Нийгэм
35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна
Ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 15-нд бага зэргийн цас орох төлөвтэй цаг агаарын мэдээ ирүүлсэн.
Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа, гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацсан юм. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 15-16-нд цэвэрлээ, үйлчилгээний 18 байгууллагын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 73 машин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. Улмаар тусгай зориулалтын 35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна.
“Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хариуцсан Ар гүнтийн даваанд арванхоёрдугаар сарын 15-16-нд бага зэрэг цас орж, хүчтэй шуурсан. Цас хунгарлаж, даваа, гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн, давс, бодис, хайрга дайрга цацаж, хонож ажилласан байна. Мөн нийслэлээс алслагдсан Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замд давс, бодис цацсан бөгөөд халтиргаа, гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байгаа юм. Түүнчлэн зам, талбайн үйлчлэгч нар явган зам, замын нуухны цасыг цэвэрлэн ажиллаж байна.
Өдгөө 2086 тонн бодис, 4349 тонн давсны үлдэгдэлтэй байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.