Засгийн газар “Нүүрсчдийн бүлэглэл”-тэй “дайн” эхлүүлснээ зарлаад сар боллоо. Атал, саарал ордноос “Нүүрсний хулгайч бол тэр” гэх ганц ч нэр сонсогдсонгүй. Уг нь Хятадын талаас аль жилийн өмнө “Нүүрсний хулгайч бол тэр, тэр” гэж нэрсийг нь нэгд нэггүй жагсаагаад Ерөнхий сайдад ирүүлсэн гэх. Зарлах гэхээр Засаг нь задарчих гээд, хав дарах гэхээр хулгайч нарыгаа хамгаалсан болчих гээд, хэн хэнээрээ туг тахихаа тохирч ядаад, аргаа барж байгаа гэх. Харин иргэд хүлээсээр, тэвчээр тасарч “Нүүрсний хулгайч нарын нэрсийг зарла” гэж Засгийн газраас шаардан төв талбайд цуглацгааж байна. Ард түмэн, ЖДҮ-ийн хулгайг харсаар өнгөрүүлсэн, Хөгжлийн банкийг тоносон хэргийг тэвчээд өнгөрүүлсэн, харин “Нүүрсний хулгай”-г хүлцэхгүй, хариуцлага нэхнэ гэцгээж байна. Чухамдаа, Засгийн газрын хувьд “Нүүрсчдийн бүлэглэл”-тэй “дайтна” гэсэн биш “Жоомоо алах гээд гэрээ галдах” гэгч л болчихоод байна.
Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс нүүрстэй холбоотой улстөрчдийг нэрсийг нэгтгэн танилцуулж байна. Магад, энэ жагсаалт “Нүүрсний бүлэглэл” гэж хэн бэ гэдэг асуултад хариулт олоход туслах биз.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитед” компанийн 51 хувийг эзэмшдэг. “Аспайр майнинг лимитед” компани нь “Овоот”-ын коксжих нүүрсний орд болон Жилчигбулаг, Нүүрстэй, Мянганы нүүрсний төсөлд хувь эзэмшдэг. Зөвхөн “Овоот”-ын орд нь л гэхэд 227 сая тонн нүүрсний нөөцтэй. Ц.Цэрэнпунцаг тус ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж, жилд 4.0 сая тонн баяжуулсан нүүрс гаргана гэж ярьж яваа.
Ц.Цэрэнпунцагийн нүүрстэй холбоотой сүлжээ ингээд дуусахгүй. Тодруулбал, Ц.Цэрэнпунцаг Содномын Жаргалсайхан гэгчтэй “Жи Эн майнинг” ХХК, “Билэгт хязгаар майнинг” ХХК, “Жиэнбевережис” ХХК, “Жем газ” ХХК, “Шинэ уул Вэтс” ХХК-иудыг хамтран эзэмшдэг. Тэгвэл түүний бизнесийн “алтан” хамтрагч С.Жаргалсайхан нь “Харгуйн тал транс “ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, БНХАУ руу нүүрс зөөдөг ажээ.
Түүнчлэн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн олборлолтыг 2.2 их наяд төгрөгөөр гүйцэтгэж байгаа “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Монгол талын эзэн Энхболдын Оюутцэцэн гэгч нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай тун ойроор холбогддог. Тодруулбал, Ц.Цэрэнпунцагийн зөвлөх Н.Биндэръяагийнх нь бизнесийн хамтрагч Э.Оюутцэцэн болж таардаг. Мөн тэдний бизнесийн хамааралд “Голден фрейт” ХХК гэх нүүрс тээврийн компани ч гарч ирнэ.
УИХ-ын гишүүн С.Батболд
УИХ-ын гишүүн С.Батболд “Тавантолгой” ордын анхны эзэмшигчдийн нэг. Гэхдээ өөрийн хувиа “Энержи ресурс”-т өгөөд, нүүрснээс хамааралгүй болсон гэж тайлбарладаг. Тэгвэл С.Батболд өдгөө өөрийнхөө “Алтай трейдинг” ХХК, “Алтай холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Жавзмаагаар дамжуулан “Жазлин” компанитай хамтарч “Баруун Монгол Эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Жазлин” компанийн хувьд оффшор бүстэй холбогддог “хар” түүхтэй компани бөгөөд Говь-Алтай аймагт асар том нүүрсний ордтой гэж гадна, дотнын хэвлэлээр нэг бус удаа бичигдэж байлаа.
Түүнчлэн, Гаалийнхан болон “Нүүрсний бүлэглэл”-ийнхэн хуйвалдаж, хилээр 1.9 сая тонн нүүрс хулгайгаар гаргасан хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Энэ их нүүрс хилээр хэрхэн, яаж гарсан нь тогтоогдох үед Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралтын оролцоо ил болно. Б.Асралтын хувьд хэзээнээс л “С.Батболдын хүн” гэдэг хаягтай явж ирсэн. Тэгэхээр С.Батболд ба Б.Асралт гэдэг хоршил “Нүүрсний бүлэглэл”-ийн хэргээс холдохгүй юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Өмнөговь аймаг, тэр тусмаа Тост тосон бумбын нуруунд эзэмшдэг нүүрсний лицензээрээ нэг хэсэг шуугиулж байлаа. Харин өдгөө түүний төрсөн дүү Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” ХХК нь “Айлбаян” гэх нүүрсний уурхай ажиллуулж буй. Харин тус уурхайн нүүрсийг Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн “Хурд транс” ХХК нь БНХАУ руу тээвэрлэдэг. Мөн Д.Энхгэрэлийн “Хурд авто” ХХК нь Гашуунсухайт боомтоор 30 автомашинаар нүүрс тээвэрлэдэг ажээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нүүрсний хулгайг хэргийг хянан шалгах Түр хорооны гишүүнээр АН-ын бүлгийг төлөөлөн сонгогдоод байсан. Гэвч тус Түр хорооны гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзсан. Зарим эх сурвалж “Ш.Адьшаа нүүрсний хулгайг шалгахад ашиг сонирхлын зөрчилтэй тул чөлөөлөгдсөн” гэж буй. Тэгвэл Ш.Адьшаа ингэж холбогддог ажээ.
Тухайлбал, Ш.Адьшаагийн “Ази групп” ХХК нь “Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, бага тойруу, 30, 01 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ хаяг дээр “Шанд ложистик” ХХК, “Шинэ Ази ложистик” ХХК, “Нарийн тошин констракшн” ХХК, “Вивид идеа” ХХК, “Хан тээлийн сүлд транс” ХХК-иуд давхар бүртгэлтэй бий. Эдгээр компаниуд нүүрсний чиглэлийн компаниуд бөгөөд “Шанд ложистик” ХХК нь л гэхэд Дорноговь аймгийн Даланжаргалын сумын Олон овоо өртөөний VIII замд төмрийн хүдэр, нүүрс буулгаж, ачих талбайтай юм байна.
Харин холбоо хамаарлын тухайд, “Шинэ Ази ложистик” ХХК, “Шанд ложистик” ХХК-ийг эзэмшигч Болдхуягийн Энхсайхан нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай хамт “Монгол Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” болон “Ховд аймгийн хөгжлийн төлөө” санг хамтран удирдаж иржээ. Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалын тун ойрын хамтрагчид ажээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
АН-ын А.Адъяасүрэн УИХ-д орж ирэхээсээ өмнө Хятадуудтай хамтрагч нүүрсний бизнес хийдэг байсан. Нүүрсний автомашинууддаа “С” зөвшөөрөл авах гэж авлига өгсөн хэргээр АТГ-т ээрэгдэж ч явсан. Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн Хятадуудтай хамтран эзэмшдэг байсан компаниуд нь өдгөө “Дайлингийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Азын хишиг дэлгэрэх” ХХК гэж нэрээ өөрчилж, зүсээ хувилгаад “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 504 автомашинаар нүүрс тээвэрлэж байна. Түүнчлэн, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хүү Амарсанаагийн Санчир, төрсөн дүү Амгалангийн Тогтохбаяр нарын хамтран эзэмшдэг “Топ транспорт” ХХК нь 30 автомашинаар БНХАУ руу нүүрс зөөж байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Содмонгол газ” ХХК-д УИХ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох хувьцаа эзэмшдэг. Ц.Анандбазар З.Энхболдын дүү З.Хишигтогтохтой дундаа нэг компани хамтран эзэмшдэг цаагуураа нүүрсний бизнестэй холбоотой гэгддэг. Тухайлбал, З.Хишигтогтох нь Ачитсайханы Баттүшигтэй хамтран “Инфра-Инженеринг” ХХК, “Браунрок” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компани З.Энхболдын “Интер” ХХК-ийн байранд байрладаг. Цаашилбал, А.Баттүшиг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Страто” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. “Страто” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд нүүрс боловсруулах үйлдвэр барьсан. Тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-аас хамгийн чанартай нүүрснийг нь хямд үнээр худалдан авч, боловсруулаад, урд хөрш рүү гаргаж үнэд хүргэдэг гэж хэл аманд өртөж ирсэн.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн, “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнийг “Нүүрсний нам”-ын дарга гэж хочлох нь ч бий. Арга ч үгүй юм, тэр орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн 20 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг нь Өмнөговь аймгийн ИТХ болон тус аймгийн иргэд эзэмшдэг гэсэн нэртэй. Үнэндээ Өмнөговь аймгийн ИТХ-ыг Д.Бат-Эрдэнэ өөрийнхөө хүмүүсээр дүүргэх замаар тус компанид дангаараа эзэн суучихсан гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа л, 2013 онд “Эрдэнэс тавантолгой” ХК болон орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн голын мөргөцөг хулгайлагдсан хэргийн гол холбогдогчоор тэр нэрлэгдэж байлаа.
Түүнчлэн, Д.Бат-Эрдэнэ “Ажнай корпораци” ХХК болон ээж Даринчулууны Хуушаанаараа дамжуулан “Тавантолгой транс” ХХК-ийг эзэмшдэг. Тус компанийн захирлаар Дашзэгвийн Дагвадорж ажилладаг. Дашзэгвийн Дагвадорж нь “Бүргэд транс “ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-иас БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг.
Мөн Д.Бат-Эрдэнэ хамтрагчид болох Ч.Жаргалсайхан, Ч.Батжаргал нарын ах дүүсийн “Шанх транс” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас нүүрс зөөдөг.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Нью прогресс групп” ХХК-ийн харьяа “Алтайн зам” компани нь Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн хөрс хуулалт болон баяжуулалтын ажлыг гүйцэтгэдэг.
Цаашилбал, “Алтайн зам” компанийн гүйцэтгэх захирлаар нь Батчулууны Энхбат ажилладаг. Б.Энхбат нь С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнхтэй “Алтай строй” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Тэгвэл “Алтай строй” ХХК нь “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайгаас Ховд аймгийн Булган-БНХАУ-ын Такашикен боомтын чиглэлд 28 автомашинаар, нүүрс тээвэрлэдэг.
Мөн “Алтай строй” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Банзрагчийн Мянганбуу ажилладаг. Б.Мянганбуу хувьдаа “Цаст Алтайн жинчид” ХХК-ийг эзэмшдэг. “Цаст алтайн жинчид” ХХК нь дээрх Булган-Такашикен чиглэлд 47 автомашинаар нүүрс тээвэрлэдэг. Сонирхуулахад, С.Бямбацогтын “Нью прогресс групп” ХХК-ийн охин компани болох “Эн Пи петролиум” ХХК нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Тэгвэл “Эн Пи петролиум” ХХК нүүрсний тээврийн компаниудад зориулж Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдад тус тус Шатахуун түгээх станц байгуулжээ.
Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар
БНХАУ-ын Ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч “China north indusrties Co.,Ltd” буюу “Norinco group” компани “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн суучихсан гэж хэлж болно. Тодруулбал, “Norinco group”-ийн охин компани болох “Норинко интернэшнл” компани нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 956 тэрбум төгрөгийн оффтейк гэрээ байгуулсан. “Норинко интернэшнл кооперэйшн” компани нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 1.3 их наяд төгрөгийн 3.0 сая тонн нүүрсний оффтейк гэрээ байгуулсан. Мөн “Norinco group”-ийн бас нэг охин компани болох “Нормаунт” ХХК нь “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай хамтран 2021 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн олборлолтыг гүйцэтгэх 2.2 их наяд төгрөгийн тендерт шалгарсан.
Түүнчлэн, “Norinco group”-ийн хөрөнгө оруулалттай “Тахилт хайрхан транс” ХХК 2019 онд Засгийн газартай Тавантолгой-Ханги чиглэлийн 477 км хатуу хучилттай автозамын концессын гэрээ үзэглэсэн.
Хамгийн ноцтой нь, зэвсэг үйлдвэрлэгч “Norinco group” охин компаниудаараа дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн сууж, нүүрсний бизнес хийж эхлэхэд нь УУХҮ-ийн сайд асан, одоогийн Хотын дарга Д.Сумъяабазар тусалсан байж болзошгүй хардлага байгаа. Жишээ нь, “Norinco group”-ийн хөрөнгө оруулалттай “Тахилт хайрхан транс” ХХК-ийн концессоор хэрэгжүүлж буй Тавантолгой-Ханги чиглэлийн 477 км хатуу хучилтай автозамын ажил нь таван багцтай. Гэтэл Хотын дарга Д.Сумъяабазарын хадам эгч Ч.Мичидмаагийн “Пи Си Пи Пи” ХХК нь тус замын III багц буюу 73.7 км замын ажлыг гүйцэтгэж буй. Ингэхдээ зөвхөн нэг багцын ажлыг 50 гаруй сая ам.долларын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа гэх. Эндээс, Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд байхдаа “Тахилт хайрхан транс” ХХК-д Тавантолгой-Ханги чиглэлийн концессын гэрээг өгч, хариуд нь хадам эгчийнхээ компанид асар их санхүүжилттэй ажил авч өгсөн дүр зураг харагдаж байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ХОМ-тээ дурддаг байсан “Топ медиа” ХХК, “Жабко” ХХК тэргүүтэй компаниуд өдгөө Батхуягийн Эрдэнэжаргалын нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэр байтугай, Д.Амарбаясгалангийн орон сууцны ордер нь хүртэл энэ залуугийн нэр дээр бүртгэлтэй байдаг гэх мэдээлэл ч гарч байлаа. Тэгвэл Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий этгээд Б.Эрдэнэжаргалын “Глобалгүүр транс” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 50 гаруй автомашинаар БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос” ХХК, “Ундрах говь” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК, “Монзол” ХХК тэргүүтэй нүүрсний чиглэлийн компаниудтай. Чухамдаа, “нүүрсний магнат” гэсэн ч болохоор.
Тухайлбал,
– Ч.Чинбатын “Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд MV-017317 дугаартай 350.13 га талбай бүхий “Хүрэн шанд” нүүрсний уурхайтай. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд “Эрвэй хошууны овоо” гэх уурхайтай.
– Ч.Чинбатын “Баялаг энержи ресурс” ХХК нь “Өсөх зоос” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Хүрэн шанд” нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтыг хариуцдаг. Нийт 500 гаруй ажилчинтай.
– Ч.Чинбат нь “Ундрах говь” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгчтэй хамтран эзэмшдэг. Тус компани сүүлийн үед олны анхаарлын төв ороод буй Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Баруун наран чиглэлийн 32 км автозамын төгсгөлөөс Цагаан дэл уул хилийн боомт хүртэлх 270 км хүнд даацын автозамын төсөлд шалгарсан. Уг төслийг нийт 230 сая ам.доллароор хэрэгжүүлж, зам ашиглалтад ормогц Цагаан дэл уул хилийн боомтыг нээж, урд хөрш рүү зөөх нүүрс тээврийг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа. Бас нэг ноцтой мэдээлэл нь, Ч.Чинбаттай “Ундрах говь” ХХК-ийг хамтран эзэмшдэг БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгч нь “Болдфоарда” ХХК, “Жунхаовэйеэ” ХХК-иудыг эзэмшдэг. Гэтэл “Жунхаовэйеэ” ХХК нь л гэхэд Өмнөговь аймагт 816.6 га талбай бүхий MV-017007 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
– Ч.Чинбатын “Монзол” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Бор толгой гэх газарт MV-20559 дугаартай, 86.7 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
“Моннис”-ын Өмнөговь дахь “тавиул” буюу ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
МАН-ын гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бямбацогтын Эрдэнэ-очир “Ханбогд тээвэр ложистик” ХХК, “Уужим од” ХХК-иудаараа нүүрс зөөдөг. “Ханбогд тээвэр ложистик” ХХК нь 37, “Уужим од” ХХК нь 5 автомашинаар нүүрс зөөхөөр гэрээлсэн байдаг. 2012 онд Ханбогд сумын МАН-аас Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогдож, одоог хүртэл ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хостамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-тай хамтран эзэмшдэг. Тэгвэл “Хостамга групп” ХХК-ийн захирал Очирын Оюунбат нь Хонг Конгийн “Anda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо нүүрс угаах үйлдвэр барьж буй.
“М Си Эс”-ээр “овоглогдог” УИХ-ын гишүүд
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нүүрсний хулгайг “М Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Голомт”-ын Д.Баясгалан, “Апу” П.Батсайхан нараар толгойлуулсан бүлэглэл үйлдсэн” гэж мэдэгдэв. “М Си Эс”-ийн хувьд Өмнөговьд “Энержи ресурс” ХХК “Ухаа худаг”-ийн нүүрсний ордод олборлолт хийдгийг танилцуулах илүүц биз. Чухамдаа нүүрсний хувийн хамгийн том уурхай бол тэднийх. Тэгвэл УИХ-д “Энержи ресурс” ХХК буюу “М Си Эс” группт хамааралтай гишүүд УИХ-д хэд хэд бий.
Тодруулбал,
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын эхнэр Т.Болормаа нь “М Си Эс” группийн харьяа “Интермед” эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилладаг. Товчхондоо, “М Си Эс”-тэй хувь, хувьсгалын “хэтэвч” нэгтэй хамтрагчид гэх. Мөн Д.Цогтбаатар өөрөө ч уул уурхайтай холбогдож явсан үе бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гадаадад оффшор данстай гэх мэдээлэл 2016 онд задарч байв. Түүний нэртэй хамт Сү.Батболдын нар дагалдаж байлаа. Улмаар Д.Цогтбаатар, Сү.Батболд нар зэрэгцэж суугаад хэвлэлийн хурал хийсэн. Ингэхдээ Д.Цогтбаатар “Австрали найз маань Монголд хамтарч бизнес хийе гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай “Бату майнинг” компани биднийг урьсан. Монголдоо хөрөнгө оруулалт татъя гэж бодсон. Түүнээс биш оффшор данстай нь ямар ч холбоогүй” гэх тайлбар хийгээд өнгөрсөн байдаг.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэр Д.Бадамцэцэг нь “М Си Эс монголиа” ХХК-ийн үндсэн долоон хувьцаа эзэмшигчийн нэг. Д.Бадамцэцэг “М Си Эс холдинг” ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “Энержи ресурс” компанийн IPO-г гаргалцсан том гавьяатай. Дээрээс нь, Ц.Мөнх-Оргил “М Си Эс” группийн Ерөнхийлөгч Ж.Одтой дотно найзууд буюу Нийслэлийн 23 дугаар сургуульд 10 жил хамт сурсан, цэрэгт явахдаа нэг ангид, бүр нэг салаанд хуваарилагдсан, хуучнаар ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд хамт суралцаж төгссөн гээд яг ижил намтартай. Чухамдаа тун дотно найзууд.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 2015 оны ХОМ-тээ “М Си Эс монголиа” ХХК-д 18 тэрбум төгрөгийн өртэй гэж мэдүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Харин Ц.Мөнх-Оргил тэр даруйд нь тайлбар хийж “Манай эхнэр “М Си Эс холдинг” ХХК-иас “Гоёо” ХХК-ийг худалдаж авсан. Гэхдээ төлбөрийнхөө 25 хувийг бэлнээр төлж, 75 хувийг нь зээлээр авсан. Тэр өр миний ХОМ-т дурдагдсан. Гэхдээ “Гоёо” ХХК-ийн 75 хувийг “М Си Эс холдинг” ХХК-д буцаагаад өгчихсөн учраас ямар ч өр төлбөргүй болсон. Манай эхнэр “Гоёо” ХХК-ийн үлдсэн 25 хувийг эзэмшдэг” гэж тайлбарлаж байв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ба ХНХ-ын сайд Т.Аюурсайхан
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй төрийн ордонд, Т.Аюурсайхан Баабартай твиттерт нүүрсний хулгайчаараа дуудалцаж, чи, би-дээ тулж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд ЗГХЭГ-ын дарга байх хугацаандаа “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн суух аядсан гэцгээдэг. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилуулж, түүнийг ашиглан нүүрсний гэрээг “шаг”-д гаргаж, хулгайд дэлгэрүүлсэн гэх нь бий. Харин Т.Аюурсайханы хувьд Д.Ариунболдын дараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Ганхуягтай тун ойр. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр Ардын намын ах нарынхаа төлөө төв талбайд хэдэнтээ хамт жагсаж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд майханд хамт хонож явсан хоёр. Тиймдээ ч Т.Аюурсайхан Б.Ганхуягийн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал байх хугацаанд “хөрөнгөжиж” амжсан гэдэг. Өнгөрсөн зуны наадмаар алдар цуутай уяач нар Т.Аюурсайханыг асар өндөр үнээр хурдан удмын морьд худалдан авч, адууны жүчээ хүртэл барьсныг нь нийтэд дэлгэж байсныг сануулах нь зөв болов уу. Ингэж харвал, энэ удаагийн “Нүүрсний бүлэглэл”-ийн хэрэгт Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын нэр зүй ёсоор багтах болов уу.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэ оны гуравдугаар сард Засгийн газраас “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замыг концесс авсан. Улмаар өөрийнхөө “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-иудаар “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр Засгийн газартай гэрээ байгуулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулсан. Ирэх жилүүдэд буюу гэрээнд заасан хугацаанд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эзэмшинэ. Ингэснээр Монголоос урд хөрш рүү Ханги боомтоор гарах нүүрс, эрдэс баялаг Б.Дэлгэрсайханаар дамжина гэсэн үг. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хадам ах “Засаг чандмань майнз” ХХК-ийн захирал Д.Буянтогтох саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөртэй нь тохиролцоогүй, хүсэлд нийцээгүй компанийн нүүрс, хүдрийг автозамаар ч, төмөр замаар тээвэрлүүлдэггүй, хавчиж боодог. Дорноговь аймгийн Засаг дарга байсан, одоогийн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин үүнд нь тусалдаг байсан” гэж ярьсан байдаг. Түүний эл яриагаар бол Б.Дэлгэрсайхан одоо жинхэнэ утгаараа хэний ачааг гаргах, гаргахгүйг мэддэг эрхтэй нэгэн болж байна.
Эх сурвалж: ergelt.mn