Бусад
“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар ярих тусам тохиолдол нь нэмэгдэж байна”

Хүүхдийн хүчирхийллийн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаас тодрууллаа.
-Он гарсаар үйлдэгдсэн хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээллийг системтэйгээр хүргэх шаардлагатай. Өнгөрсөн оны мэдээллээр ярилцах нь зүйтэй. Өнгөрсөн онд 235 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Бэлгийн хүчирхийлэл цагдаа дээр шалгагддаг. Харин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүүхдийн эрхийг зөрчихгүй байх тал дээр анхаарч ажилладаг. Хүүхдээс мэдүүлэг авахдаа зориулалтын өрөөнд авах, хүүхдийг өмгөөлөгчөөр хангах зэргээр ажилладаг. Энэ хүрээнд таван төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан бэлгийн хүрчирхийлэлд өртөн нөхөн сэргээх эмчилгээг зайлшгүй авах шаардлагатай байгаа хүүхдэд үйлчилж байгаа.
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээг гаднын оронд хэрхэн явуулдаг юм вэ. Монгол Улсад энэ үйлчилгээг хэрхэн үзүүлж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд 52 хүүхдийг өмгөөлөгчөөр хангаж, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулсан байна. Нөхөн сэргээх эмчилгээ нь долоо хоног үргэлжилдэггүй. Урт хугацаа шаарддаг. Нөхөн сэргээх эмчилгээг сайжруулж, илүү бодитой болгох тал дээр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Нөхөн сэргээх эмчилгээ гаднын оронд олон янз байдаг. Зөвхөн сэтгэл заслын үйлчилгээгээр хязгаарлагддаггүй. Бие махбодид нь нөхөн сэргээлт явуулах шаардлагатай гэж үздэг. Онгон хальсыг нь оёдог. Энэ төрлийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулах талаар судалж байгаа. Хүүхдийг өөртөө илтгэлтэй иргэн, ээж болоход нь бид хэрхэн туслах тал дээр ажиллаж байна.
-Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаарх түүх, насны талаар ярих нь бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдэд сэдэл болдог. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн талаар их ярих тусам энэ гэмт хэрэг дараалан гарч байгаа. Хүчирхийлэл үйлдэгч нь насан туршдаа хүчирхийлэлд өртөж байсан хүн, эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй хүн байдаг.
Тиймээс хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдэд “Хүрэхүйн тухай ойлголт”-ыг өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд биед нь хэн хүрч болох, болохгүйн тухай ойлголттой болно.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Энтертайнмент24 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм2 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо