Нийгэм
Томуугийн вакциныг өрх, дүүргийн вакцины нэгжээр дамжуулан хийж байна
Өнөөдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалтад хэрхэн хамрагдах болон томуу, томуу төст өвчний үед дэлгэсэн орны зохион байгуулалтын талаар танилцууллаа.
Одоогоор амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчин оношлогдож байгаа аж. Мөн хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсдийн 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногоосоо нэмэгдсэн үзүүлэлт юм. Түргэн тусламжийн дуудлага ч мөн нэмэгдсэн бөгөөд нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын 60 орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой байгааг албаныхан мэдээллээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Ц.Билэгтсайхан энэ үеэр “Энэ жил хоёр эх үүсвэрээс 500 гаруй мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг авахаар төлөвлөсөн. Энэ удаад 1-5 насны 214,000 хүүхэд, 42,200 жирэмсэн эх, 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй 218,000, эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад томуугийн вакцин хийхээр төлөвлөгдсөн. 21 аймагт бүрэн түгээгдсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2540 хүүхэд, 13 жирэмсэн эх, 65 насны 942 хүн, эрүүл мэндийн байгууллагын 852 ажилтан томуугийн вакцинд хамрагдсан байна. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдийн вакцины нэгжээр дамжуулан хийхээс гадна 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахын тулд цэцэрлэгүүд дээр хийж байна” хэмээлээ.
Үүнээс гадна Томуугийн Үндэсний Төвийн дарга, доктор А.Бурмаа “Томуу, томуу төст өвчөөр оношлогдож буй хүмүүсийг насаар нь ангилбал, 90 орчим хувь нь 0-15 насныхан. Тэдний 60 гаруй хувь нь 0-4 насныхан бөгөөд 5-9 насныхны дунд ч өвчлөл нэмэгдэж байгаа. Харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцуудад энтеровирус, бокавирус, реновирус, синцитиаль вирусүүд давамгайлж байна. Энтеровирусээр бага насны хүүхдүүд голчлон өвдөх магадлалтай ба халуурах, хоолой, хэвлийгээр өвдөх, суулгах, толгой өвдөх шинж илэрнэ.
Бокавирусээр залуус өвдөх эрсдэлтэй, амьсгалын доод зам буюу уушги гэмтэх, хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг, ханиалгах, халуурах, найтаах, нусгайрах, бөөлжих шинж давамгайлдаг бол реновирус нь жилийн туршид хүн амын орчилд байдаг, хавар болон намрын цагт идэвхжил нь нэмэгддэг. Хамар, хоолойн салст хавагнаж, дунд чихний үрэвсэл болох зэрэг эрсдэлтэй байдаг. Харин синцитиаль(Respitatory syncytial virus)-д сүүлийн жилүүдэд анхаарлаа хандуулж байна. Энэ нь хоёр хүртэлх насныхан өвдөх магадлал өндөр. Хэв шинжийн хувьд томуугийн А, Б хүрээний вирустэй адил төстэй байдаг” гэдгийг онцолж байлаа.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм12 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр12 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр12 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа