Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 2023 ОНЫ ТӨСВИЙГ БОЛОВСРУУЛАХДАА ШИНЭ ЖИШИГ БИЙ БОЛГОНО
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр / 2022.09.23/ нийслэлийн хамгийн том буюу 346 мянган иргэн оршин суудаг Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Засгийн газрын зарим гишүүд оролцов.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа- 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд болон дэлхий дахинд өрнөж буй үйл явц, улс орны нийгэм, эдийн засгийн бодит байдал, дэлхийг хэрсэн санхүүгийн хүндрэл дотоодод хэрхэн нөлөөлж болзошгүй байгаа талаар, ихэнх улс орныг хамраад байгаа санхүүгийн хямралт байдлыг Монгол Улс хэрхэн хохирол багатай даван туулахад чиглэсэн Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.
УИХ-аар баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2020-2030 он хүртэл хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилго нь эдийн засгаа богино хугацаанд сэргээх зорилготой бөгөөд өнгөрсөн 30 жилд манай улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг арилгахад чиглүүлж уг бодлогыг боловсруулсан гээд Засгийн газраас 2023 оны улсын төсвийг боловсруулахдаа ч шинэ жишгийг бий болгож, зарлага тал буюу халамжаа багасгаж, орлогоо дэмжих хөрөнгө оруулалтуудаа нэмэхээр төлөвлөж байгааг онцлов.
Манай улсын экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг. Эрчим хүчний салбарын ачаалал 118 хувь болж, жил бүр 140 тэрбум төгрөгөөр хэрэглээнийхээ 20 хувийн эрчим хүчийг импортолдог. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг ч газар нутгийнхаа ердөө 0.3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг учир замын түгжрэл, утаа, тоосжилт зэрэг өнөөдрийн хүндрэлтэй асуудлууд ужгирсан гэдгийг дурдлаа. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг засахын тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гээд үүнд тусгагдсан томоохонтөсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудынүр дүнд 2030 он гэхэд ДНБ багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5 дахин, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 мянга гаруй ажлын байр нэмэгдэхээр байгааг холбогдох тоо баримтаар тайлбарлав. Тухайлбал,2030 он гэхэд уг бодлогын үр дүнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна хэмээн тодотгоод 2021 онд 43 их наяд байсан ДНБ гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4599 ам.доллар байсан бол 12.054 ам.долларт хүргэхээр зорьж байгаа. Хүндрэл, бэрхшээл бүхэн өөр хоорондоо ямар нэг байдлаар холбоотой байдаг учир цогцоор нь шийдэх учиртай. Шинэ сэргэлтийн бодлого бол зөвхөн Засгийн газрын ажил биш. Нийслэл, дүүрэг, орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар энэхүү цогц бодлогыг хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэлээ.
Цар тахлын амаргүй цаг үеийг ч Засгийн газар амжилттай давж гарсан бөгөөд зөвхөн 2021 онд л гэхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхэд 1.3 их наяд, хатуу хөл хорионы үед иргэн бүрд 300 мянган төгрөг олгоход 1.1 их наяд, цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс хариуцахад 1.1 их наяд төгрөг зарцуулсан гэдгийг ч тодотгов.
Тэрбээр, өнөөдөр ч цар тахал болон геополитикийн хямралт нөхцөл байдал бидэнд дарамт үүсгэсээр байна. Ачаа тээврийн гацалт, газрын тосны бүтээгдэхүүн, ам.долларын ханшийн өсөлт зэрэг нь Монгол Улсын инфляц 14.4 хувьд хүргэхэд нөлөөлөөд байна. Инфляцийн 50 хувийг импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байна. Үүний дотор, шатахууны үнэ 58.6 хувь, махны үнэ 16 хувиар нэмэгдсэн нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн.Валютын орох урсгал буюу Монгол Улс гаднаас хэрхэн валют олдогвэ гэдэг асуулт гарч ирнэ.Экспортын орлого болвалют цуглуулдаг хамгийн гол суваг.Экспортодзэс, нүүрс, алтголлож ордог. Үүний 90 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Тэгвэл олсон валютаа бид юунд зарцуулдаг вэ гэхээр импортын төлбөрт хамгийн их зарцуулдаг.Бензин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хүнс зэрэг бүтээгдэхүүнгэсэн үг. Тэгэхээр цаашдаа бид яах вэ? Энэ хэвээрээ л яваад байх уу? Монгол Улс үйлдвэрлэгч улс болж, түүхий эдээ дотооддоо боловсруулдаг бол бидний валютын гарах урсгал багасаж, орох урсгал нэмэгдэнэ. Байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсантай холбоотой. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс, ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.Зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох учиртай. Хотын түгжрэлийг бууруулахын тулд хөдөө, орон нутгийн хөгжлөө бодлогоор дэмжих учиртай. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын, Эрчим хүчний, Аж үйлдвэржилтийн, Хот, хөдөөгийн, Төрийн бүтээмжийн, Ногоон хөгжлийн сэргэлтүүд чиглэх болно” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар, Баянзүрх дүүргийн удирдлагууд нийслэлчүүд төдийгүй тус дүүргийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудын хүрээнд илэн далангүй ярилцаж, 28 иргэний сонирхсон асуултад хариулж, хүсэлтийг нь газар дээр нь шийдвэрлэв. Нийслэлчүүдийн дөрөвний нэг нь оршин суудаг Баянзүрх дүүргийн хувьд гэр хорооллын авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж тааруу, боловсролын хүртээмж буюу цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байдаг, төрийн байгууллагын анхан дунд шатанд хүнд суртал их байгаа, сүүлийн хэдхэн жилийн дотор улстөржилтөөс болоод хөгжлийн үзүүлэлтээрээ бусад дүүргүүдтэй харьцуулахад сүүл мушгих болсон, ахмадуудын хувьд хөнгөлөлттэй эмийн асуудал зэрэгт Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарах шаардлагатай байгааг иргэд хэлж байв.
Иргэдийн санал, хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Баянзүрх дүүргийн хэмжээнд санхүүжилт нь тодорхойгүйгээс “царцаасан” 31 обьект байдгаас зураг төсөв нь бүрэн байгааг нь ирэх оны төсөвт тусгуулах, мөн сургууль, цэцэрлэгийн дөрвөн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, гэр хорооллын зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын зураг төсвийг бэлэн болгоход зориулж Ерөнхий сайдын багцаас дөрвөн тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэлээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.
Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.
Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.
Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.
ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.
1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.
Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.
Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.
Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.
Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.
2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.
Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.
Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024.11.26
Улаанбаатар хот
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр17 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө