Нийгэм
Томуу, томуу төст өвчний ачаалал нэмэгдсэн тул улсын хэмжээнд нэмэлтээр 450 ор дэлгэжээ
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй нийт иргэдийн 9.6 хувь нь томуу төст өвчнөөр оношлогдож байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуугаас үүдэлтэй хүндрэлээр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс нийт эмчлүүлэгчдийн дотор 16.2 хувьтай байна.
Одоогийн байдлаар аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхдүүдийн 68 орчим хувь нь амьсгалын замын цочмог халдвараар хүндэрч эмнэлэгт хэвтжээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд нэмэлтээр 450 ор дэлгэсэн. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 18 орчим хувьтай байна. Тус дуудлага мэдээллийн 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид ирж байгаа шинжилгээгээр томуугийн вирус хараахан орчилд ороогүй байна. Түүнчлэн сорьцын дүн мэдээллээс харахад, SARS-CoV-2 болон Хүний метапневмовирус (HMPV) вирус зонхилох хувийг эзэлж байна.
Тодруулбал, лабораторийн шинжилгээгээр эерэг гарсан нийт сорьцын 30 гаруй хувийг Хүний метапневмовирус (HMPV) вирус эзэлж байгаа юм. Энэ вирус нь нэлээд хүндрэлтэй явагддаг. Амьсгалын дээд зам болон бусад эрхтнийг шууд гэмтээх эрсдэлтэй учраас хатгалгаа, астма үүсгэж хүндэрдэг. Улмаар зөвхөн амьсгалын замаас гадна хоол боловсруулах эрхтнийг давхар гэмтээдэг.
Илрэх шинж тэмдгийг тодруулбал, ханиалгах, нус гарах, хамар хоолойн салстууд улайх хавагнах, гүйлгэх, суулгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дээрх хордлогын шинж тэмдэг өвчилсөн иргэдийн 50-60 хувьд илэрч байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдүүд энэ халдварт зонхилон өртөж, хүндэрч байна.
Хүний метапневмовирусийг анх 2001 онд Нидерланд улсад амьсгалын замын шинэ халдвар үүсгэдэг нэлээд хоруу чанартай хордлогын эмнэл зүйн шинж тэмдэгтэй вирус хэмээн үзсэн. Үүнээс хойш хүн амын дунд жил болгон хоёр удаагийн давлагаа үүсгэж өвчлүүлдэг. Тодруулбал, арваннэгдүгээр сараас эхлээд дараа жилийнх нь хоёрдугаар сар хүртэл эхний давлагаа явна. Дараагийн давлагаа нь хоёрдугаар сараас үргэлжилдэг” хэмээн ярилаа.
Амьсгалын замын цочмог халдвараас сэргийлэх өвөрмөц сэргийлэлт, өвөрмөц бус сэргийлэлт гэж байдаг. Өвөрмөц сэргийлэлт нь вакцинжуулалт юм. Харин өвөрмөц бус сэргийлэлт нь бидний өдөр тутамдаа хийж хэвшсэн маск зүүх, гараа тогтмол угаах, амин дэмтэй хоол хэрэглэх гэх мэт юм гэдгийг зөвлөв.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм8 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр8 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр8 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа