Бусад
Такси үйлчилгээнд “халтуурчид” ноёлж байна

Нийслэлийн тээврийн газраас гаргасан шийдвэрээр энэ сарын 1-ээс такси үйлчилгээний үнэ эхний 1 км 1500 төгрөг, түүнээс хойших нь 1000 төгрөг болж нэмэгдсэн. Үнийн нэмэгдэл Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй такси компанид хамаарч байгаа юм.
Өмнө нь буюу 2013 онд такси үйлчилгээний үнийг эхний 1 км тутамд 1500, дараагийн км-ыг 1000 төгрөг болгох шийдвэр гарч байжээ. Такси үйлчилгээ эрхлэгч компаниуд эдийн засгийн чадавхи сул байгаагаас бааз сууриа бэхжүүлэх боломж олдохгүй байгаа тул зах зээлийн үнэ рүү дөхүүлж, үнийн тарифыг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн хүсэлт гаргасныг Нийслэлийн тээврийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран судалж үзээд үндэслэлтэй хэмээн үзэж, дээрх шийдвэр гарчээ. Тухайн үед такси үйлчилгээ эрхэлдэг 16 компани байсан аж.
Харин одоо Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн тээврийн газартай гэрээ байгуулан ажилладаг есөн аж ахуйн нэгжийн 527 такси байдаг бөгөөд эдгээр такси нэмэгдсэн үнээр иргэдэд үйлчлэх эрхтэй юм.
Ажил тарах үе болоод ч тэр үү өчигдөр /2019.02.13/ 17.00 цагийн орчимд зам дагуу такси барихаар зогсож буй хүн олон байлаа. Таксины төлбөр нэмэгдсэнээс хойш такси үйлчилгээний салбарт ямар өөрчлөлт гарсныг сурвалжиллаа.
БЕНЗИНИЙ ҮНЭ БУУРААД БАЙХАД ТАКСИНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭД БАЙМААРГҮЙ БАЙНА
-Ихэвчлэн хувийн таксигаар үйлчлүүлдэг. Гараад гараа өргөхөд л шууд зогсдог тул дуудлагын такси хүлээх шаардлагаггүй цаг хэмнэдэг. Үнэ нь ч бусдаас хямд. Бас хол газар явахаар бол жолоочтойгоо ярилцаад, үнээ тохироод явж болно. Дуудлагын такси дуудахаар уддаг. Энэ сараас эхлэн дуудлагын такисны эхний км-ын төлбөр нэмэгдсэн. Бензиний үнэ буураад байхад таксины үнийг нэммээргүй л байгаа юм.
ДУУДЛАГЫН ТАКСИ БАГАДАА 10 МИНУТ ХҮЛЭЭДЭГ
-Дуудлагын такси дуудахаар хамгийн багадаа 10 минут хүлээх шаардлага гардаг. Дуудлагын төлбөр төлөх шаардлагатай болдог. Тиймээс хувийн таксигаар үйлчлүүлэх нь цаг хэмнэдэг. Ажил эхлэх, тарах үед бага зэрэг хүлээдэг. Түүнээс бусад үед хүлээх шаардлага гардаггүй. Үнэ нь ч боломжийн.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЦӨӨРӨХ, ОРЛОГО БУУРАХ ЗЭРЭГ ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ
Иргэдийн сэтгэгдлийг сонсоход ихэнх нь хувийн такси сонгон үйлчлүүлдэг гэсэн юм. Харин такси үйлчилгээний компаниудад ямар өөрчлөлт гарсныг тодрууллаа. Тэд таксины төлбөр эхний км нь 1500 түүнээс хойших нь 1000 төгрөг болсноор үйлчлүүлэгчид цөөрөх, орлого буурах зэргээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй гэж байлаа. Тухайлбал, Улаанбаатар такси компанийн маркетингийн менежер М.Азжаргал “Өмнө нь албан ёсны таксины эхний км 1000, түүнээс цааших нь 800 төгрөг байсан ч иргэд үнийг мэддэггүй байсан. Одоо эхний 1 км 1500, түүнээс хойших нь 1000 төгрөг болсон. Энэ өөрчлөлтөөс хойш иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй. Үйлчлүүлэгчид цөөрөх, орлого буурах зэрэг өөрчлөлт гараагүй. Бидэнд байгаа асуудал нь албан ёсны зөвшөөрөлтэй такси дэндүү цөөн байна. Нийслэлийн тээврийн газарт бүртгэлтэй 500 гаруй такси байдаг гэх боловч үүнээс 400 гаруй нь л идэвхтэй ажилладаг. Мөн такси үйлчилгээг иргэд хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлсэн найдваргүй, сэтгэл ханамжгүй байдлаараа дүгнээд байдаг. Бас зарим такси дуудлагын аппликэйшнүүд дээр таксины км-ын үнийг 3000 төгрөг зэргээр худал мэдээлэх нь бий” гэсэн юм.
Албан ёсны зөвшөөрөлтэй таксины жолооч нь өдөрт 100 орчим мянган төгрөгийн орлоготой ажиллаж, 30 гаруй мянгыг нь шатахуунд зарцуулж, 25 мянгыг нь бааздаа өгч, үлдсэнээр нь амьдралаа залгуулдаг байна.
1000 ТӨГРӨГ БАЙХАД ХАНГАЛТТАЙ
Зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн таксины үнэ нэмэгдсэнийг хувийнхан нь далимдуулан таксины үнээ нэмээд амжжээ. Гар өргөвөл хувиараа такси үйлчилгээ эрхлэгч зогслоо. Түүнд сурвалжлага хийж яваагаа хэлэхэд зураг даруулахаас татгалзсан юм. Гэхдээ “Ажил, гэр рүүгээ явах зам дагуу зорчих хүн байвал авдаг. Бас амралтын өдөр таксинд явдаг. Зарим өдөр 5000 төгрөгийн орлоготой байдаг бол баяр ёслолын үед хамгийн ихдээ 100 гаруй мянган төгрөгийн орлоготой байдаг” гэлээ. Харин төлбөр нь километр бүр нь 1000 төгрөг гарч байлаа. Жолооч “Километр нь 1000 төгрөг байхад хангалттай” гэсэн юм.
Зөвшөөрөл авч такси үйлчилгээ эрхэлдэг компани нь сар тутамд татвар төлдөг бол хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид татвар төлдөггүй.
30-40 МЯНГАН ХУВИЙН ТАКСИ БИЙ
Судалгаанаас харахад хувиараа такси эрхлэгч буюу “халтуурчид” нийслэлд 30-40 мянга байдаг аж. Өөрөөр хэлбэл, албан ёсны зөвшөөрөлтэй таксинаас 10 дахин их хувийн такси үйлчилж байна гэж хэлж болно. Дэлхийн жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногдвол эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг байна. Харин Улаанбаатарын 2500 иргэнд албан ёсны зөвшөөрөлтэй нэг такси ногдож байна. Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс таксины тоог нэмэх боломжийн талаар лавлахад “Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэн ямар ч бодлого байдаггүйтэй холбоотой” гэсэн юм.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм8 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм7 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав