөөгийн нөхцөл байдал үргэлжлэх юм бол маш хэцүүдэнэ. Энэ онд эдийн засаг бүр эвгүйдэх, сүйрэх хэмжээнд хүрснийг нэг удаа гал унтраах байдлаар аргалсан. Тэр нь ирэх арванхоёрдугаар сард төлөх ёстой байсан Чингис бондын нэг тэрбум ам.долларын өрийг өрөөр дарж хугацааг нь сунгасан юм. Ямар ч байсан энэ жилдээ хойд хормойгоо авч урд хормойгоо нөхчихлөө. Ирэх онд дахиад нэг тэрбум орчим ам.долларын өр төлөх ёстой. Үүнийг бас дээрх маягаар аргацаах санаатай байх. Гэвч муу амлаад байгаа юм биш. Өрийн дарамт нэмэгдээд байгаа учраас ирэх хоёр жилд эдийн засаг, ард иргэдийн амьдрал хэцүүхэн байх төлөв бий. Эдийн засаг дампуурлын хэмжээнд хүрч болзошгүй гэж харагдаад байна л даа.
-Эдийн засагчид Монгол Улс стафегляцад орсон гэж ярих боллоо. Энэ ямар учиртай талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Сүүлийн үед манайхан хүмүүст үл ойлгогдох янз бүрийн нэр томъёо хэрэглээд байх болж. Уг нь монгол хэлээрээ хэлчих зүйл зүйл. Ердөө гацаанд орсон гэсэн үг. Эдийн засгийн өсөлт зогссон байхд инфляц нэмэгдээд байгаа үзэгдэл. Энэ бол Монголд өнөөдөр болж байна. Уг үзэгдэл нийгмийн баян чинээлэг давхаргад ямар ч нөлөөгүй. Харин жирийн ард иргэд, ажлын байраа алдсан хүмүүс хамгийн их нэрвэгдэнэ. Монголчууд асар их тэвчээртэй, Төрийн минь сүлд гээд сууж байдаг болж. Гэтэл Европод жагсаал цуглаан болж эхэлсэн. Тодруулбал, Чехийн нийслэл Прага хотод инфляц 8.9 хувьд хүрлээ гэж 70 гаруй мянган хүн жагслаа. Гэтэл манайд инфляц бодитоор 30 хувьд хүрсэн байхад “Төр засагтаа итгэж байна” гээд л сууж байна. Би заримдаа хамгийн их олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллоор явж хүмүүстэй уулзаж ярилцаж үздэг. Гэтэл амьдрал туйлын хүнд, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн ч цалин орлого нэмэгдээгүй гэсэн иргэн олон байна.
-Эдийн засаг сэргэхэд гадаадын хөрөнгө оруулалт бас чухал нөлөө үзүүлдэг гэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд буурсан гэж байгаа. Тэгвэл манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байна уу?
-Гадаадын хөрөнгө оруулагчид өөрт ашигтай үед орж ирэх нь тодорхой. Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмждэг, маш таатай хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн. Гэвч энэ хууль эрх зүйн орчин нь хэрэгжиж чадахгүй, хүн бүрт тэгш үйлчлэхгүй байгаа учраас хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна. Томчууд нь нийлээд хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг, хөрөнгө мөнгийг нь хулгайлдаг. Энэ нь бүр зуршил болчихсон. Ийм л шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм. Тэгээд хэдэн популистууд хөрөнгө оруулагчдыг хөөгөөд байна гэж ярьдаг. Популист гэж нэрлээд байгаа тэр нөхдүүд нь нийгэм, эдийн засагт ямар ч ач холбогдолгүй, нөлөө үзүүлж чаддаггүй. Тэд өөрсдөө ч байр сууриа мэдэж байгаа. Хий хоосон л орилдог байх. Хууль хэрэгжүүлэх ёстой төрийн дээд төвшины удирдлагууд, хуулийн байгууллагуудынхан гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдээд байна гэсэн мэдээлэл нэлээд гарч байна шүү дээ. Хөрөнгө оруулагчид нь ашгаа авч чадахгүй байна гээд гадаад, дотоодын хэвлэлээр гарсаар л байна. Үүнийг үгүйсгэх арга ч байхгүй. Ийм учраас гадаадын хөрөнгө оруулагчид зүрхэлж орж ирж чадахгүй байгаа юм болов уу гэж харж байна.
-Эдийн засгийн өнөөгийн хямралт байдлаас гарах гарц гаргалгаа бий юу. Хэдий хугацаа шаардагдах бол?
-Муу амалмааргүй байна. Гэхдээ бас худал хэлж болохгүй. Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгвэл манай улсын эдийн засаг 12 тэрбум ам.доллар шүү дээ. Иймд ДНБ-ий 260 хувьтай тэнцэх өртэй болжээ. Уг өрийн 12 орчим тэрбум ам.доллар нь төр засагт ногдож буй юм. Энэ өрийн сөрөг нөлөө бидэнд ирэх дөрөв, таван жилд маш хүчтэй мэдрэгдэнэ. Бид тавьсан өрөө төлөх хугацааг зөвхөн хойшлуулж л байгаа. Амьдралд ойроор хэлбэл бид ломбарданд тавьсан үнэт эдлэлээ сунгаж л байгаа юм шиг явж байна. Авсан мөнгөө төлөөгүй л гэсэн үг. Хэдхэн хоногийн өмнө АХБ манай улсад 100 сая ам.долларын зээл олголоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ бүгд өр болон бичигдсээр л байгаа юм. Өр нэмэгдэх тусам төсвөөс жил бүр төлөх хүүгийн зардал нэмэгдээд л явна. Өнөөдөр нэг жилийн төсвийнхөө 10 хувийг өрийн хүү төлөхөд зарцуулдаг. Цаашид өсөөд 15-20 хувьд хүрхэд маш хэцүү болно доо. Үндсэн төлбөрөө төлөхгүй хойшлуулаад яваад байгаа учраас маш хурдан дааж давашгүй хэмжээнд хүрнэ. Тэгэхээр 3-5 жилийн хугацаанд бид маш хүнд байдалд орно гэж харж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна