Нийгэм
ЗОРИЛГОТОЙ, БҮТЭЭЛЧ АЖИЛТАЙ АЙМАГ
М.ДАВААДУЛАМ
Өвөрхангай аймаг 2021 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлж, “Шилдэг аймаг”-аар 9 дэх удаагаа шалгарсан нь саяхан. Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа 2050” шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангасан амжилтаараа улсад тэргүүлдэг. Аймгийн төвийн бүтээн байгуулалт, хүн зоны сэтгэл тэнэгэр байдлыг хараад л шилдэг аймгаар шалгарахаас яах вэ гэсэн сэтгэгдэл хэн бүхэнд төрнө. Жил бүрийг тухайлан нэг чиглэлээр зорилтот жил болгодог төдийгүй энэ жилийн хувьд “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил” болгон зарласантай холбогдуулан нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэх мэтчлэн аймгийн төвийн ногоон байгууламжаа 30 хувиар нэмэгдүүлжээ. Түүнчлэн сумын төвүүд нь ч зорилтот жилдээ уялдуулан ногоон байгууламж болон хог хаягдлын асуудалд нэлээд анхаарч ахиц дэвшил гарч бичил цэцэрлэгт хүрээлэн болон хог хаягдал ангилан ялгахад ихээхэн өөрчлөлт, шинэчлэлт гарчээ. Энэ тухай холбогдох албаны хүмүүстэй ярилцлаа.
/Өвөрхангай аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын ойн нэгжийн дарга/
Ю.Ганхуяг: Аймгийн ногоон байгууламжийн хэмжээ бодит байдал дээр 30 гаруй хувиар өссөн
-Өвөрхангай аймаг 2021 онд арав орчим мод үржүүлгийн газарт 300 гаруй мянга мод үржүүлж байсан бол харин 2022 онд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд тарьц суулгацын нөөцтэй байх үүднээс аймгийн ЗДТГ-аас тодорхой хэмжээний бодлого зохицуулалтыг хийж, төр хувийн хэвшил, орон нутаг хөгжүүлэх сангаас дэмжлэг үзүүлсний үр дүнд энэ онд манай аймагт 22 мод үржүүлгийн газар ажиллаж байна. Энэ жилээс таригдсан үрсэлгээ маань хоёр жилийн дараа гэхэд суулгац болж талбайд таригдан цэцэрлэгжүүлэлтэд гарч эхлэх бөгөөд ингэснээр жилд хоёр саяас доошгүй модыг тарьж ургуулах боломжтой болж байгаа нь их том амжилт юм. Жишээ нь Арвайхээр сумын “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ гэхэд л энэ жил 150 мянга гаруй тарьц, суулгац ургуулаад эхэлсэн ажиллаж байна. Нөгөө талаар аймгийн зүгээс мод үржүүлгийн газруудыг дэмжих үүднээс газар нутгийн бүсчлэлээр 5-6 мод үржүүлгийн газарт орон нутгийг дэмжих сангаас 200 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллага болон хувиараа мод тарих сонирхолтой байгууллага, хувь хүн нэлээд ихэссэн. Иймээс бүс нутгийнхаа хэмжээнд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлаад суулгацаар хангах нөхцөл бололцоог бүрдүүлж чадлаа. Баруунбаян улаан суманд гэхэд л говийн бүст ургадаг заг мод үржүүлэх үржүүлгийн газрыг нээснээр бүсчилж тарьж, ургуулах ажлын эхлэл маань сайхан тавигдсан гэж үзэж байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байна. манай аймаг жил бүрийг тухайлсан нэг зорилтот жил болгон зарладаг. 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил” болгон зарласантай холбогдуулан нэлээд томоохон бүтээн байгуулалтын суурийг тавилаа. Өнөөдрийн байдлаар ногоон байгууламжийн талбай 190 орчим га талбайг хамарч байна. Зорилтот жилийнхээ хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар сумдад ажлын тодорхой чиглэл өгсөн. Энэ жил хийгдсэн ажлын ихэнх нь сумын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мөн айл өрх, албан байгууллагуудад чиглэгдсэн. Ер нь аймгийн ногоон байгууламжийн хэмжээ бодит байдал дээр 30 гаруй хувиар өссөн. Жишээлбэл арвайхээр хотод баридсан 12 га талбай цэцэрлэгт хүрээлэн, сумдын төв автозамын дагуу байгуулагдсан автозам хамгаалах ойн зурвасууд, сумын төвүүдэд байгуулагдсан бичил цэцэрлэгүүд гэх мэт. Үүнтэй зэрэгцээд ногоон байгууламжийн ажиллах хүчин, усалгааны шинэ техник, технологи, хашаа хамгаалалтын асуудлуудыг шийдэн мод тарих ажлын суурь бэлтгэл ажлуудыг үндсэндээ хангаж ажиллалаа. Зорилтот жилд манай аймгийн хувь хүн, иргэд, ААН, компаниуд маш идэвхтэй оролцож байгаа. Арвайхээр суманд гэхэд л сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах, хамгаалах талд “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ хариуцаж ажиллаж байна. Эднийхээ хүн хүч, боловсон хүчин, техник тоног төхөөрөмжид бав анхаарч, тусалж дэмжсэн төдийгүй эднийх маань ч том үүрэг харуцлагатай оролцон ажиллаж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талд байгууллага, ААН маш өргөн хүрээтэй оролцож байгааг онцлон дурдах хэрэгтэй. 12 га талбайг хамарч буй цэцэрлэгт хүрээлэнд нийгмийн хариуцлагын хүрээнд Арвайхээр хотын 60 гаруй ААН байгууллага бүх зардлаа өөрсдөө гарган 25 мянган модыг тариад байна. Хог хаягдлыг бууруулахад манай сумуудад ангилан ялгах, дахивар бүтээгдэхүүн цуглуулах зэрэг шилдэг, тэргүүний сайн туршлагууд гарсаар байна. Арвайхээр хотын ТҮК маань ч нэлээн сайн ажиллаж байгаа. Ангилж ялгасан хуванцар, гялгар уутаар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэдний хийсэн хашааны шонгоор бид ногоон байгууламжаа хамгаалж хашаа хайс барьж байна. Мөн Хайрхандулаан суманд гэхэд шил, лааз ангилан хаях цэг байгуулснаар иогэд хөдөө гадаа хог хаягдлаа хаяхгүйгээр тус цэгт хаяснаар байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, олон нийтийн таашаал хүлээсэн ажил болж байна. Сум бүр хогийн цэгүүдээ хашаажуулж, камержуулж эмх цэгцтэй болгосон. Арвайхээр хотын хэмжээнд 7-8 бичил цэцэрлэг байгуулсан. Өлзийт овооны энгэрт уулын ойжуулалтыг анх удаа туршилт байдлаар 1.5 га талбайд 1000 гаруй мод тарилаа. Сүүлийн жилүүдэд Дэлгэрэх гол дагууд 10 гаруй га газар дан мод тариад байна. Цаашдаа хувь хүмүүсийн аж амьдралыг сайжруулах зорилгоор агро ойг дэмжих, төрөл бүрийн жимсний мод, ашигтай төрөл бүрийн мод, бут, сөөг тариулах чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн байгаа. 2023 оноос мод тарих ажил нэлээн эрчимтэй явагдана. Нөгөө талаар удирдлага, зохион байгуулалт, иргэдийнхээ ухамсрыг өөрчлөх, хандлагыг өөрчлөх чиглэлээр томоохон ажил хийх, түүнчлэн тарьсан мод, бутаа зорилготой, чиглэлтэй, эзэнтэй тарих ёстой гэх мэт асуудлуудад анхаармаар юм байна гэдэг эхний жилийн ажлаас сургамж авч байна. Ямар ч хашаа хамгаалалтгүй, зөвхөн дэврүүн сэтгэлээр мод тарина гэдэг учир дутагдалтай, үр дүн муутай, тиймээс үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх жилээс бид мод тарих ажлаа шинэ шатанд гаргаж, шинэ арга барилаар тарьж ургуулна гэж бодож байгаа.
/Арвайхээр хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн/
Ө.Золбаяр: Дэлгэрэх гол дагуу дөрвөн том цэцэрлэгт хүрээлэнг 2019 оноос хойш үе шаттайгаар хийж хэрэгжүүлсэн
Өвөрхангай аймгийн Арвайхээр сум маань ногоон байгууламж нэмэгдүүлэх орчны бохирдлыг бууруулах жилийн хүрээнд хоёр зорилт тавьсан. Нэгдүгээрт айл өрх болгон ам бүлийнхээ тоогоор мод тарья гэсэн аян өрнүүлье, хоёрдугаарт хог хаягдлыг ангилан ялгах, эх үүсвэртэй, ангилан ялгах ажлыг эхлүүлье гэсэн зорилт тавьсан. Энэ жилийн хувьд арав, арваннэгдүгээр сарын байдлаар Арвайхээр хот маань нийтийн эзэмшлийн болон айл өрх, албан байгууллага маань нийтдээ 62000 ширхэг мод, бут тарьсан, эдгээр модны амьдрах чадвар 85-аас дээш хувьтай байгаа бөгөөд нийт ногоон байгууламжийн хэмжээ 21.2га-р нэмэгдсэн. Энэ жил нийтийн эзэмшилдээ нийт модныхоо 34 мянгыг тарьсан. Шинэ цэцэрлэгт хүрээлэн буюу Арвайхээрийн шинэ шинэ суурьшлын бүст 12 га талбайд хайс, хашаа барьж, ургамлан хашлага болгож мод, бут тарьсан. Түүнчлэн автозам дагуу ногоон бүс байгуулах зорилгоор хоёр км газар моджуулахаас гадна хотынхоо хамгийн хойд талын Өлзийт овооныхоо энгэрт анх удаа мод тарих ажлыг эхлүүлсэн. Хог ангилан ялгах талд мөн ахиц дэвшил гарсаар байгаа. үүний нэг нь хогны машиныхаа тэвшийг хоёр хувааж ангилсан хог, энгийн хог гэж ялгаж ачдаг болсноор хогны машин нийлүүлээд хаячихлаа гэсэн гомдол энэ жил бараг шийдэгдсэн. Ангилан ялгасан ундааны сав, гялгар уут, дахивар бүтээгдэхүүнээ манай ТҮК маань дахин боловсруулаад шон, нойлын кольцо, замын хамгаалалтын шон гэх мэт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа нь маш том дэвшил болж байна. Зорилтот жилийн хүрээнд “Өнгө нэм” ТББ-тай хамтарч ААН, албан байгууллагын үүдний гадна талбайд жишиг хогийн сав байрлуулсан. Цаашид ч энэ талд ажлууд хийхээр төлөвлөгдөн зураг төсөл, төсөв нь батлагдаад явж байна. Зорилтот жил болон “Тэрбум мод- үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд ч тэр манай аймаг “Ногоон хэрэм” төслөөр 15 га, Арвайхээр цэцэрлэгжилт 5 га нийт 20 га-д мод үржүүлгийн талбайтай болсон. Манай арвайхээрийн хөрс, цаг уурын онцлог хэцүү, маш хуурай уур амьсгалтай, хөрсний өөрчлөлт маш бага, зөвхөн өнгөн хэсгийн үржил 5-10 см байдаг. Доошоо бол дандаа хайрга, дайрга болчихдог хөрстэй. Тиймээс заавал ч үгүй нэмэлтээр хар шороо, бусад хөрс сайжруулах бордоо хийж байж, мод, тариа ургадаг. Хөрсний хувьд бол нэлээн үржил шим муутай. Тиймээс нэмэлтээр бордоо хэрэглэх шаардлагатай болдог. Мод тарих гэж буй хүмүүсийн гол бэрхшээл бол хар шорооны асуудал байдаг. Харин энэ жилийн хувьд 60 км автозам тавьж байгаа хятадын компанийн туслалцаагаар хар шороогоо хангасан байгаа. Өвөрхангай аймаг бичил уурхай эрхлэгчид, гар аргаар алт олборлодог хүмүүс маш ихтэй. Тэр хүмүүсийг нийгмийн хариуцлагын хүрээнд мод, бут тарих ногоон боломж бий болгох ажилд хамтарч оролцооч гэсэн санал тавьсан. Тэд ч дэмжин ажиллаж бараг 1000 гаруй модны нүхийг ухаж, модыг нь тарих ажлыг хийж гүйцэтгэсэн. Бидэнд я тэдэнд ч их сайхан ажил болсон, тэр хүмүүс ч их баяртай байгаа. Ургалт, усалгаа арчилгааг нь Арвайхээр цэцэрлэгжилт компани хариуцан, худаг гаргах, усалгааны систем тавих ажлыг нь хийсэн. Манайхан байнгын усалгаа, арчилгааг сайн хийсний үл дүнд ургалт сайн байгаа гэж хэлж болно. Хотын маань дундуур урсдаг Дэлгэрэх голынхоо урсацыг сайжруулах, тохижуулах талаар 2016 оноос хойш үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн. Эхний ээлжид үерийн далангийнхаа хоёр талын замыг цементлэх ажил хийсэн, харин 2018 оноос хойш цэцэрлэгт хүрээлэн байгуулж хүмүүсийн амрах чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг явган замтай, гэрэлтүүлэгтэй зүлэгжүүлсэн талбайтай, дотор нь зугаалах маягаар байгуулсан. Түүнчлэн үргэлжлүүлээд ногоон төгөл маягаар ногоон байгууламжийн чиглэлээр илүү их шигүү модыг тарьсан. Үүнийгээ хотын уушги байхаар, агаарыг цэвэршүүлэх маягаар тарьсан нь гурав дахь үе шатны үйл ажиллагаа болсон. Голынхоо хоёр талд хоёр жижиг хүрээлэн 2022 онд шинээр байгуулсан. Нийтдээ Дэлгэрэх гол дагуу дөрвөн том цэцэрлэгт хүрээлэнг 2019 оноос хойш үе шаттайгаар хийж хэрэгжүүлсэн.
/“Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн/
С.Цэдэндолгор: Энэ жилийн таригдсан 50 гаруй мянган модны бүх л арчилгааг бид хариуцаж, ургалт 90 хувьтай сайн байгаа гэж хэлж болно
-Зорилтот жилийн хүрээнд арвайхээрт 50 гаруй мянган мод тарьснаас “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ нь нийтийн эзэмшлийн талбайд 10 гаруй мянган мод тарьсан байна. Манай байгууллага нийтийн эзэмшлийн талбайн мод бутны ургалт, арчилгаа, тайралт, нөхөн тарилт, түүнчлэн мандлын цэцэг, зүлэг, мод, ногоон байгууламжтай холбоотой бүх ажлыг л хариуцдаг даа. Мөн энэ жилийн таригдсан 50 гаруй мянган модны бүх л арчилгааг бид хариуцаж байна. Ургалт 90 хувьтай сайн байгаа гэж хэлж болно. Обьект болгондоо усалгааны систем байрлуулж, боломжгүй газраа 4-5 автомашинаар байнгын зөөврийн усалгаа хийдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”- ий хүрээнд манай аймаг “Арвайхээр цэцэрлэгжилт” мод үржүүлгийн газрыг 5 га газарт байгуулж өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-нд үйл ажиллагаагаа явуулж, үндсэн цэцэрлэгчээр 4,5 хүн ажиллаж байна. Харин ажлын ачаалал ихтэй үедээ түр ажилчид авч ажиллуулдаг. Мод тариалалтад усалгаа их чухал байдаг. Тийм болохоор түр ажилчдаа яваандаа тогтмол байлгах үүднээс байнгын болговол их зүгээр байна. Тарьц суулгац маань 2024 оноос эхлэн талбайд таригдана. Энэ талбайдаа нэг настай тарьц гэхэд л 30 мянга гаруйг, орон нутагтаа ургаж болох хайлаас, улиас, шар хуайс зэргийг үрээр тариалаад байна. Ер нь жилдээ 150 мянга гаруй суулгацыг үрээр тариална гэж төлөвлөн цаашдаа Арвайхээрт тариалах модны суулгацаа хангана гэж төлөвлөсөн.
/“Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ын нярав/
Бат-Эрдэнэ: Аймгийн төвд таригдаж байгаа мод, сөөгийг хамгаалах хашаа, хайсны бүх л шонг манай үйлдвэр хийх бүрэн боломжтой
-“Арвайхээр” ТҮГ маань хогийн цэгт байгаа хаягдал түүхий эд, хуванцруудыг цуглуулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ жил 3000 шон хийхээс 2500 гаруйг нь хийчихсэн. Шонг нэг метр болон 80 смийн хэмжээтэй хийхээс гадна хаягдал сүүний савыг ашиглан гэрийн хаяавч, туургыг хийж эхэлсэн. Түүнчлэн автозамын хажуугийн хамгаалалтын шонг ч үйлдвэрлэж байна. Ирэх жилд нэлээд шон хийх захиалгатай байгаа тул одооноос түүхий эдээ бэлтгэн, нөөцөлж байна. Манай аймгийн хувьд айл өрх, албан байгууллагууд хогоо ангилан ялгах талд нэлээд ахицтай, сайн гэж хэлж болохоор хэвшсэн. Манай компани машиныхаа тэвшийг хоёр хуваагаад урд хэсэгт нь хуванцар сав, гялгар уутаа, бусад хогийг хойд хэсэгт нь ангилан ачдаг. “Түг”-ийн овоо хогийн цэгт шинэ бутлагч байрлуулан ажиллуулахад бэлэн болсон. Бутлагч ажилласнаар хаягдлаа тэнд нь бутлан, нөөцөө ихэсгэхэд ихээхэн дэм болно. Аймгийн төвд таригдаж байгаа мод, сөөгийг хамгаалах хашаа, хайсны бүх л шонг манай үйлдвэр хийх бүрэн боломжтой. Мөн хувь хүн болон албан байгууллагын захиалгаар нойлын кольцо үйлдвэрлэж туршилтаар хэрэглэсэн. Хуванцар учраас төмрийг бодвол эдэлгээ удаан гэдэг нь тогтоогдсон. Үүний зэрэгцээ үнэ багатай үхрийн ширийг авч боловсруулан 1500- 2000 метр сур хийгээд бэлэн болгосон байна.
/“Ногоон хэрэм” төслийн орон нутаг хариуцсан менежер/
Б.Одбилэг: Сум, орон нутгаас хүүхэд залуучууд болон тариаланчид ойжуулах сургалтад хамрагдах бүрэн боломжтой, нээлттэй
-Монгол Улс-БНСУ-ын хамтарсан ногоон хэрэм төсөл цөлжилтөөс хамгаалах, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор 2007 оноос хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжиж эхэлсэн. Төслийн маань эхний үе шат Өмнөговь аймгийн Булган сум болон Даланзадгадын Баянзаг, Төв аймгийн Лүн сум гэх газруудад 3000 га газрыг ойжуулж, мод үржүүлгийн газар байгуулж дууссан байгаа. Харин хоёр дахь үе шат нь Улаанбаатар хотын Дамбадаржаад “Хотын ой” гэсэн нэртэй 30 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Гуравдугаар үе шат нь 2022 оноос Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангай гэсэн гурван аймаг тус бүрт 15 га талбайд мод үржүүлгийн талбай байгуулах үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Энэ үе шат 2022-2027 оныг дуустал таван жилийн хугацаатай үргэлжилнэ, энэ жил бид бэлтгэл ажлаа хангаж байна. Үүнд цахилгаан, худаг ус, хашаа хамгаалалт, талбайн зохион байгуулалт, хөрс боловсруулалт, газар хагалалт зэрэг ажлууд багтаж үндсэндээ эдгээр ажил дуусах шатандаа ороод явж байна. Ирэх жилээс энэ талбайдаа хүлэмж барьж үрээ бойжуулаад, талбайдаа суулгаад, үржүүлгийн ажил маань эхэлнэ. 15 га талбай гэдэг бол мод үржүүлгийн хувьд маш том хэмжээ гэсэн үг. Төслийн нэг давуу тал бол ирэх жилээс эндээ сургалт, хүмүүжлийн байр барих явдал юм. Сум, орон нутгаас хүүхэд залуучууд болон тариаланчид ойжуулах сургалтад хамрагдах бүрэн боломжтой, нээлттэй. Ногоон хэрэм төсөл таван жил үргэлжилж, бүх үйл ажиллагаа жигдэрмэгц энэ талбай дээр байгаа бүх л зүйл Арвайхээрт үлдэнэ. Аймгийн байгаль орчны газар үйл ажиллагааг хариуцан явуулахаас гадна манай төслийн зүгээс зааж, зөвлөх хамтран ажиллах үйл явц үргэлжилнэ. Төслийн ерөнхий зохион байгуулалтаа “Арвайхээр” гэдэг утгаараа арвайн түрүүг бэлгэдэж дээрээс нь харвал арвайн түрүү шиг харагдахаар төлөвлөсөн байгаа.
Азийн хөгжлийн банкний санхүүжилтээр дахивар таван цэг байгуулав
Машины тэвшийг хоёр хувааж үнс бусад хаягдал гэж ангилалтайгаар ачиж эхэлсэн
Залуус цэцэрлэгт хүрээлэн
Хуванцар бүтээгдэхүүн дахин боловсруулж хийсэн кольцоогоор сумын ЗДТГ-инй хашаанд эко 00 хийв
Ногоон хэрэм төсөл
Ногоон байгууламжийн хайс хашлагаа дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүнээр хийлээ
A301 авто зам дагуу 2.5 км ногоон зурвас байгуулж эхлэв
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм8 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр8 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр8 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа