Нийгэм
Баруун бүсийн босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа
Монгол Улсын Засгийн Газар, Зам тээврийн хөгжлийн яам нь ойрын болон дунд хугацаанд олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг улам өргөтгөхийг зорьж байна. Энэ хүрээнд тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх олон улсын тээврийг хөгжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогын зорилт, хөтөлбөрийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгуудад ОХУ-ын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомттой холбогдох Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн энэхүү зам нь Монгол Улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулна. Энэхүү бүтээн байгуулалт 2012 оноос хойш үе шаттайгаар явж, ийнхүү дуусаж байна. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, CAREC-ийн 4”а” коридор, үндэсний томоохон бүтээн байгуулалтын нэг, Ази Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн энэхүү авто замыг Монгол Улсын төсөв, БНХАУ-ын Засгийн газрын зээл, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан.
Энэхүү тээврийн коридор нь БНХАУ, Шинжаан Уйгурын Өрөмч, Ховд аймгийн Булган боомт, Ховд, Баян-Өлгий аймгийн төв, Цагаануур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх 4500 км гаруй юм. Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгууллаа. Ингэснээр тус бүсэд томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, бүтээгдэхүүнээ экспортлож эдийн засагт өндөр хувь нэмэр оруулна.
Мөн манай улс 20 гаруй улстай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автотээврийн харилцаатай. Олон улсын болон бүс нутгийн тээвэрлэлтэд манай тээвэрчид оролцдог. Энэ коридороор ч бусад орны болон манай улсын тээвэрчид олон улсад транзит тээвэр хийх боломж бүрдлээ” гэв.
Замын барилгын ажилд Монгол Улсын авто замын төлөвлөлтийн стандартын III ангилал, Азийн авто замын техникийн II ангиллын авто замын шаардлагад нийцсэн, орчин үеийн техникийн дэвшлийг нэвтрүүлсэн. Төслийн хүрээнд 745.8км замын дагууд 30 – 201 метр урттай нийт 1884.8 урт метр хүчитгэсэн төмөр бетон 33 гүүр, хавцал дахь хадны нуранги, чулуунаас хамгаалах 1300 метр урт хамгаалалтын торон хашлага, хөрсний гулсалтаас сэргийлсэн 1400 метр бетон ханыг манай улсын авто замын түүхэнд анх удаа барьж байгуулсан байна. Түүнчлэн шөнийн харанхуйд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Cat Eye” буюу гэрэлтүүлэгч бөмбөлгийг Бага-Улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км замын хучилтад анх удаа ашиглажээ. Мөн Бураатын даваанд цас, борооноос үүсэх хальтиргаа гулгаанаас сэргийлэх “Rumble” наалтыг анх удаа авто замын хучилтад хийсэн, мөнх цэвдэгтэй хэсэгт 1300 метр уртад цэвдэгээс хамгаалах термосифон хоолойг хучилтан дор суурилуулж, цэвдгийг заасан хэмд барьж хадгалах шонгуудыг замын дагууд суурилуулсан гэдгээрээ онцлогтой.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм12 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр12 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр12 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа