Нийгэм
Жирэмсний тэтгэмж авах эрхийг хязгаарласан журмын заалтыг хүчингүй болгов
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “… жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг … жирэмсний 31-32 долоо хоногтойд … олгоно”, 4.8.2-т “… жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд /эмнэлгийн хуудас бичиж олгохгүй/” гэж тус тус заасан байна. Иргэн Сувдаас “… жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас олгоно гэж хязгаарласнаар жирэмсний 36-37 долоо хоногтой надад эмнэлгийн хуудас олгоогүйгээс тэтгэмжээ авч чадаагүй, журмын дээрх заалтууд нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн” гэж үзэж, уг заалтуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “… журмын холбогдох заалтууд нь хэм хэмжээний актад тавигдах шаардлагад нийцсэн …”, “хууль зөрчөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэлэлцээд журмын 4.8.2 дахь заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилгод нийцээгүй, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах иргэний эрхийг хязгаарласан буюу хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалтыг оруулсан байна гэж үзэж, журмын энэ заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заажээ.
Хуульд заасан энэ шаардлагыг хангасан эхийн жирэмсний тэтгэмж авах эрх нь жирэмсний 31-32 долоо хоног хүрч, эмнэлгийн хуудас олгогдсоноор нээгдэнэ. Аливаа шалтгаанаар дээрх хугацааны дотор эмнэлгийн хуудас аваагүй эх үүнээс хойших хугацаанд уг хуудас болон жирэмсний тэтгэмжээ авах эрхтэй. Энэ эрхийг “жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас аваагүй” гэх үндэслэлээр хязгаарлах агуулгатай журам баталсан нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн, хуулийн зорилго, зохицуулалтад нийцээгүй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.
Харин “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6 дахь заалт нь эмнэлгийн хуудсыг жирэмсний ямар хугацаанд аль байгууллага жирэмсэн эхэд олгохыг тодорхой болгож зохицуулсан заалт байх тул хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна.
Энэхүү хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Эх сурвалж: Монгол Улсын дээд шүүх
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм17 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр17 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр17 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа