Улс төр
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн Б.Энхбаяр нар тус тус танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэлд, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь 1996 онд батлагдсанаас хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаж, өмчийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарсныг онцолсон юм. Түүнчлэн өнөөдрийн хүртэлх хугацаанд тус хуульд нийт 33 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хуулийн зохицуулалтын нэгдмэл цогц байдлыг алдагдуулахад хүргээд байгааг гишүүн Ж.Сүхбаатар илтгэлдээ тэмдэглэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, төрийн нийтийн, тусгайлсан өмч, мөн орон нутгийн өмч гэсэн ангиллаар ялган тодорхойлсон гэж тэрбээр танилцууллаа. Өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын эрхийн хэмжээг шинэчлэн тодорхойлж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, харилцан уялдааг хангахад анхаарсан байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг хөрөнгийн эрхийн нийтлэг ба онцлог байдлаар нь шинээр ангилж, төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодруулан, өмчийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах төрийн хяналтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн өмчийн хяналт, шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх хяналтын журмыг нарийвчлан тодорхойлж, төрийн болон орон нутгийн өмч, түүний хөдөлгөөн, тооллого, тайлан болон хяналт шалгалттай холбоотой мэдээллийг төвлөрүүлсэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ажиллахаар хуулийн төсөлд тусгасан гэж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дурдсан юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав. Тус хуралдаанд тэрбээр, эдгээр төслийг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлтэй нэгтгэн нэг Ажлын хэсэг байгуулж ажиллуулах санал гаргасан байна.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Х.Булгантуяа, Д.Батлут нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд төрийн өмчит компанийн засаглалын өнөөгийн байдал болон нөхцөл байдлыг сайжруулах ямар шинэ зохицуулалт оруулж байгаа талаар голчлон асуулт тавив. Ялангуяа Эрдэнэс Монгол компанийн статусын тодорхой бус байдлыг шүүмжилж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон тус компанийн эрх, үүргийн давхардлыг арилгах талаар ажиллахыг зөвлөж байлаа. Мөн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу “төрийн нийтийн өмч”-ийн харилцааг энэ хуульд нарийвчлан тусгах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн юм.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, төрийн өмчит компаниуд дээр засаглалын зарчим алдагдсан байгааг хүлээн зөвшөөрч, үр өгөөжтэй ажиллах, ашиг бий болгох зэрэг үндсэн зарчмууд хуулийн төсөлд туссаныг танилцуулав. Компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлүүдэд төрийн төлөөллийг яам, төрийн өмчийн асуудал эрхэлсэн агентлаг хэрэгжүүлдэг. Энэ тогтолцоог өөрчилж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгч нь ингэж олон хуваагдсан байдалтай байж болохгүй, аль нэг нь дангаараа хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн томъёоллоор төсөлд тусгасан гэж Б.Цэнгэл дарга дурдлаа. Ингэж дагнасан, мэргэжлийн, нэгдмэл байдлаар төрийн өмчит компанийг удирдах ёстой гэсэн зөвлөмжийг олон улсын зөвлөх байгууллагууд ч өгсөн байна. Түүнчлэн, хуулийн төсөлд төрийн нийтийн болон төрийн өөрийн өмчийн бүртгэлийг нэгдсэн байдлаар хийхээр тусгасан бөгөөд өмчийн байцаагч гэсэн шинэ орон тоог бий болгохоор төсөлд тусгасныг Ажлын хэсгийн гишүүд танилцууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, хуулийн төсөлд төрийн өмчийн харилцааны суурь асуудлуудыг нарийвчлан тусгаж, төрийн нийтийн өмч, төрийн өөрийн өмчийн ялгааг сайн гаргаж хуульчлах шаардлагатайг Ажлын хэсэгт анхааруулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Маргаашийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулна.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна