Бусад
ЗӨВЛӨМЖ: Энэтхэг рүү зорчих монгол иргэдэд зориулав

Монгол иргэдийн Энэтхэг улсад эмчилгээ үйлчилгээнд хамрагдах зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгаа тул холбогдох байгууллагуудаас дараах мэдээлэл, зөвлөмжийг өгч байна.
НЭГ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, түүний дотор эд, эрхтэн шилжүүлэн суулган зорилгоор Энэтхэг улсыг зорьдог манай иргэдийн дийлэнх нь зорьсон хэргээр бүтээж, эх нутагтаа буцдаг.
Гэвч сүүлийн үед зарим эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн халдвар авах, үрэвсэх, оношийн зөрүү гарах, шинэ онош илэрч, төлөвлөснөөс илүү зардал чирэгдэл үүсэх, визийн ангилал солиулах, хугацаа хэтэрч сунгуулах, торгууль төлөх, Дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэдийг бүртгэх албанд зөвшөөрөл хүсэх гэх мэт хүндрэл бэрхшээл гарах болов. Иймд Энэтхэгийн эмнэлэгт хандахын өмнө дотоодын гуравдахь шатлалын эмнэлэг, нарийн мэргэжлийн эмч нартай зөвлөх, хуулийн дагуу эрх, үүрэг нь тодорхойлогдсон зуучлагч байгууллагаар зохих гэрээний үндсэн дээр үйлчлүүлэх, анагаахын болон англи, хинди хэлний мэдлэгтэй орчуулагч, хэлмэрчийн дэмжлэг туслалцааг авах нь дээрх хүндрэл бэрхшээлээс зайлсхийхэд тус дөхөм үзүүлэх болно.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Энэтхэгийг зорчих тохиолдолд “Эмчилгээний” визийг, урт хугацаатай мэдүүлэх нь визийн ангилал солиулах, хугацааг сунгуулах, виз хэтрүүлсэний торгууль төлөх, хилээр гарах зөвшөөрөл авах гэхчлэн цаг хугацаа алдахаас сэргийлэх болно. Визийн хугацааг хилээр орсноос бус виз олгосон өдрөөс тоолж эхэлдэгийг анзаарах нь визээ хэтрүүлж, өндөр торгууль төлөхөөс мөн сэргийлнэ.
ХОЁР. Энэтхэг улсад Хүний эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль (Transplantation of Human Organ and Tissues Act -THO)-ийг 1994 онд баталж, 2009 онд нэмэлт оруулсан байна.
Хүний эд, эрхтэнд нүд, нарийн гэдэс, бөөр, элэг, зүрх, уушиг, түрүү булчирхай, шулуун гэдэсний доод хэсэг, арьс, зөөлөн эд багтдаг. Эдгээр эд эрхтнийг хандивлагч (донор), хүлээн авагч( өвчтөн)-ийн хооронд төлбөр тооцоо байх ёсгүй. Эд, эрхтэн шилжүүлэх мэс хагалбарыг шүүхээр баталгаажуулсан, эмнэлгийн шинжилгээнүүдээр нотлогдсон, эрх бүхий байгууллага зөвшөөрсөн нөхцөлд тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт хийдэг байна.
Гадаадын иргэд нутгийн хүнээс эд, эрхтэн авахыг хориглодог, зөвхөн өөрсдийн садан төрөл (ах, эгч, дүү, аав, ээж), эхнэр, нөхрөөс эд, эрхтэн авахыг зөвшөөрдөг. Энэхүү заалтад өвөг эцэг, эмэг эх, ач зээ нар саявтар нэмж хамрагдсан. Эд эрхтнээ бусдад өгөх донор 18 насанд хүрсэн байхыг шаарддаг. Тархи нь үхэжсэн цогсноос эд, эрхтэн авахыг зөвшөөрдөг боловч арилжааны зорилгоор шарил хөндөхийг хориглодог.
Төрөл биш хүмүүсийн хооронд эд, эрхтэн худалдах явдлаас сэргийлэхийн тулд Advisory Committee, State Authorization Committee, Verification Committee, Medical Bоard гэдэг эрх бүхий байгууллага болон тухайн улсын ДТГ-аас “Үл татгалзах тухай Гэрчилгээ (Non-Objection Certificate) буюу зохих зөвшөөрөл авахыг шаарддаг. Уг зөвшөөрлийг авсан тохиолдолд “Mohan Foundation” зэрэг төрийн бус байгууллагад бүртгүүлэн тохирох эд эрхтэн олдохыг хүлээдэг.
Өөрсдийн донортой эсвэл тохирох эд эрхтэн олдсон үед Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ, Эсийн шинжилгээ, Цусны цагаан бөөм, анти-генийн шинжилгээ, Эд эрхтэн тохирох эсэхийн шинжилгээ гэхчлэн нэлээд хэдэн үзлэг шинжилгээг хийлгэж, ДОХ, халдварт шар, сүрьеэ өвчингүй гэдгийг нотолж, гэр бүлээсээ зөвшөөрөл бичгээр авсан байхыг шаарддаг.
Зардал хэмнэх үүднээс эдгээр шинжилгээг эмнэлэгт биш амбулатори болон хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад хийлгэж, тэр хугацаанд гадуур байр түрээсэлдэг тал бас байдаг.
ГУРАВ. Монгол иргэдийн ханддаг томхон эмнэлэгүүдийн талаарх товч мэдээлэл.
- “Фортис” (Fortis Hospital:www.fortishealthcare.com) групп 2001 онд байгуулагдсан, эмнэлгийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлдэг Азид томхонд тооцогддог эмнэлгийн сүлжээ, чадварлаг эмч, мэргэжилтэн, орчин үеийн тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн 260 кабинеттай, 56 салбартай, амбултороор хоногт 3,200 гаруй өвчтөнд үйлчилдэг аж.
Төлөөлөгчийн газраа манай улсад 2018 оны 2 дугаар сард нээсэн (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Монгол Контраст байрны 203 тоот, Утас: 99109978, 80744177, 96062246, Цахим хаяг: fortismongolia@gmail.com.) Тус групп “Интермед”, Улсын Клиникийн Нэгдүгээр Төв Эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтарч ажилладаг, Орхон, Дархан-Уул аймгийн ЭМГ-тай хамтарч ажиллах Санамж бичиг 2018 онд байгуулсан. Манай иргэд “Фортис” группын Нойда (Noida) болон Шинэ Дели (Escort Okla), Гургаон (Gurgoan), Чандигарх хотууд дахь салбар эмнэлгүүдэд ханддаг байна. - “Аполло” эмнэлэг 1983 онд байгуулагдсан, манай улсад Төлөөлөгчийн газар (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Түшиг төв 501 тоот, Утас: 976 86005775, Цахим хаяг: www.apollohospitals.com.) нь 2014 оны 12 дугаар сард нээгдсэн, эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлдэг, томхон эмнэлэг юм байна.
Тус эмнэлэг 120 гаруй улсын 39 сая өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, 56 салбар, 1,500 гаруй эмийн сан, анхан шатны тусламж үйлчилгээний 100 гаруй кабинет, зүрх, элэг, бөөр, цус , чөмөг шилжүүлэн суулгах мэс засал, нүдний цогц эмчилгээ, согог засал, гоо сайхны төв, теле эмнэлэг, эрүүл ахуйн төвүүдтэй аж. - Жайпее группийн (Jaypee Healthcare www.jaypeehealthcare.com) эмнэлэг 2008 онд байгуулагдсан, 1,200 ортой гурав дахь шатлалын, нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээ, түүний дотор хүүхдийн болон насанд хүрэгчдийн элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгддэг, элэгний хоёр дэлбэн шилжүүлэх, элэг дахин шилжүүлэн суулгах, цусны бүлэг таараагүй хүнд элэг шилжүүлэн суулгах ажилбарт 96 -100 хувийн баталгаа өгдөг байна.
Тус эмнэлэг манай Халдвар Судлалын Үндэсний Төвтэй эмнэлгийн болон яаралтай тусламжийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болон элэг шилжүүлэн суулгасан өвчтөнд удаан хугацаанд эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэх, хавдрын эмчилгээ, Эх Нялхсын Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй хүүхдийн зүрх судас, зүрхний эмгийг эмчлэх талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан аж. Монгол Улс дахь Төлөөлөгчөөр “Medzul Health” зуучлалын төв Төлөөлөгч нь Прадееп Риши, Г.Наранзул. Утас: +91 7838929895 ажилладаг байна. - “Меданта” эмнэлгийг 2009 онд зүрхний мэс заслын их эмч Нареш Трехан Гургаон хотод, 1,600 ортой, зүрх судас, мэдрэл, үе мөч, бөөр, хавдар судлал, мэдээ алдуулалт, нөхөн сэргээх, эрхтэн шилжүүлэн суулгах тасагтай, мэс заслын 45 өрөөтэй байгуулсан байна. Энэтхэгийн эмнэлгийг олон улсад таниулах зорилготой, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэгддэг уг эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг 4 сартайгаас 70 настай 2,500 гаруй өвчтөнд түүний дотор өөр бүлгийн цустай хүмүүст болон хоёр донороос элэг шилжүүлэн суулгасан аж. Монгол дахь Төлөөлөгчийн газар “Шинэ элэг, Шинэ амьдрал” ТББ.
- “Макс эмнэлэг” (Max Healthcare) 1985 онд байгуулагдсан, зүрх судас, хэт авиа, мэдрэл, мэдрэлийн мэс засал, үе мөч, гэмтэл, эх барих, гинекологи, хүүхэд, ерөнхий мэс засал, бөөр, дотор, нөхөн сэргээх чиглэлээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ
УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.