Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Х.Нямбаатар: Хэн нь уурлаж, хэн нь инээхийг харъя

Нийтэлсэн

-

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай цаг үеийн асуудлаар болон салбарын бодлогын талаар ярилцлаа.


“БИ ЦАМЦАА УРАГДТАЛ ТЭМЦЭНЭ ГЭЖ ЯРЬДАГГҮЙ Ч ТОГТОЛЦООНЫ БОЛЖ БҮТЭХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛГОНТОЙ ТЭМЦЭЖ, ДУГАРЧ ИРСЭН”

-Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол нүүрсний хулгай. Нүүрсний хулгайн асуудал удаан хугацаанд яригдаж байгаа боловч шийдэгдсэн асуудал байхгүй өнөөдрийг хүрсэн нь худлаа биш.  Үүний гол шалтгааныг хуулийн байгууллагатай их холбож байна. Үнэхээр нүүрсний хулгай илрэхгүй байгаа нь хууль, хүчнийхэнтэй холбоотой юу?

-Нэгд, төрийн өмчит компанийн засаглал сайн биш байгаагийн тод жишээ энэ. Хувийн өмчит компанийн нүүрсний уурхайгаас хэдэн их наяд байтугай хэдэн саяар тоологдох нүүрс алга болох ямар ч боломжгүй. Тиймээс бид төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хоёрт, бид БНХАУ-ын прокурорын байгууллагатай хамтарч ажиллах чиглэлийг  гадаад харилцааны шугамаар ярьж байна. Монголд дан ганц шингээгүй, экспортлогч орон руу гаалийн татвар төлөгдөөгүй болон тухайн компанид нүүрсний төлбөр төлөгдөөгүй гарсан нүүрсийг бид нүүрсний хулгай гэсэн томъёоллоор шалгаж байгаа. Дээр нь ОПТЕК-тэй холбоотой асуудлууд бий. БНХАУ, Монгол Улсын гаалийн мэдээлэл зөрдөг гэдгийг өмнө нь хэлсэн. БНХАУ руу гарсан бүх тээврийн хэрэгслийн бүртгэл, ачаатай, ачаагүй гарсан шалгалтууд бас хийгдэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд мөрдөн шалгагдаж байгаа хэргийн талаар нарийн мэдээлэл авах эрх байхгүй. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. АТГ-ын удирдлагууд Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй, ил мэдээлж болох тэр мэдээллийг авах нь зөв байх. Огт шалгагддаггүй байсан асуудал шалгагдаж, эхнээсээ хил, гаалийн ажилтнууд нүүрсний хулгайн хэрэгт ял сонсоод, яллагдагчаар татаад шалгалтын ажил үргэлжилж байна. Нилээд олон хүнийг хамарсан шалгалтын ажлууд үргэлжлэхээр төлөвтэй байна гэж харж байна. Жилд бид нэг машин ойролцоогоор 90-100 тонны нүүрс тээвэрлэж, 10 гаруй сая тонн нүүрс гаргадаг гэж үзэхэд БНХАУ-ын гаалийн мэдээ, орсон гарсан автомашины бүртгэл, манайхаас гарсан машины бүртгэлүүдэд тулгалтын ажил хийж байна. Тухайн үед уурхай дээр ажиллаж байсан удирдлагууд, хил, гаалийн ажилтуудтай холбоотой мэдээллүүдийг нэг бүрчлэн шалгаж, тогтоосны дараа тодорхой дүн гарна.

Нэг асуудал олны анхааралд орж, шалгагдаж, буруутай хүмүүст хариуцлага хүлээлгээд эхлэхээр цаашид энэ төрлийн асуудлыг хүний хүчин зүйлээс үл хамаарах байдлаар цахимжиж хяналтыг явуулдаг тогтолцоо руу бид шилжинэ.

2017 онд УИХ-ын Л.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэгт би гишүүн нь байсан. Тэр үед Л.Энхболд гишүүн 2012-2015 оны google map дээрх мөргөцөгийн зураг багасч, байхгүй болсон талаар мэдээлж, тэр үед ажлын хэсэг газар дээр нь очиж үзсэн. Жижиг Тавантолгойн удирдлагууд тэр хэсгийг авсан, уулын ажлын нөхцөл байдлаас шалтгаалж авсан. Хоёр байгууллага хоорондоо акт үйлдсэн гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш хууль хяналтын байгууллага ямар ажил хийсэн, хаана гацсан бэ гэдэг асуудал. Тэр нүүрс жижиг Тавантолгойн нэр дээр Гашуунсухайт боомтоор гарсан юм уу, хэн нэгэн албан тушаалтан гаргасан уу гэдгийг нарийвчлан тогтоож байна гэх сүүлийн мэдээллийг надад өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн яам шалгадаг байгууллага биш учраас нарийн мэдээлэл алга. Яам гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд тодорхой байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хүн хүчээ зөв хуваарилахад тал дээр чиглэл өгөх үүрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрх яаманд байхгүй.

-Нүүрсний хулгайн хохирлын хэмжээг хүмүүс олон янзаар ярьж байна. Яг тодорхой дүн байна уу, танд мэдээлэл байна уу. Үнэн, худал нь мэдэхгүй тоонууд олон нийтийг их эргэлзүүлж байна?

-Үнэлгээ гаргасан хүмүүсээс  асуух хэрэгтэй. Нийт хохирлын үнэлгээг Шүүх шинжилгээний байгууллага гаргах ёстой. Дөнгөж энэ процесс нь эхэлж байгаа учраас өнөөдөр би тоо хэлэх боломжгүй. Сошиал орчинд том синсаацтай асуудал дээр давалгаа, өхөөс үүсгээд тодорхой тоотой дүн яриад байх шиг байна. Шүүх шинжилгээний байгууллагын гаргасан дүнгээр үнэлгээ, хохирлын асуудлыг ярина. Монгол Улсын тогтолцоо нь Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хууль зүйн бодлого тодорхойлох, дотоод аюулгүй байдлын салбарыг мэргэжил арга зүйн удирдалага, бодлогоор хангах үүрэгтэй. Түүнээс гэмт хэрэгтэй тэмцэх,  мөрдөн шалгах ажиллагаанд прокуро, шүүгчийг томилдог эрх байдаггүй, ХЗДХЯ-нд. Ерөнхий сайд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэгт орж хэлэлцэх ёстой гэсэн чиглэлийг өгсөн байгаа.

-Нүүрсний хулгайтай МАН, АН хоёулаа холбоотой.  Тэгэхээр Х.Нямбаатар намынхаа нүүрсний хулгайчидтай тэмцэж чадахгүй гэж иргэд шүүмжилж байгаа?

-Би нээх цамцаа урагдтал тэмцэнэ, ноцно гэж ярьдаггүй ч гэсэн өнгөрсөн хугацаанд тогтолцооны болж бүтэхгүй байгаа юм болгонтой тэмцэж, тэмцэлдэж, дуугарч ирсэн. Тэгэхээр олон нийтийн анхааралд орсон сэдэв дээр ажлын хэсгийн  бүрэлдэхүүн санал боловсруулах эрх үүрэг нь  бий. Энэ асуудал дээр ямар нэг намын болон бусад гэх мэт явцуу эрх ашигт хөтлөгдөхөөргүй хэмжээнд чанагдаад явж байгаа. Олон нийтийг энэ асуудал дээр эргэлзэх хэрэггүй л гэж бодож байна.

“Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСАГ АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ӨНДӨР ЭРМЭЛЗЭЛТЭЙ БАЙГАА, ҮҮНИЙГЭЭ Ч ХИЙЖ БАЙНА”

-Та, танай нам авлигатай тэмцэнэ гэж их ярьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлээр бодлогын хувьд ямар шийдэл, ажил хийсэн бэ. Олон нийтийн хүсээд байгаа авлигатай Х.Нямбаатар, Засгийн газар тэмцэж чадсан уу?

-Бодлогын хувьд сая цахим багц хууль оруулж, хууль хэрэгжүүлж, яамыг нь байгуулаад ажиллаж байна. Иргэд төрийн үйлчилгээ авах гэж хэн нэг даргын үүд сахиж, тохой татаж тодорхойлолт авдаг, даргын гарыг хүндрүүлж байж лиценз, зөвшөөрөл авдаг тогтолцоог цахим руу шилжүүлэх, хиймэл оюун ухаан шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлэх гэж энэ багц хуулийг боловсруулж, батлуулаад хэрэгжүүлж байна. Олон жил яригдсан авлига байдаг төрийн өмчит компаниудын хуулийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Одоо УИХ-ын асуудал болсон. Олон жил ярьсан Шүгэл үлээгчийн хуулийг өргөн барьсан, Улс төрийн намын санхүүжилтийн хуулийг боловсруулж байна. Бодлогын түвшинд төрийн албыг цомхон, тогтолцооны хувьд оновчтой болгох Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Олон жил төрийн алба, нийтийн алба хоёроо ялгаж чадаагүй ирснийг өөрчилж, төрийн албаны өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн тогтолцоог өөрчлөх реформын хуулийг яг одоо боловсруулах шатандаа явж байна. Эрүүгийн хууль тогтоомжид авлигатай холбоотой ял шийтгэл, хөөн хэлэлцэх хугацааг завхруулсан тогтолцоог өөрчлөхийн тулд хуулийг нь батлуулсан. Өнөөдөр ямар нэг байдлаар  ял завшсан зүйл алга, эргэж, нөхөж ял шийтгэх ажиллагаа явуулж, шүүхээр орсон. Эрүүгийн хууль  тогтоомжийн ялын бодолгыг чангатгах ажил хийгдэж байна. Авлигтай тэмцэх гэдэг лоозогнохын нэр биш. Авлигатай тэмцэнэ гэдэг бол авлигын уг үндэс нь хаана байгаа, түүнийг арилгахыг хэлнэ.

Жишээлбэл, улс төрийн намуудын санхүүжилтийг шийдэхгүйгээр мянга улс төрийн намын дарга, удирдагчид гарч ирээд нэмэргүй. Бид авлигатай тэмцье гэвэл хоёр үндсэн зүйл дээр фокуслах ёстой.  Улс төрийн намын санхүүжилт, түүнийг бий болгодог төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал хоёроо өөрчлөх ёстой.

Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагуудыг сонгон шалгаруулж, томилдог тогтолцоог хуульд оруулж, УИХ эцэслэхээр хүлээгдэж байна. Авлигатай тэмцэнэ гэдэг нь чанга дугарснаараа, хий лоозоглосноороо, олон хүнийг хорьсноороо шийдэгддэг зүйл биш.

-Авлигатай тэмцэнэ гэж чанга дуугарснаараа, олон хүнийг хорьсноор шийддэгдэг зүйл биш гэж та хэллээ. Тэгээд “чанга дуугаралгүй”-гээр хийсэн, авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн ажлууд чинь юу юм бэ?

-Авлигын мөнгө хаашаа урсдаг юм бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Энэ бол үе үеийн сонгууль, улс төрийн намын санхүүжилт руу явдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүний тулд улс төрийн намын сонгуулийг заавал жижиг тойргийн зарчмаар, суртал ухуулаг, ном хэвлэл, бусад сурталчилгааны материалд их мөнгө үрэгддэг хэлбэрээр биш. Нам өөрийнхөө бодлого концепцийг танилцуулаад эсвэл холимог тогтолцоогоор явуулж, түүний зардлыг төсвөөс хариуцдаг, нам өөр өөрийн гэсэн байр, хэвлэл мэдээлэлтэй, санхүүжүүлдэг төрийн бус байгууллагуудтай байх шаардлага байна уу, үгүй юу гэдгээ эргэж харах хэрэгтэй. Авлигын хамгийн их зардал хаанаа явдаг вэ гэдгийг зөв харж л байгаа бол Улс төрийн нам, намын санхүүжилтийн хуулиар цоо шинээр реформ хийх ёстой гэдгийг хамгийн түрүүнд ярих ёстой. Үүнийг зөв оношилж байгаа бол авлигтай тэмцэх чин хүсэл байна л гэж ойлгох хэрэгтэй.

Дараагийн асуудал нь хаанаа авлигын  мөнгө үүсч байна вэ. Хэн улс төрийн намд нөлөөтэй, ойр тойрны хүн, фракцийн төлөөллөө мөнгөнд ойр албан тушаалд  тавих вэ гэдгээ болиод тухайн улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захирлаар тухайн салбартаа тэдээс доошгүй жил ажилласан намтартай хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна, таны цалин жилийн тэд байна гээд өвчнөө эмчлэх ёстой.

Эхнээсээ УИХ руу оруулаад явж байгаа. Сая бид Германы төмөр замын компанийн засаглалыг судалсан. Одоогоос 30 жилийн өмнө Германы төмөр замын компани дампуурсан, ашиггүй ажилладаг, маш хүнд байсан юм билээ. Тэд төрийн болон орон нутгийн өмчит компанийг нэгт эрүүл байлгая гэвэл ашигтай ажиллуулах зарчмыг баримтлах ёстой. Хүчээр төр тарифаар нь барьж, сонгуулиар таалагдахын тулд төмөр замын тарифыг  нэмэхгүй гэх мэт популист амлалтуудаас зайлхийсэн гэж байгаа юм. Хоёрт, чадварлаг менежрүүд удирдах ёстой, нээлттэй засаглалыг бүрдүүлэх ёстой  гэсэн зарчмуудыг барьж, хөндөлөнгийн хяналтыг сайжруулж, бизнесийн бүтцээ зөв болгосон байгаа юм. Герман улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа дэд бүтэц бол төрийнх, зам дээр хувийн секторууд өрсөлдөнө гэж зааж өгсөн байгаа юм.  Өрсөлдөөн дунд эрүүл бизнес бий болно. Монголд бол Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн I. II-р анги гээд маш нүсэр босоо тогтолцоотой явдаг.  Бизнес өрсөлдөөнтэй болоод ирэхээр үнэ зах зээл дээр өрөсөлдөөнтэй, ашгийн төлөө, эрүүл байна, бага хүн хүчээр бизнесээ явуулна гэдэг зарчимтай л явж байгаа юм.

-Чөлөөт, эрүүл, өрсөлдөөнгүй бизнесийн зарчмаар ашиггүй ажилладаг нь авлигын үүр уурхайн болдгийг бүгд мэднэ. Гол нь үүнийг өөрчлөх, авлигатай  тэмцэх нь эрхбаригчдын хийх ёстой ажил биш үү. Тэр тусмаа  МАН зургаан жил засаглаж байгаа шүү дээ?

-Авлигын асуудал гэхээс илүү бид тогтолцооны шинэчлэл хийж чадаагүй. Одоо харин өнгөрсөн 30 жил явж ирсэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Б.Энхбаяр гишүүн томилогдсон. Бид нэг алхам урагшилсан. Авлигатай тэмцэх чиглэлээр бодлогын хувьд юу хийсэн бэ гэдэг асуултад бодлогын түвшинд хийж байгаа ажлуудыг эхнээс нь дурдаад байгаа юм. Бид авлигатай тэмцэхийн тулд суурь, үүсвэрийг нь л зөв оношлох ёстой түүний тулд бид ажиллаж байна.

Шүгэл үлээгчийн хуулийг матаасны харилцаа гээд байгаа. Матаасны тогтолцоо гэдэг бол олон нийтийн хяналтын тогтолцоо. Томоохон төрийн өмчит компаниудын санхүүгийн тайлан уншдаг хэдэн залуучууд байх ёстой. Бүр нарийвчилж, санхүүгийн тайланг нь уншаад сэжигтэй гүйлгээ гараад ирвэл шалгуулдаг, зөрчил илэрвэл хувийг нь авдаг.  Энэ өөрөө олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгодог.

Шүгэл үлээгчийн харилцаа төгс байсан, гааль дээр хяналт тавих олон нийтийн хяналт бий болгочихсон байсан бол бид өнөөдөр нүүрсний хулгай яриад сууж байхгүй байсан. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүй байсан. Тэгэхээр бид тогтолцоогоо зөв болгоно гэдэг нь авлигатай хийх том тэмцэл. Нэг зүйл онцлоход, хэзээ өмнө нь төрийн өмчит компаниудын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна, улс төрийн намууд өмчгүй байя гэдэг санаачлага эрх баригч намаас гарч байсан юм бэ. Бид эрмэлзлэл байна гэдгээ олон нийтэд ойлгуулахыг л хүсч байна.

-Шүгэл үлээгчийн  тухай хуулийг матаасыг дэмжих, хэн нэгнийг хэлмэгдүүлэх хууль болчих вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгаа нь худлаа биш.  Заавал бие биенээ матаж, матарлахгүйгээр авлигатай тэмцэж болохгүй байсан уу?

-Сайн хууль гараад бодитойгоор хэрэгжүүлэх ёстой. Матаас гэдэг нь өөр зүйл.  Шүгэл үлээнэ гэдэг нь нийтийн эрх зүйн субьект, албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагаа бүрт олон нийтийн хяналтыг бий болгож байна. Олон нийт хяналтаа тавьж, гаргаж ирээд шүгэл үлээгээд, хуулийн байгууллага шалгаж гэм буруутай эсэхэд нь хариуцлага тооцдог, учруулсан хохирлоос нь шүгэл үлээгчид урамшуулал олгодог энэ тогтолцоог л хэлж байгаа юм.

-Таныхаар бол Шүгэл үлээгчийн хууль матаасны хууль болох эсэхийг цаг хугацаа харуулах юм байна зөв үү?

-Энэ хууль матаасны хууль биш ээ. Хуучин тогтолцооны хүмүүсийг гарал угсаа, шашийн шүтлэгээр нь матдаг, ажил амьдралаар нь шийтгэж байсан олон тохиолдол бий. Түүнээс шал өөр. Одоо нийтийн албанд хүсч ажиллаж байгаа. Хүсч ажиллаад, ажлаа хийх явцдаа нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх тэр хуулийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаанд нь хүмүүс хяналт тавьж байгаа асуудлыг л хэлээд байгаа юм.

-Авлигатай тэмцэж байгаа гэлээ. Гэтэл хэдэн арван, хэдэн зуун тэрбумын авлига аваад хэдхэн саяар торгуулаад байгаа нь шударга бус гэсэн шүүмжлэл их гарах болсон?

-Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд АТГ хамгийн их эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгож, прокурорын байгууллагад шилжүүлж өгсөн. Хамгийн их авлигын гэмт хэргийн улмаас хохирлыг улсын орлого болгож чадсан. Өөрөөр хэлбэл, эрх баригчид авлигтай тэмцэх хүсэл эрмэлзэл байна уу, үгүй гэдгийг тоо статистик харуулах ёстой. Өнгөрсөн жил 100 гаруй тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийг улсын орлого болгосон. Энэ бол маш том тэмцэл, эрмэлзэл байна гэдгийг харуулах байх гэж бодож байна. Зарим хүмүүс авлигын хэрэг хялбаршиж байна гэдэг. Нөгөө талдаа кримнологийн судлаачид энэ нь алигын гэмт хэрэгтэй хамгийн сайн тэмцэж байгаа, хэргийг хурдан шийдэж байгаа хэлбэр гэдэг. Яагаад гэвэл тэр хүмүүс нийтийн албанд орох эрхээ хасуулж байна, хохирлоо төлүүлж байна.  Мөн олон нийт, сошиалаар давхар “шүүгдэж” байгаа юм. Тэрбум, тэрбумын хохирол учруулаад яагаад 40 сая төгрөгөөр торгуулаад байна вэ гэдэг асуудал бий. Гэтэл шүүхийн процесс хэт удаашралтай байдаг.

Санаж байгаа бол Жастын Ш.Батхүү нарт холбогдох хэрэг 10 жилийнхээ ойн дээр шийгдэж байх жишээтэй. Ердийн журмаар явах нь нэг талдаа өнөөдрийн процессын согогуудыг ашиглаад өмгөөлөгчөө солих, шүүгчээс татгалзаад хугацаа алдаад байдаг. Нөгөө талдаа энэ хэргийг шууд хүчээр шийдэж болдоггүй вэ гэхээр НҮБ-ын Хүний эрхийн суурь зарчмаар өмгөөлүүлэх, нотлох баримттай танилцах, няцаалт өгөх, татгалзах эрхтэй гээд олон эрхүүд хөндөгддөг.

Гэмт хэргийн шалтгаан судалдаг хүмүүс бол тэр хүнийг гэм буруутай гэдгийг нь тогтоож байна гэдэг нь өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь хамгийн үр дүнтэй хэлбэр байна гэж дүгнэдэг. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс Эрүүгийн хууль дахь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ял шийтгэлийн бодлогоо чангатгая, тодорхой төрлийн гэмт хэргүүдэд хялбарших ойлголтыг хасах саналаа УИХ-д өргөн барьсан байгаа. Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг нь 20 жил хүртэл хугацаагаар хязгаарлах санал ч бий. Бид эрмэлзэл байна, УИХ хуулиа батлах ёстой, баталсан хуулийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар байх ёстой. Эрмэлзэлгүйгээр хууль санаачилж, батлуулна гэж байхгүй. Иргэд маань Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэх өндөр эрмэлзэлтэй байгаагаа дээрх хууль тогтоомжуудаар илэрхийлж байна гэдгийг ойлоосой. Газар бол хамгийн том авлигын асуудал. Одоо бид Газрын багц хуулийг оруулж ирж байна. Газрыг хэн нэг дарга, даамал, Засаг дарга хүнд олгодогийг болиулж байгаа. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өмнөх жил нь Иргэдийн хурал баталж, дараа жил нь онлайн дуудлага худалдааг зохион байгуулна. Хоёрхон тохиолдол буюу төр өөрөө тодорхой бүтээн байгуулалт хийх, иргэдийн 0,07 га газрыг үнэ төлбөргүй олгоно, бусдыг нь бүгдийг нь дуудлага худалдаагаар шийднэ.  Цаашид байгаль орчны тусгай хамгаалалтын бүсэд газар олгох гэх мэт бүх газар олголтыг нэгдсэн байдлаар л зохион байгуулдаг болно. Өмнөх үеэдэд байгаль орчны сайд нар тусгай хамгаалалтын газрыг ямар болгосныг бүгд мэдэж байгаа. Хууульд Богд ууланд  газар олгохгүй, олговол эрүүгийн хариуцлага хүлээлгэе гэж хуульдаа тусгах ёстой гэж би хэлсэн.

“ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ДЭЭРЭМДСЭН ПРОКУРОРЫН  БАРИЛГЫГ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ӨМЧ БОЛГОНО”

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хүмүүсийг та зарласан. Цаашдаа тэгээд яах вэ. Үнэндээ цар тахлын дараа Монголд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал байгаа. Цаашид таныг энэ асуудалтай хэрхэн тэмцэх бол гэсэн хүлээлт их байх шиг байна?

-Энэ асуудал дээр нийтээрээ Монгол хүн “муухай монгол хүн” гэдэг нэр имижээсээ салмаар байна.  Монгол хүн хүнтэй гэрээ хэлэлцээр  хийсэн бол хийсэн шиг хийдэг, арилжаа наймаа хийсэн бол хийсэн хийчихдэг имижийг бид гадны хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс гэж дэлхий дээр байхгүй. Монголд Ерөнхий прокурор нь, Тагнуулын дарга нь гадны хүн дээрэмдээд, хөөгөөд гаргадаг энэ тогтолцоог манай ах нар бидэнд өвлүүлж үлдээсэн. Ерөнхий прокуророор ажиллаж байсан нэг хүн инээд хүрэх шиг, уур ч хүрэх шиг гэж ярьсан байна лээ. Удахгүй хэнийх нь инээд хүрч, хэнийх нь уур хүрэхийг харья гэж энэ завшааныг ашиглаад хэлье. Би тэр хүн шиг ирээдүй хойч үеэсээ хулгайлж, хэдэн ямбий машин цуглуулж, хэдэн үеэрээ даахгүй үл хөдлөх хөрөнгө, лиценз цуглуулж, тэрийгээ ах, дүү  хамаатан садныхаа нэр дээр бүртгүүлж, бэртэгчин царайлж хууль зүйн сайдын албыг хашихгүй. Инээд нь ч, уур нь ч хүрээд байгаа юм уу, тэр хүнд  хандаж хэлэхэд, удахгүй хэн нь инээж, хэн нь уурлахаа хоёулаа үзнэ ээ. Би энэ асуудлыг шалгаж өгөөч гэж холбогдох байгууллагад өгсөн.

Таван шард байсан БГД 20-р хорооны нутаг дэвсгэрт байсан 4 давхар зочид буудлыг хятад эзнээс нь дээрэмдээд л авчихсан байгаа юм. Намайг хэвлэлээр ярьсны дараа дээрэмдүүлсэн хятад иргэний өмгөөлөгч ярьж, мэдүүлэг өгнө гэсэн. Бид ийм л имижийг өмнөх алдсан, дээрэмдүүлсэн хүмүүсээс уучлал гуйж, бүх зүйлийг шинээр эхлэмээр байна. Би үр хүүхдээ шударга нийгэмд, хэн нэг даргаас айдаггүй бизнес хийдэг, сурч боловсордог, ажил хөдөлмөр эрхэлдэг нийгэмд амьдруулахыг хүсч байна.

Түүнээс прокурор асан шиг хэмхэрхий хуучин машин цуглуулж, хэзээ тэрийгээ эдэлж, ашиглана гэж баахан үл хөдлөх дээрэмдэж, цуглуулаад, ордны хажууд шантаажны мөнгөөрөө авсан 10 гаруй давхар оффисстой болчихсон. Би тэгж амьдрахгүй. Байгаа цаг үедээ өөрийнхөө зөв гэж бодсон, шударга ёс гэж өөрийнхөө бодсон зүйл бүрийнхээ төлөө асч, дүрэлзэж, шатаж байгаад л дуусна. Надад коллекшин цуглуулах сонирхол байдаггүй. Би бусад шиг морь, хөөрөг, хутга, дээл, дурдан, цаг ч цуглуулдаггүй. Бид өөрсдийнхөө зөв гэсэн зүйлийн төлөө шатаж явах л ёстой. Бид гадны хөрөнгө оруулагчдыг хэзээ ямагт Монголд ирүүлэхийн төлөө, ирээд шударга бизнес хийхийн төлөө цаг ямагт тэмцэнэ. Ц.Нямдорж гуайн хэлснээр хэдэн цамцаа урагдтал гэх нь хаашаа юм, ямар ч гэсэн үзнэ.  Арай л муухай 30 жилийн бид үдсэн. Хичнээн хөрөнгө оруулагчдыг хөөсөн, итгэлийг нь эвдсэн бэ. Японы нэр хүндтэй Суруга Монголд өчнөөн сая ам.доллараар газраа зарчихаад буцаагаад булаагаад авчихсан. Ийм улсанд хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ.

-Тэгвэл хариуцлагын асуудал хэзээ яригдах вэ. Таны зарласан нэрс шоу болоод өнгөрч мэдэх юм биш үү, ихэнх нь хөөн хэлэлцэх хугацаа нь хэдийнээ дуусгавар болчихсон байх жишээтэй?

-Энэ хүмүүс шударга шүүхийн өмнө бүгд очих ёстой. Би тэр прокурор асны дээрэмдсэн дөрвөн давхар зочид буудлыг хурааж авч, хүүхдийн цэцэрлэг болгоно. Эсвэл тэр хүн урьдчилаад өөрөө өгчих хэрэгтэй, гэм буруугаа хүлээх хэрэгтэй. Хохирогчид нь гарч ирэхгүй хөрөнгүүдийг нь хурааж, олон нийтийн өмч болгох хэрэгтэй.

-Цар тахлын дараа эдийн засгаа сэргээхэд аялал жуулчлалын салбар их чухал гэж хууль оруулж ирсэн. Энэ талаар та олон ярьж байгаа ч цөөн үгээр хуулиа бүхэлд нь нэг тодорхойлооч?

-Энэ цаг үед өнөөдрийн төрийн тогтолцоонд хамгийн их хутгалдаж байгаа хүмүүсийн нэг нь би гэхэд буруудахгүй байх. Маш олон зүйлийг засмаар байна. Бид өмнөх явж ирсэн бүх зүйлийг засмаар байгаа юм. Жишээлбэл, ан гөрөөний эрхийг хэн нэг дарга ширээн доогуураа  юм аваад өгдөг биш дуудлага худалдаагаар зарчихдаг. Хэн нэг хүн буйр нуурын эрэг дээрх отгийн зөвшөөрлийг хааяа нэг ширээн доогуураа өгдөг биш нээлттэй сонгон шалгаруулалтаар өгдөг байдлыг л энэ хуулиар зохицуулах гэж байгаа. Аялал жуулчлалын маршрутыг 40 мянгатад байгаа төв оффисоос биш тухайн сумын Засаг дарга нь өөрөө бий болгодог. Хамгийн хямд үнээр хамгийн хөнгөн нөхцөлтэй визээр Монголд ирдэг болоосой гэж л энэ хуулийг оруулж ирж байгаа. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг нь хэрхэн шийдэх гээд олон асуудлыг энэ хууль зохицуулахаар байгаа.

“СӨРӨГ ХҮЧНИЙ УЛС ТӨРИЙН ПИ-АР БАЙГАА ОНОХГҮЙ БАЙНА”

-Сүүлийн үед цагдаа хуулийн байгууллага иргэдийнхээ, хүний эрхийг зөрчиж байна гэх шүүмжлэл их гарч байна. Гэтэл МАН өөрөө хүний эрхийг хамгаална гэж их ярьдаг?

-Манай сөрөг хүчний улс төрийн үндсэн пи-ар нь цагдааг муухай харагдуулах технологиор сүүлийн хоёр жил явж байгаа. Энэ хэдэн бор цагдаа нарыг ингэж улс төрийн золиос болгож болохгүй. Ярьж байгаа хүмүүс нэг нь ч 20 цаг талбай дээр хамгаалалтад зогсч үзээгүй, халамцуу, хөлцүү хүмүүс нүүр рүү нь нулимж байхад тэвчээд зогсох тэвчээртэй хүмүүс биш. Дарга цэргийн хүүхдүүд гудамжинд эргүүлийн цагдаа хийдэггүй, дандаа аав нарыгаа өвлөж, дарга болж, улс төрийн үйл ажиллагаа эрхэлдэг. Би сөрөг хүчний улс төрийн пи-ар байгаа онохгүй байна гэж хэлмээр байна. Бүх болж бүтэхгүй юманд цагдаа туслаарай гэдэг. Муу, муухай болгон дээр цагдаа л очдог. 2023 оны нэгдүгээрт иргэдтэй харилцах, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулахыг Цагдаагийн байгууллагын удирдлагад үүрэг өгсөн. Дэлхий дээр цагдаа нь жудогийн мэхээр үүрүүлж унагачихаад фэйсбүүкт зургийг нь тавьдаг ийм улс дэлхий дээр байхгүй, би мэдэхгүй. Дэлхийн улс орнуудад цагдаа шаардлага тавина, шаардлагыг эсэргүүцвэл хүч хэрэглэдэг хуультай.

Манай цагдаа нар нүцгэн гараараа тулдаг, нүцгэн гараараа хүний эрх зөрчихгүй, эсрэгээрээ эрхээ зөрчүүлээд зогсч байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард залуучууд хоёр өдрийн жагсаал зохион байгуулсан. Тэр үеэр хэд хэдэн цагдаа эрүүл мэндээрээ хохирсон. Тэтгэвэрт гарахад хоёрхон сар дутуу байсан цагдаа нүд рүүгээ чулуугаар цохиулж, насаараа нүд нь юм харахааргүй болсон.

Өнөөдөр бид энэ хэдэн цагдаа нарт бүтэн дуулга тавиад өгчих материаллаг баазгүй. Бид нийгмийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Сонгуулиас сонгуулийн үр дүнгээр Монголын төр ардчиллын соёл үлдэж хадгалагдах, Засгийн эрх нэгээс нөгөөд шилжихээс биш хүчирхийллийн замаар засгийн эрх шилждэг байж болохгүй. Түүнийг хамгаалах үүрэг нь цагдаагийн байгууллагад байдаг. Түүнийхээ төлөө сөрөг хүчний улс төрийн пи-арын золиос нь цагдаа байж болохгүй. Одоо бүр сүүлдээ зарим нь цагдаатай очиж албаар хэрүүл өдөж, өөрөө бүдэрч унахаараа цагдаа намайг дэгээдэж унагаалаа гэдэг байж болохгүй. Монгол Улс шиг нүцгэн гараараа нийгмийн дэг журам зөрчиж байгаа хүнийг зогсоох гэж оролдоод үүрүүлж унадаг цагдаагийн байгууллага гэж хаана ч байхгүй шүү.

-Нүцгэн гараараа тэмцэхгүй, дуулгатай байх, бусад хэрэгсэл зэргийг нь бүрдүүлж өгөх нь Хууль зүй, дотоод хэргийн сайд таны үүрэг биз дээ?

-Цагдаагийн байгууллагын хуульд шинэчлэл хийгээд сургалт явуулж байна. Хүн нэг бүрийн хэрэгслийг шинэчлэмээр, материаллаг баазийг нь нэмэгдүүлэхэд төсөв санхүүгийн хомсдолтой байна. 1998 оноос хойш холбооны хэрэгслээ шинэчлээгүй Монгол шиг улс дэлхий дээр байхгүй л байна.

“ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ИРЭХ ЖИЛ ХАМГИЙН ОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМЖУУЛНА”

-Цахимжуулах, цахим хэрэглээг нэвтрүүлэхэд энэ Засгийн газар идэвхтэй ажиллаж байна. Хууль зүйн салбарт хийгдэхээр төлөвлөж байна вэ. Гадаад паспортыг чиптэй болгох, 3-хан минутад хил нэвтрэх боломжийг бүрдүүлнэ гэж та ярьж байсан?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг цаасгүй болгоё гээд 100 хувь цахим болгохоор туршиж байна. Ирэх онд багтаад цахим платформоо болж өгвөл apple store руу хөрвүүлж, программ хөгжүүлэлтийг хийхээр ярилцаж байна.  Нэг жилд бид 2,3 сая зөрчил үйлддэг, түүнийг шийддэг. Үүнд хэр хэмжээний цаас орох вэ гэж бодвол нилээд их дүн гарах байх. Прокуророос зөрчлийн дугаар авах гэж хотын түгжрэлд дүүрэг дүүргийн прокурорууд руу явуулдгийг болиулж, шууд зөрчи шалган шийдвэрлэх ажиллагааг нээж, товч утга бичээд өөрийнхөөрөө баталгаажуулалт хийж, автоматаар дугаар авдаг болно. Энэ бол маш алхам төдийгүй цаг, мөнгө хэмнэнэ.  Юм эхлүүлж, санаачилж байгаа учраас программын алдаа гарах вий гэж байгаа учраас туршилтуудыг одоо ч хийж байна. Мөн бид ирэх жил цахим гадаад паспорттой болно. Хилийн шалган дээр электрон гарцуудыг нээж, паспортныхоо чипүүдийг уншуулаад нэвтэрдэг болгохоор зорьж, ажиллаж байна. Бас л хүндрүүлээд гарч байна.  Гэхдээ би хүндрэл дурдмааргүй байна. Паспорт хэвлэхэд бодис нь ОХУ, Украйны дайнаас шалтгаалаад тасалдах гээд зовлох их байгаа ч бид хичээгээд цахим технологиудыг нэвтрүүлнэ. Үүний төлөө бид хичээж, ажиллаж байна. Техникээс илүү программ хангамжийн асуудал их байна. Дэлхийн 100 гаруй оронтой гадаад паспортны мэдээлэл солилцоно, аюулгүй байдлаа бодно, адилхан визгүй зорчдог улс орнуудын иргэдийн мэдээлэл давхар солилцох гээд том ажлууд их байна. Хууль зүй дотоод хэргийн салбар ирэх жил хамгийн олон үйл ажиллагааг цахимжуулна. Хороон дээр ажилладаг бүртгэлийн ажилтнуудыг цөөлж, цахим киоск машинуудыг байршуулна. Цөөхөн лавлагааг төвд очиж авах, бусдыг нь киоск машинуудаар авдаг болохыг зорьж байна. Заавал хүн ажиллуулахаас илүү гар утас руу шилжүүлэхэд анхаарал хандуулж байгаа боловч улсын хэмжээнд 300 гаруйхан мянган хүн тоон гарын үсгээ авсан байна. цахим үйлчилгээг төгс авна гэвэл насанд хүрсэн хүмүүс тоон гарын үсгээ авчихмаар байгаа юм. Нэг үеэ бодвол ахицтай явж байгаа. Өнгөрсөн онд ердөө 40 мянган хүн татварын тайлангаа тоон гарын үсгээр өгөхийн тулд авсан байсан. Цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамгийн том зөөлөн бодлого нь та бидний тоон гарын үсэг. Ирэх жил бид ухаалаг, цахим гадаад паспорт авах хүмүүс заавал тоон гарын үсэг авна. Цаг хугацаа, мөнгө маш их хэмнэнэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, арилжааны банкнаас зээл авахад шууд банкин дээрээ очоод гэрээгээ батлуулаад банк цаашаа улсын бүртгэл рүү мэдээлэл нийлүүлэгч болдог болсон. Хэрэглээгээ олон нийтэд сурталчилж чадвал цахим хэрэглээнд урагшаа алхсаар л байна. Цахим гарын үсгээр иргэдийн гэрээ хэлцлийг баталдаг эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Тоон гарын үсэг нь цахим өөрийгөө таниулц  E-Mongolio-д байгаа бүхий л үйлчилгээг авах эрх үүснэ, цахим өөрийнхөө гэрээ, хэлцэл үйл ажиллагааг баталгаажуулдаг болоод ирнэ. Энэ дэд бүтцээ шийдэж чадвал бид цахим үндэстэн болох боломжууд бүрдэнэ.

-Хэт их цахимжаад ирэхээр нөгөө мэдээллийн аюулгүй байдал алдагдана гэсэн ойлголт хүмүүсийн дунд их байгаад байдаг. Монгол иргэдийн мэдээллийг кибер хар зах дээр худалдаалсан асуудал яригдсан?
-Цахим багц хуулиар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Кибер аюулгүй байдлыг хангах нь Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжлийн яам, Жанжин штабын газрууд өөр өөрдсийн чиг үүргээр хариуцаж, аюулгүй байдлыг сахин хангах үндсэн үүрэг хүлээж байгаа. Хууль өнгөрсөн тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.

-Та УИХ-д нэг чухал хууль оруулж ирсэн нь Шүүхийн шинжилгээний хууль. Энэ салбарын хуулийг цаг үетэйгээ уялдуулж шинэчлэх шаардлагатай учраас хууль оруулж ирж байгаа байх. Та байнгын хорооны хурал дээр хэлж байх шиг байсан, энэ салбарын тоног төхөөрөмж бараг 20 жилийн өмнөхөөрөө байгаа гээд?

-Тоног төхөөрөмж бол 30 дугаар асуудал. Шүүхийн шинжлэн магадлахуун дүгнэлт гаргана гэдэг нь нэгдүгээр асуудал. Энд кримналист, балистик, анагаахын, бичиг хэв судлалын, хурууны хээ мөр судлал, үсний ширхэг судлал гээд бүх төрлийн нарийн мэргэжлийн шинжээчид байдаг. Энэ салбарыг хүмүүс огт мэддэггүй. Эрүү, иргэний, захиргааны хэргүүд шүүхээр шийдэгдэхэд хамгийн гол шинжээчийн дүгнэлтийг төрийн нэрийн өмнөөс тангараг өргөж дүгнэлт гаргадаг хүмүүс энд байдаг. Энэ салбарыг ойлгодог болгох, бие даасан, шинжлэн магадлахын салбар болгохын тулд хуулийг нь батлуулах гэж байна. Сүүлийн 30 жил сэтгэл санааны хохирлыг Монголын төр үнэлнэ гээд чадаагүй юм. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг үнэлдэг аргачлалыг анх удаа зориг гаргаж, хуульд тусгаж байгаа. Мөн хүний амь насыг үнэлдэг аргачлалыг хуульд тусгаж байгаа. Хүн амины гэмт хэргийн улмаас хохирсон ар гэрийхэн хагас дутуу оршуулгын зардал, уй гашуутай л хоцордог. Монгол хүний дундаж наслалтыг итгэлцүүр тогтоож, амь насны үнэлгээг оруулж ирж байгаагаараа Шүүх шинжилгээний хуулийн ач холбогдол, онцлог оршиж байгаа. Одоо бид Дотоод хэргийн сургуулийн хуулийг батлуулчихвал үндсэндээ хууль зүй дотоод хэргийн салбар өөрийнхөө агентлагуудын эрх зүйн байдлыг бүхэлд нь шинэчилж, тэнд ажиллагсдын нийгмийн баталгааг тодорхой болгоод, чиг, эрх үүргийг тодорхой болгож, эрх зүйн шинэтгэл байгууллагуудын хувьд хийгдэж дуусахаар байгаа. Дотоод хэргийн сургуулийн хуулийг яагаад хурдан батлах ёстой вэ гэвэл Covid-19-ийн  хөл хорио, дэглэм сахиулах нийтийг хамарсан үйл ажиллагаанд бид хүн хүч дутагдсан. Гэтэл бид Дотоод хэргийн их сургуулийн сонсгогчийг зогсооход тэр хүн ямар нэг байдлаар бие дааж тээврийн хэрэгсэл зогсоох, үзлэг хийх эрх байхгүй. Зөвхөн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд туслалцаа үзүүлэх байдлаар оролцсон. Цаашид бид хууль сахиулах чиглэлээр ажиллаж буй боловсон хүчнийг тодорхой курст суралцаад ирэхээр нь нийтийг хамарсан, хойшлуулашгүй арга хэмжээнд татан оролцуулах агуулгаар эрх зүйн байдлыг нь тодорхой болгох зорилготой.

-Сүүлийн үед мэргэжлийн боловсон хүчний дутагдал их байна гэж ярих боллоо. Хууль зүйн салбарт боловсон хүчин их чухал үүрэгтэй. Салбарын боловсон хүчний асуудал ямар түвшинд байна вэ?

-Хууль зүйн салбарт удсан, олон жил удирдсан хүн биш. Гэхдээ би энэ салбарыг илүү их таньж мэдэж, салбарын гүнд орж, шатаж ажиллахыг хичээдэг. Хууль зүй, дотоод хэргийн салбар 26 мянга орчим албан хаагчтай, бусад салбарыг бодвол боловсон хүчин нь цэгцтэй бодлоготой. Дөрөв, таван жилээр салбарын агентлагуудад хэрэгтэй боловсон хүчнээ урьдчилж захиалга өгч, Дотоод хэргийн их сургуульд бэлтгэдэг цорын ганц салбар. Гэсэн хэрнээ энэ салбарт хүний нөөцийн маш их дутагдал бий. Жишээлбэл, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх зэрэг нарийн мэргэжлийн мөрдөгч, төлөөлөгч нарыг мэргэшүүлж, бэлтгэж чадаагүй байна. гаднаас бидэнд өгч байгаа байнгын зөвлөмж бол мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлийг нарийн мэргэжилтнүүдээ яагаад бэлдээгүй вэ гэдэг. Одоо бид бэлтгэх гэж байгаа. Программ хангамжийн чиглэлийн боловсон хүчин бүх агентлагт дутагдалтай байна. IT салбарын хүн 800 мянгаас нэг сая төгрөгөөр цагдаа, хил хамгаалах байгууллагад ажиллах уу эсвэл хувийн компанид  таван сая төгрөгийн цалинтай ажиллах уу л гэдэг асуудал. Бид цол, формоор, сэтгэлтэй хэдэн хүмүүс энэ  салбарыг бүр унтраачихгүй ажиллаж байна. Он гараад цалингийн нэмэгдлүүд яригдана. Энэ салбарт шүүх шинжилгээний албаны нарийн мэргэжлийн шинжээчид дутагдалтай байна. Цаашид улс орны эдийн засаг хүчирхэгжиж байж төрийн албан хаагч, хувийн секторын өрсөлдөөнтэй зарчмаар явахгүй бол одоо өрсөлдөөнд хувийн секторууд ялж байна, боловсон хүчний асуудал дээр.

-Удахгүй 2024 оны сонгууль болно. Хууль зүй, дотоод хэргийн салбарт энэ ажлыг л заавал хийнэ, үүнийг хийж чадна гэсэн амбиц юу байна, танд?

-Би хийж, хэрэгжүүлье гэж байгаа ажлууд руугаа ханцуй шамлаад л ордог, ороод ч явж байгаа. Олон ажлын хэсэг ахалж, үр дүнгүүд эхнээсээ гарч байгаа. 22 тэрбум ам.долларын өрөнд орох гэж байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд бид өөрчлөлт хийж, Монголын талд ногдох 34 хувийн эзэмшил үнэ төлбөргүй Монголын талд ирсэн нь энэ Засгийн газрын дараа үедээ үлдээх нэг өвийг хийхэд гар  бие оролцож, ажлын хэсгийг ахалж ажилласан. Цаашид хөрөнгө оруулалтын гэрээг илүү боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцээр үргэлжилж байна. Авлигатай тэмцэх чиглэлээр олон хуулийн төсөл дээр манай яам манлайлах чиг үүрэгтэй ажиллаж байгаа талаар би дээр хэлсэн. Энэ ажил тасралтгүй үргэлжилнэ. Бүх улс орнууд тогтолцоогоо, нийгмийн хурдацтай уялдуулж, шинэчилдэг жишгээр бид явж байгаа. Гэхдээ урд хожид байгаагүй хүсэл эрмэлзэл энэ Засгийн газарт байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр ажилласан нь үр дүнгээ өгсөн ч бид цаашид дахин нэг шат ахиулахаар ажиллаж байна. Саарал жагсаалтаас гарч, өргөтгөсөн хяналтад байгаа, эндээс гарч, энгийн улсын жагсаалтад ормоор байна.  жагсаалтаас гарахад ганц зүйл үлдсэн нь Төрийн бус байгууллагын хуулийг батлаагүйгээс болж өргөтгөсөн хяналтаас гарч чадахгүй байна. Эцэст нь хэлэхэд, шүүхийн тогтолцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоог шинэчлээд сонгуультай залгана гэсэн том хүсэл эрмэлзэлтэй байна. Жижиг хэргийг маш хурдан шийдэж, хохирсон хүний эрх ашгийг хангадаг, шүүхийн шийдвэр нь гарцаагүй хэрэгждэг энэ тогтолцоо руу явмаар байна. 5 сая төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 5 жил шийдэхгүй яваа шүүхийн завхарсан тогтолцоог болимоор байна. Нэхэмжлэлийн маягтыг шүүхийн үүдэнд очоод бөглөөд өгдөг, шүүх хүлээж аваад төлбөр төлөх ёстой хүнийг нь 7 хоногийн дотор дуудаж, алх цохиод хохирлыг нь барагдуулдаг тогтолцоотой болохыг л би хүсч байна. Эрүүгийн хөнгөн хэргийг, гэм буруугийн асуудлыг дуудаж ирээд буруутай, буруугүй, гэрийн хорионд орох, орохгүй, гэм буруутай эсэхийг шийддэг тогтолцоо руу явмаар байна. Арилжааны том үнийн дүнтэй маргааныг мэргэжлийн шүүгч шүүдэг, хөрөнгө оруулж байгаа хүмүүс итгэл төгс Монголын шүүхийн тогтолцоотой болгох ажлыг ойрын жил гаруйн хугацаанд хийчихмээр байна. Ингэж чадвал миний Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан том зорилго биелнэ гэж хэлмээр байна.

Эх сурвалж: NEWS.mn

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.

Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.

Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.

Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр Гашуунсухайт өртөөнд өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны удирдлага болон ГЕГ, ХХЕГ, ЗТЯ-ны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийг төмөр замаар холбох төслийн техник, эдийн засгийн судалгаа, өртөө болон замын байдлыг танилцуулав.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь одоогийн хүчин чадлаараа жилдээ 5-6 сая тонн нүүрсийг тээвэрлэж байна. Хилийн боомтыг холбосноор 30-40 сая тонн ачааг экспортолж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтойг тус компанийн захирал Н.Будбаяр онцолсон юм.
Мөн нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг УИХ-ын гишүүн, Боомтын сайд нарт уламжиллаа. Тодруулбал, хил холбох төсөлтэй холбоотой газрын асуудал, хилийн боомтод тусгайлсан гарцтай болох зэргийг шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, эдийн засгийн үр өгөөжтэй чухал төсөл тул хил холболтын асуудалд өндөр ач холбогдол өгч буйг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ “Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, байнгын үйл ажилдагаанд бэлэн болсон байна. Гашуун-сухайт-Ганцмодны боомтыг холбосноор нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд тус компани чухал үүрэг гүйцэтгэх юм” гэв гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр22 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр22 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд22 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент23 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент23 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм24 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм24 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм1 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр6 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм6 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр6 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим