Улс төр
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өчигдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой энэ удаагийн хурал давхцаж буйгаараа онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхэд, гэр бүл, боловсролын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, Үндэсний зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлж, ойн баярын мэнд хүргэлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Л.Энх-Амгалан хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого, тогтолцоо, эрх зүйн шинэчлэл, Хүүхдийн төлөө сангийн шинэчилсэн журам, үйл ажиллагааг танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохицуулалт, үйлчилгээний төрөл болон санхүүжилт, хяналтын зохицуулалтыг сайжруулж баталсан. Хүүхэд хамгааллын төсвийг жил бүр нэмэгдүүлж 2020 онд 6 тэрбум байсан төсвийг 2024 онд 13,9 тэрбум, 2025 онд 20,8 тэрбум төгрөг болгоод байгаа аж.
Цаашид Засгийн газар хүүхэд хөгжлийн үндэсний тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна. Хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж буй орчин, нөхцөл дийлэнхдээ гэр бүлээс шалтгаалж буй тул Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Тухайлбал, Гэр бүлийг дэмжих хуульд хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих, гэр бүлд үзүүлэх санхүүгийн болон орон сууцны дэмжлэг, аюулгүй орчин, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, гэр бүлд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэг олон асуудлыг тусгах шаардлагатай болжээ.
Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг илүү тодорхой болгоод байна. Шинэчилсэн журамд хүүхдэд зориулсан барилга, байгууламж шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, тухайн орон нутгийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, аюулгүй, таатай зорчих орчныг бүрдүүлсэн байх, эдгээрт санал авах, судлах, эрэмбэлэх асуудлыг тусгажээ. Өнөөдрийн байдлаар тус санд 25 тэрбум төгрөгийг орлого хуримтлагдсан бөгөөд 781,4 сая төгрөгийг амжилт гаргасан 217 хүүхдийг шагнаж урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. 2025 онд тус сангаас санхүүжүүлэх төсөл арга хэмжээний саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүлээн авсан бөгөөд нийт 19 санал ирснийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд энэ жил тэмдэглэж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Монгол Улсын хүүхдийн байгууллага, үйл ажиллагааны онцлогийг танилцуулав. Цаашид Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх салбарт хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг хэрэгжүүлэх, таван жилээр стратеги төлөвлөгөө гаргаж тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд хүүхэд хөгжлийг дэмжих ажлуудыг өрнүүлэх нь үр дүнтэй байгаа талаар хэллээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжил, оролцоо, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тодорхой төсөв гаргаж, бодлогоо чиглүүлж буйг сайшаагаад цаашид үүнд чиглэсэн салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын статусыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Түүнчлэн Үндэсний зөвлөлийн гишүүд гэр бүлийн асуудалд онцгой анхаарах, хүүхдийг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх бүтээн байгуулалтуудыг улс орон даяар өрнүүлэх, Сурагчийн зөвлөлийг сургууль, орон нутгийн удирдлагатай уялдаа холбоотой ажиллуулах, бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж буй асуудалд анхаарах, хүүхэд хамгааллыг цогцоор нь харах, хүүхдийн асуудал эрхэлсэн болон төрийн бусад байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатайг хэллээ.
Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын сайн, сайхны төлөө Засгийн газрын бүх бодлого чиглэх ёстойг тэмдэглээд хүүхдийн эрх ашгийг бүх шатанд анхаарч, уялдаа холбоотой, төр, хувийн хэвшил төдийгүй олон нийт ч оролцоогоо нэмэгдүүлж хамтран ажиллахыг уриаллаа.
Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулж гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, бүх хүүхдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй олгоход онцгой анхаарч нийт ЕБС-ийг улсын хэмжээнд нэг ээлжээр хичээллүүлэхийн тулд хэрэгцээтэй сургуулиудыг шинээр барих, санхүүжилтийг шийдвэрлэх тооцоо судалгааг гарган ажиллаж байгааг хэллээ. Мөн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй, шилэн байлгах ёстойг холбогдох албан тушаалтнуудад сануулж сангийн санхүүжилтээр 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгааг сайтар хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, улмаар дараагийн хуралдаанаар хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэхээр тогтлоо.

Улс төр
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр /2025.05.07/ зохион байгуулав.
Сонсгол 09 цаг 16 минутад, гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлсэн. Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар товлож, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг сонсгол даргалагчаар сонгон, сонсголыг зохион байгуулахаар болсон билээ.
Ингээд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголын дэг болон Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан.
Нэр дэвшигч Сандаг овогтой Магнайсүрэн нь 1975 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн./дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг баклавр, магистрын зэрэгтэй тус тус төгссөн. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна.
Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа иргэний нийгмийн байгууллагуудаас аудит хийлгэх хүсэлт гаргасан нөхцөлд хэрхэн хамтарч ажиллах, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангахад ямар байр суурь баримтлахыг лавласан. Нэр дэвшигч хариултдаа, аудитын сэдвийг сонгохдоо иргэдийн ашиг сонирхлыг хөндсөн, хариу хүлээсэн сэдвийг нэн тэргүүнд тавих, хоёрдугаарт иргэдийн саналыг харгалзан үзэж, аудитын сэдвээ сонгож Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд асуудлыг авч үзнэ гэв. Мөн аудитын хараат бус байх үндсэн зарчим нь хангагдаж байж мөн чанар нь шийдэгддэг. 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг Улсын Их Хурлаас батлахдаа энэхүү хараат бус байх асуудлыг нэлээдгүй өндөр түвшинд сайн хуульчилсан. Ер нь хараат бус байдлын талаарх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн гэж үздэг хэмээв.
Дараа нь “Үнэн хатамж” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа аудитын сэдэвт иргэдийн саналыг чухалчлан үзнэ гэсэн нь сайшаалтай байгааг тэмдэглээд, жил бүр төсвийн төсөлд өгдөг аудитын зөвлөмжийг үр дүнтэй болгоход цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодруулсан. Нэр дэвшигч С.Магнайсүрэн хариултдаа, 2024 онд адуитын байгууллагаас 9629 зөвлөмж хүргүүлсэн бөгөөд биелэлт нь 75.2 хувьтай байгаа нь шийдвэрийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна гэж байлаа.
Сонсгол гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Т.Аубакир, Р.Батболд, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Батбаяр, Б.Заяабал, Ж.Баясгалан, З.Мэндсайхан, Г.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, үйл ажиллагааныхаа чиглэлд улс төрөөс хараат бус байдлыг хэрхэн хангаж ажиллах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд аудитын байгууллага нээлттэй байхад баримтлах зарчмын талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир аудитын байгууллага санхүү, гүйцэтгэлийнхээ хяналттай зэрэгцүүлээд нийцлийн аудит хийхэд анхаарах шаардлагатай талаар байр суурийг нь сонирхож байлаа.
Нэр дэвшигч хариултдаа, Аудитын хараат бус байдал нь үйл ажиллагааных нь үндсэн гол амин судас байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аудитын байгууллагын суурь үндсийг тусгасан нь чухал алхам болсон. Үүнээс үндэслээд 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Иймд уг хууль нь аудитын хараат бус байдлын эрх зүйн орчныг хангахад чиглэснийг дурдаад өнөөдрийн нөхцөлд төрийн аудитын байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Хууль зүйн хувьд хараат бус ажиллах бүх нөхцөл, бололцоо хангагдсан тул улс төрийн нам болоод бусад субъектээс үл хамаарч, хараат бусаар ажиллах боломжтой гэв.
Мөн иргэнийхээ зүгээс ч, УИХ-аас томилогдвол энэ чиглэлийн үүрэг хүлээсэн албан хаагчийн хувьд ч аудитын ил тод, нээлттэй байдал чухал асуудал гэдгийг тодотгоод цаашдаа аливаа зөрчил, хохирлыг төлүүлэхээсээ илүүтэй эрсдэлийг бага түвшинд байлгахад онцгойлон анхаарч ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу санхүү, гүйцэтгэл, нийцэл гэсэн гурван аудитыг хийдэг. Нийгэм, эдийн засаг хөгжиж, төсөв тэлж байгаа энэ цаг үед аудитын гүйцэтгэх чиг үүрэг өсөж байна. Өнөөдөр санхүү, гүйцэтгэлийн аудитыг нийцэлтэйгээ хамт хийх асуудлыг хуулиар зохицуулсан хүрээнд явуулж байгаа. Нийцлийн аудитад онцгойлон анхаарч, хэрэгжилтийг нь хангах нь чухал гэдэгтэй санал нэг байна гэлээ.
Гишүүд Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд төрд олон жил ажилласан туршлагатай, улс төрөөс хараат бус бие даан ажиллах чадвартай хүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид Үндэсний аудитын газар нь хяналтын байгууллагын хувьд төрийн болон төрийн өмчит байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, санхүүгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх асуудалд ул суурьтай хандахгүй бол зөрчил, хохирлын асуудал багасгахгүй гэдгийг анхааруулж байв. Мөн төрийн аудитын байгууллагаас үр ашиггүй гэдэг дүгнэлтийг гаргасан байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй төрийн өмчит компаниудын асуудлыг цэгцлэх, хариуцлага тооцдог болох, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад санаачилгатай ажиллахыг хүсэж байлаа. Түүнчлэн санхүүгийн аудитын хүрээнд өгсөн хязгаарлалттай дүгнэлтийн дагуу холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлээд явдаг болсон. Харин гүйцэтгэл, нийцлийн аудитыг чамбайруулж, энэ хүрээнд өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд хариуцлагагүй ханддаг байдлыг зогсоох, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашигтай байдалд онцгойлон анхаарах, улмаар хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай бол Төсвийн байнгын хороотой нягт хамтран ажиллахыг хүсэж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Г.Дамдинням Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 133 дугаар зүйлийн 133.1-т “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэснийг онцлон дурдаад үүгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өндөрлөснийг мэдэгдлээ.
Нэр дэвшигчтэй холбоотой сонсголын тайланг гаргахаар хуралдаан хаалттайгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцуулж, танилцуулгатай холбогдуулан:
-Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулах саналаа бэлтгэж дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх,
-Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,
-Хүүхэд өөрсдөө оролцдог оролцооны байгууллагуудын зөв оролцоо, хамтын ажиллагааны механизмыг зөв тодорхойлж, хамтран ажиллах,
-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсоох, авч хэрэгжүүлэх саналыг дараагийн хуралдаанд танилцуулах,
-Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, танилцуулах,
-Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэх,
-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналт, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, одоо хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Улс төр
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, ураны төслийн үр нөлөө, ач холбогдлыг үнэн зөвөөр таниулж ойлгуулах ажлын хүрээнд дараах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо.
Тус тогтоолоор, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүн болон уран олборлолтын техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх арга хэмжээ авна.
Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэхийг тогтоолоор үүрэгжүүллээ.
Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэх, ураны төслийн үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо.
Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах асуудлыг судалж танилцуулна.
-
Эдийн засаг13 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ
-
Улс төр19 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Улс төр19 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ
-
Нийгэм16 цаг өмнө
“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ
-
Улс төр14 цаг өмнө
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов
-
Нийгэм14 цаг өмнө
Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно