Нийгэм
Б.Батмөнх: Гурван хүний амь нас хохирсон ноцтой осол жагсаалын дуулианд дарагдаад замхрах нь
Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатсан осол арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гарсан.
Ослын улмаас гурван иргэний амь нас хохирсон нь тогтоогдоод байгаа. Торуулбал “Тэс Петролиум” ХХК-ийн нягтлан бодогч, харуул, шатахууны нярав гэх гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ослын улмаас нас барсан юм. Талийгаач Ө.Нандинцэцэгийн ах Б.Батмөнхөөс цөөн асуултад хариулт авлаа. Талийгаачийн тухайд “Тэс Петролиум” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан юм.
– Таны гэр бүлд эмгэнэл илэрхийлье. “Тэс Петролиум”-ын зүгээс ар гэрийнхэнтэй нь уулзав уу. Ямар байр суурь илэрхийлж байна вэ?
– Талийгаач миний том эгчийн охин. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Тэс Петролиум” ХХК-ийн салбарт нягтлан бодогчоор ажилд ороод байсан юм. Энд ажилд ороод дөнгөж жил болоод л ийм харамсалтай осолд нэрвэгдчихлээ.
Анх ажилд ороход нь хортой нөхцөлд ажиллах учраас ар гэрийнхэн нь таатай хүлээж аваагүй. Миний дүү ХААИС-ийг төгсөөд “Глобал бридж констракшн” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаад энэ шатахуун түгээх станцад ажилд ороод байсан юм.
Яг одоо ар гэрийнхнийх нь сэтгэл зүй маш хүнд байна. Бага охиноо гэнэтийн ослоор алдсан аавын дотор ямар олигтой байх билээ. Компанийн төлөөлөл ар гэрийнхэнтэй нь осол болдог өдрийн үдээс хойш уулзсан байна лээ. Гэнэтийн муухай мэдээ дуулсан тэдний маань зүрх нь зогсчих шахсан. Компанийн зүгээс ослын шалтгаан нөхцөлийг тодруулах ажлын хэсэг гараад явж байгааг л хэлж байна лээ.
– Ослоос хойш арав орчим хоногийн хугацаа өнгөрсөн байна. Ямар нэгэн нэмэлт мэдээлэл ар гэрт нь өгсөн үү?
– Одоогоор чимээгүй байна. Бидний тухайд ч өнгөрсөн хугацаанд талийгаачийгаа нутаглуулах ажилтай завгүй байлаа. Ажлын хэсгийн дүгнэлт бол хэд хэдэн удаа гарах хугацаа өнгөрсөн гэж хувьдаа харж байна. Гэтэл чимээгүй байгааг нь гайхаад л байна шүү.
Мэргэжлийн хүмүүс бол шалтгаан үндэслэлийг нь тэр дор нь тогтооно шүү дээ. Хэн нь ямар алдаа гаргасан болоод дуугай яваад байгаа юм бол, надад мэдэх юм алга. Жагсаал гэх дуулианы хажуугаар энэ хэрэг ингээд замхрах вий гэх хардлага ч төрж байна.
Ослын улмаас хөдөлмөрийн насны гурван хүн амь насаа алдлаа шүү дээ. Дуугай суух асуудал огт биш. Харьяа байгууллагууд нь шуурхай ажиллаж шалтгаан нөхцөлийг нь тогтоох ёстой. Хэн, хаана ямар зөрчил гаргаснаар гал гарахад хүргэв.
Эсвэл “Тэс Петролиум” ХХК аюулгүй байдлын асуудалдаа хайнга хандсанаас болж эрүүл саруул гурван хүн зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэв үү. Өглөө ажилдаа шуурхайлаад гарсан дүү маань ажлын байрандаа амь насаа алдлаа. Гэнэт л ийм аюул тохионо гэж байхгүй биз дээ.
Хаа нэг газар хэн нэгэн хариуцлага алдсанаас л ийм осол гарсан байж таарна. Онцгой байдал, мэргэжлийн хяналт гээд байгууллагуудаас ийм эрсдэлтэй газар тогтмол шалгалт оруулдаг л байсан байлгүй. Тэд энэ эрсдэлийг олж харсан уу, компанид сануулга өгсөн үү, сануулгынх нь дагуу зөрчил арилгах арга хэмжээг цаг тухайд нь авч ажилласан уу гээд олон асуудал бий. Энэ бүхнийг ажлын хэсэг шударгаар олж тогтооно гэж найдаж байна. Талийгаачдын ар гэрээс ч зохих хэмжээний шаардлага тавьж ажиллана.
– Та бүхэн талийгаачтай хамт ажилладаг хүмүүстэй нь уулзсан уу. Тэд юу ярьж байна вэ?
– Ажлын газрынхан нь гэх цөөхөн хүн ирээд явна лээ. Ажлын байранд аймшигтай гал гарсан тухай л хэлж байсан. Тэр олон тонн шатахуунтай саванд гал ноцно гэдэг дэндүү аюултай осол. Дахин ийм осол гарч хэн нэгний амь нас эрсдэж, өөр нэг гэр бүл зовлонд унахгүй гэх баталгаа алга. Үүний тулд л ажлын хэсэг хариуцлагатай шуурхай ажиллаж галын дүгнэлтийг зөв гаргах нь чухал.
Компанийн зүгээс ар гэртэй нь уулзаад л өнгөрдөг жишиг байж болохгүй. Ослын шалтгааныг тогтоож, буруутай албан тушаалтан хариуцлага хүлээж байж бусдад сэрэмж болно. Гурван хүний амь авсан ноцтой ослын хажуугаар илээд өнгөрч огт болохгүй.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр40 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Улс төр39 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм37 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна