Нийгэм
Биржийн бус зах зээлээс 681.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэв
Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын гуравдугаар улирлын тойм мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.Оюунчимэг, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн нар оролцлоо.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө ДНБ-ний 20.7 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан үзүүлэлт юм. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулахад 11.1, даатгалын зах зээл 1.1, ББСБ 7.9, ХЗХ 0.6 хувьтай тус тус байна. СЗХ нь чиг үүргийнхээ хүрээнд 3,686 зохицуулалттай этгээд, 2,298 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавин ажиллалаа.
Хөрөнгийн зах зээл: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4,788.3 тэрбум төгрөгт хүрсэн ба хувьцааны хөрвөх чадвар 2.7 хувьд хүрэв. Нийт 328.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба арилжааны 45.8 хувийг хувьцаа, 32.0 хувийг компанийн бонд, 21.2 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.0 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна. ТОП 20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилан харахад аж үйлдвэр 56.3 хувь, уул уурхай 19.7 хувь, банк санхүүгийн салбар 17.4 хувь, худалдаа үйлчилгээ 4.4 хувь, харилцаа холбоо 2.2 хувийг тус тус эзэлж байна. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс 2022 оны 3 дугаар улирлын байдлаар биржийн бус зах зээлд нийт 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гарсан бөгөөд 681.7 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байна.
Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өсөж 449.6 тэрбум төгрөгт хүрсэн бол, нөөц сан 2.1 хувиар өсөж 209.0 тэрбум төгрөгт тус тус хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 127.2 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 2,948,989 зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.7 хувиар өсөж 216.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Даатгалын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 50.7 хувиар өсөж 69.0 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.4 хувийг эзэлж байна.
Банк бус санхүүгийн байгууллага: Мөн улирлын байдлаар нийт 522 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөг хүрсэн ба нийт харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.9 саяд хүрч, тэдгээрийн 92.2 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна. Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгдэж 1.6 саяд хүрсэн ба 88.8 хувийг финтекийн зээлдэгчид эзэлж байна. Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 51.0 хувиар өсөж 2.7 их наяд төгрөг байгаа бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 88.9 хувийг иргэдийн зээл, 11.1 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл эзэлж байгаа бөгөөд чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувьд 7.3 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 пунктээр буурлаа. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 237.5 мянган төгрөг байна.
Хадгаламж, зээлийн хоршоо: Нийт 202 ХЗХ-д 72,770 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн. ХЗХ-дын нийт хөрөнгө 266.7 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 189.8 тэрбум төгрөг буюу 71.2 хувийг эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсөж 216.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.6 хувийг чанаргүй зээл эзэлж байна.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал болон үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 295 компани, тэдгээрийн 309 брокер, 1,413 агент ажиллаж байна. Давхардсан тоогоор 295 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 5,446 хэлцлээр 1.4 сая м.кв талбай, 930.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 3,304 хэлцлээр 300.1 мянган м.кв талбай, 88.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид гуравдугаар улирлын байдлаар 213.3 тэрбум төгрөгийн үнэт металлыг борлуулж, 216.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ. И-баримтын мэдээгээр 410 үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд 24,830 бүтээгдэхүүнийг 5.1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбар: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан 9 биржийг бүртгээд байна. Эдгээр биржид дотоодын 19, гадаадын 160 виртуал хөрөнгө арилжаалагдаж байна. Зах зээлийн үнэлгээний хувьд 2021 оны оргил үедээ 1 өдөрт дунджаар 1.0-1.4 их наяд төгрөгийн арилжаа хийгдэж байсан бол 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 1 өдөрт дунджаар 300 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж байна.
Сэндбоксын зохицуулалт: Сэндбокс зохицуулалтын орчинд цахим мөнгөнд суурилсан дижитал бондын үйлчилгээ болон репо хэлцлийн платформын үйлчилгээ туршигдаж байна. Сэндбоксын туршилтад байгаа энэхүү 2 бүтээгдэхүүн нь өрийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагааг цахимжуулан хөнгөвчлөх мөн Монгол Улсад мөнгөний зах зээл үүсэж хөгжих эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм11 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр11 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр11 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа