Нийгэм
Малайзад нас барсан Ш.Алтантуяагийн хэрэгт Засгийн газрыг буруутай гэж үзэв
Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарч байв. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй удсаны эцэст Малайзын шүүхээс өнөөдөр /2022.12.16/ хариуцлага хүлээх хүмүүсийн нэрийг зарлав. Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзлээ.
Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн 100 сая ринггитийг нэхэмжилсэн. Энэ нь 1.13 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 3.76 тэрбум орчим төгрөг болох юм.
Гэвч Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ мөнгөн дүнг хэт их байна гэж мэдэгдээд таван сая ринггит төлөх шийдвэр гаргажээ. Таван сая ринггитийг дээрх дөрвөн хариуцагч хамтран төлж барагдуулах юм байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн хохирлыг бүрэн барагдуулах хүртэл таван хувийн алданги тооцох аж. Алтантуяагийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хоёр хүү болох Б.Мөнгөншагай, Б.Мөнхтулга нар сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг 2007 оны зургадугаар сарын 4-нд Малайзын шүүхэд гаргаж байв.
Шүүх хурлыг Монголын Элчин сайдын яамны ажилтнууд “Zoom” аппликейшнээр дамжуулан шууд хянажээ.
Одоогийн байдлаар Азилах нь Кажанг шоронд цаазын ял сонсоод байна. Сирул нь эх орондоо байхгүй бөгөөд Австралийн Воллонгонг дахь цагаачлалын төвд хоригдож байгаа аж. Хүн амины хэрэгт зуучилсан гэж буруутгагдаад байсан Абдул Разак энэ хооронд цагаатгагдсан байсан.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.