Бусад
Г.МАНЛАЙЖАВ: МАНАЙ УЛСАД ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛЫН 192.2 МЯНГАН ТОНН НӨӨЦ БИЙ
Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжавтай цөмийн салбарын талаар ярилцлаа.
-Манай улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай болон Цөмийн зэвсгийг хориглох гэрээнд нэгдэн орсон. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Манай улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай (Treaty on the non-Proliferation of the Nuclear Weapons) гэрээнд 1969 онд нэгдэн орсон. Цөмийн зэвсгийг хориглох тухай (Treaty on the Prohibition of Nuclear Weapon) гэрээг 2021 онд соёрхон баталсан. Олон улсын гэрээгээр Монгол Улс нь цөмийн материалыг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагаандаа цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг гаргасан. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэж ороогүй улс орнуудад цөмийн материалыг дамжуулахгүй байх зэрэг үүрэг хүлээдэг. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдсэн улс орны хувьд цөмийн зэвсэг болон аливаа цөмийн тэсрэх төхөөрөмж боловсруулах, турших, үйлдвэрлэх, эзэмших, хадгалах, дамжуулах, хүлээн авах зорилгоор ашиглахгүй байх зэрэг хэд хэдэн үүргийг хүлээж биелүүлж ирсэн. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд цөмийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл болох цөмийн түлшний циклд хамаарах судалгаа шинжилгээний үйл ажиллагааны тухай мэдээлэл, тэдгээр үйл ажиллагаа явагдаж байгаа байршлын тухай ерөнхий мэдээлэл, ураны хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрийн жилийн урьдчилан тооцсон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүчин чадал, ашиглалтын байдал, байршил, экспорт импортын тухай тусгай мэдүүлгийг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-т тухай бүр нь хүргүүлж хамтран ажиллаж байна.
-Монгол Улс цөмийн энергийн талаар ямар бодлого баримталж байна вэ?
-УИХ-аас 2009 онд баталсан “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ бодлого нь цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч тэргүүлэгч орны нэг болох, улмаар цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэндэд аюулгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн байдаг. Бодлогыг хэрэгжүүлэхдээ улс орныхоо стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, нөлөө бүхий улсуудын стратегийн сонирхлыг Монголд буй болгох бодлого баримталж байна. Бид энэ бодлогын зорилтыг удирдлага болгон эдгээр зарчмуудыг баримтлан ажиллаж байна.
-Цөмийн технолгийн салбарт ямар ямар улс орон, байгууллагуудтай хамтран ажиллаж байна вэ?
-Манай улсын хувьд ОХУ, БНФУ, БНСУ, БНХАУ, Япон, БНЭУ, АНУ, БНЧУ, Канад зэрэг улс орнуудтай цөмийн энергийн салбарт идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлдэг. Үүнд цөмийн технологийн туршлага судлах, эрдэм шинжилгээ, судалгааны багт хамтран ажиллах, оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг урт болон дунд хугацааны сургалтад хамруулах зэрэг хүний нөөцөд чиглэсэн үйл ажиллагаанууд орохоос гадна цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хамтын ажиллагаанууд багтаж байна. Эдгээр улс орнуудаас гадна олон улсын байгууллагуудтай нягт уялдаатай ажилладаг. Тухайлбал, Олон улсын атомын энергийн агентлаг бол цөмийн салбарын асуудлыг эрхэлдэг олон улсын хамгийн том байгууллага, 175 гишүүн оронтой. Энэ байгууллагад манай улс элсэн ороод 50 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсад үндэсний хэмжээний 90 гаруй төслийг хэрэгжүүлэн эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, мал эмнэлэг, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээ, боловсрол, соёл шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбаруудад 16.4 сая еврогийн хөрөнгө оруулалтыг авсан байна. Мөн Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ), Ази, Номхон Далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр (АНДБХАХ), Азийн цөмийн хамтын ажиллагааны форум (АЦХАФ), Европын холбоо зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ мэдлэг, туршлагыг солилцох, технологи нэвтрүүлэхэд үр дүнтэй хамтран ажилладаг.
-Дэлхий нийтээр байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэл хөгжүүлэх талаар сүүлийн жилүүдэд анхаарах болсон. Тэгвэл цөмийн технологи ашигласан үйлдвэрлэл байгаль орчинд хор хөнөөлгүй, аюул тарихгүй, зардал бага байж чадаж байгаа юу?
-Цөмийн технологийг ерөнхийд нь цөмийн эрчим хүчний ба эрчим хүчний бус технологи гэж хоёр ангилдаг. Манайх одоог хүртэл цөмийн эрчим хүчний бус технологийг эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, геологи уул уурхай, аж үйлдвэр, хүрээлэн буй орчин, судалгаа шинжилгээний салбарт нэлээд өргөн ашиглаж байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд уушигны рентген зураг авахаас эхлээд хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд цөмийн технологийг орлох өөр арга техник шинээр гараагүй байна. Геологи, уул уурхайн салбарт гэхэд зайнаас тандан судлахаас эхлээд хүдэр болон үйлдвэрийн бүтээгдэхүүний найрлагыг цөмийн аргаар хурдан шуурхай бөгөөд өндөр нарийвчлалтай тодорхойлдог. Цөмийн технологи ашигласан үйлдвэрлэл байгаль орчинд хор хөнөөл, аюул тарих тухай ойлголт их харьцангуй юм. Аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартаа чанд мөрдлөг болгон ашиглах л асуудал. Харин ч янз бүрийн үйлдвэрлэлээс гарах хог хаягдлыг цацрагаар шарах замаар ариутгах, дахин боловсруулахад цөмийн технологийг өргөн хэрэглэдэг. Цацрагаар шарж материалын шинж чанарыг сайжруулах, ялангуяа хүнсний зүйлийг шарж бактерийг устган хадгалах хугацааг уртасгах технологийг олон улс оронд өргөн хэрэглэж байна.
АНУ Азийн олон улсаас хүнсний ногоо, жимс импортлодог бөгөөд заавал цацрагаар шарсан байхыг шаарддаг байна. Энэ жишээгээр манайх эко махаа экспортлохын хамт хүнсний ногоогоо цацрагаар шарах технологи нэвтрүүлбэл жилд ганц удаа ургац хурааж авдаг учраас хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулахад ихээхэн үр өгөөжтэй байх юм. Цөмийн технологийг ашиглахад мэргэжлийн ажилтан, хүн ам, хүрээлэн буй орчинд аюул учруулахаас сэргийлсэн эрх зүйн зохицуулалт, тухайлбал цацрагийн үүсгүүрийг ашиглахад зөвшөөрөл авах, тээвэрлэх, хадгалах гэх мэт бүхий л үйл ажиллагааг тодорхой дүрэм журмуудаар зохицуулдаг. Энэхүү дүрэм журам, стандартыг ОУАЭАийн зөвлөмж, шаардлагуудад нийцүүлэн боловсруулж, Засгийн газар, Цөмийн энергийн комисс, Стандарт хэмжил зүйн газар зэрэг эрх бүхий байгууллага баталж нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг болсон. Цөмийн эрчим хүчний технологийг ашиглах асуудалд олон нийт хамгийн болгоомжилдог боловч цөмийн эрчим хүчийг ногоон эх үүсвэрт тооцох болсон. Судлаачид цөмийн станцын аюулгүй байдалд онцгойлон анхаарч дэвшилтэт технологийг хөгжүүлсний үр дүнд аюулгүй байдал нь эрс дээшилсэн. Харин цөмийн станцыг ашигласнаар үүсдэг урт настай цацраг идэвхт изотопууд агуулсан “ашигласан түлш”- ийг дахин боловсруулах, насыг нь богиносгох судалгаа шинжилгээний ажил хараахан шийдлээ олоогүй байгаа нь үнэн. Гэхдээ үүнтэй холбоотой нэг зүйлийг нэмж хэлэхэд, цөмийн станцыг ажиллуулсан тухайн улс “ашигласан түлш”-нийхээ асуудлыг, өөрөөр хэлбэл хадгалах асуудлыг өөрөө шийдэх зарчмыг дэлхий нийтээр баримталдаг юм. Тийм учраас Монгол Улс уран экспортлоод юмуу цөмийн станц ажиллуулаад “ашигласан түлш”-тэй болсныг далимдуулан бусад улсууд манай нутаг дэвсгэрт “цөмийн хаягдлаа булах” асуудал гарах үндэс байхгүй.
-Манай улсад цөмийн технологийн хэрэглээ аль аль салбарт хэрхэн нэвтэрч, хөгжиж байна. Ямар салбарт илүү их хэрэглээ байдаг юм бол. Эндээс гарах хог хаягдлын аюулгүй байдлыг яаж хангадаг вэ?
-Монгол Улсын хувьд 1934 онд улсын нэгдүгээр төв эмнэлэг рентген аппарат ашиглаж эхэлж, 1956 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг байгуулсан үеэс цөмийн физик, технологийн судалгааг эх орондоо хөгжүүлж байна. Цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, судалгаа шинжилгээ, уул уурхай, геологи хайгуул, аюулгүй үзлэг, хяналт шалгалт гэх мэт олон салбарт хэрэглэж байгаагаас эрүүл мэнд, судалгаа шинжилгээний байгууллагад илүү ихээр нэвтрүүлж байна. Эдгээрээс гарч буй цацраг идэвхт хаягдлыг “Цацрагийн аюулгүйн норм”, “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”, “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм” гэх мэт хууль дүрмийн дагуу ЦЭК-ын Ажлын албаны Изотоп конторт түр буюу бүр хадгалж аюулгүй байдлыг ханган ажилладаг.
-Цөмийн технолгийн салбарт ажиллах боловсон хүчин хэрхэн бэлтгэж байна вэ?
-Цөмийн технологийн салбарт зөвхөн цөмийн физикч биш физик, хими, инженер техникийн төдийгүй хууль эрх зүй зэрэг нийгэм-хүмүүнлэгийн ухааны олон салбарын мэргэжилтнүүд ажиллах шаардлагатай байдаг. Салбарын хүний нөөцийг бакалавр, магистр, докторын боловсролын зэрэг олгох сургалтаар дотоод, гадаадад бэлтгэдэг. Цөмийн инженер технологийн нарийн мэргэжлийн хүний нөөцийг дотоодод МУИС, ШУТИС-д бэлтгэхээс гадна олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны шугамаар ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг цөмийн технологи өндөр хөгжсөн улс орнуудад, ихэвчлэн эдгээр улсуудын Засгийн газрын тэтгэлгээр сургаж бэлтгэж байна. Мөн төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулдаг. Тухайлбал ОУАЭА, Ази, Номхон Далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд тодорхой сэдвүүдээр зохиогддог сургалт, семинар, ажлын уулзалт, зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хуралд мэргэжилтнүүдээ оролцуулж, шинэ техник технологийн талаар мэдлэг эзэмших, мэдээлэл олж авах хэлбэрээр мэргэшүүлэн чадавхжуулах өргөн боломж байдаг нь магадгүй манай салбарын том давуу тал байх.
-Манай улс ураны нөөц ихтэй орны нэг. Иймд эрчим хүчний салбарт бага, дунд чадлын реактор ашиглах боломж хэр байгаа юм бол. Энэ технологийн аюулгүй байдлын баталгаа ямар байдаг вэ?
-Манай орны эрчим хүчний бүтцийг харвал 90 хувийг нүүрс, 7.9 хувийг нар болон салхин эх үүсвэр, 1.2 хувийг усан цахилгаан станц хангасан байна. Ногоон эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх цаашлаад эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд цөмийн эрчим хүчний чиглэлээр судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг өндөр түвшинд сайжруулах нэн шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд 441 цөмийн реактор ажиллаж, нийт эрчим хүчний 10 орчим хувийг ЦЭХ-ээр үйлдвэрлэж байна. Дэлхийн улс орнуудын чиг хандлага бага дунд чадлын цөмийн реакторийг хөгжүүлэхэд чиглэж буй нь аюулгүй ажиллагааны системийн найдвартай байдал, өндөр технологи, барьж байгуулах зардал харьцангуй бага болон ашиглалтад оруулах хугацаа богино зэргээс хамааралтай байх. Бага дунд чадлын цөмийн реакторын хөргөлтийн систем нь цөмийн реактор дотор байрласан нь реакторын ослын нэг шалтгаан болох хөргөлтийн системийн доголдол үүсэх эрсдэлийг бууруулж чадсан. Мөн хөргөлтийн систем нь насос/ шахуурга шаардахгүй учир ослын нөхцөл үүссэн ч гэсэн цөмийн түлшний голомт хайлахгүй, цацраг идэвхт бодис гадаад орчинд алдагдах нөхцөл үүсэхгүй юм.
-Цацраг идэвхт ашигт малтмалын тархалтын талаар дэлгэрүүлж өгнө үү. Тухайн газар нутагт хяналт шалгалт хийдэг үү?
-Манай орны нутаг дэвсгэрт 1945 оноос цацраг идэвхт ашигт малтмалын геологийн судалгааг үе шаттайгаар хийж ирсэн. 100 орчим илрэл, 13 ордыг нээн илрүүлж нөөц, баялгийг нь тогтоосон байна. Одоогоор манай улсын дөрвөн аймгийн 10 сумын нутагт нийт 132.7 мянган гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тав, ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг долоон аж ахуйн нэгж эзэмшиж байна. Харин цацраг идэвхт ашигт малтмалын ордын батлагдсан нөөцийн нийт хэмжээ 192.2 мянган тонн байна. Эдгээрээс Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч-Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ахицтай явж байна. Хяналт шалгалтын хувьд мэргэжлийн байгууллагууд, холбогдох төрийн байгууллагууд үйл ажиллагаанд нь байнга шалгалт хийдэг. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын асуудлыг Засгийн газраас анхаарч холбогдох хяналт шалгалтын болон мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг удаа дараа байгуулж, хяналт шалгалтыг зохион байгуулж, дүнг олон нийтэд танилцуулж ирлээ. Энэ жил Олон улсын атомын энергийн агентлагаас мэргэжлийн зөвлөх баг Монгол Улсад ирж манай улсын цацраг идэвхт ашигт малтмалын эрх зүйн орчин, дүрэм журам, байгаль орчин, аюулгүй байдал зэрэгтэй танилцаж зөвлөмж гаргасан. Зөвлөх багийн эцсийн тайланг есдүгээр сарын дундуур албан ёсоор хүлээн авна.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Бусад13 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр21 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр20 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм19 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм19 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна