Улс төр
Ерөнхий хяналтын сонсголд ГЕГ, УЕПГ-ын удирдлагууд мэдээлэл танилцууллаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Ерөнхий хяналтын сонсгол бол УИХ-ын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийн нэг юм. Улсын Их Хурлаас Агаарын бохирдлын асуудлаар, мөн Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг өмнө нь зохион байгуулж байсан бол одоо “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна.
Ерөнхий хяналтын сонсголд дөрвөн сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудаас бэлтгэсэн үндсэн зургаан илтгэл, мэдээллийг сонсохоор төлөвлөснөөс Сангийн болон Зам, тээврийн хөгжлийн сайд нар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-д томилогдсон Бүрэн Эрхт төлөөлөгчдийн илтгэл мэдээллийг сонсоод байна. Урьдчилан бүртгүүлсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл болон иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, жагсагчид болон улс төрийн намын төлөөлөл болох 225 хүн оролцож байгаа ерөнхий хяналтын сонсгол Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал танилцуулгаар үргэлжиллээ.
Нүүрс экспортлох үйл ажиллагаанд тус байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын тухай мэдээлэлдээ тэрбээр, талуудын бүртгэлийн аргачлал, гаалийн хууль, журам, горимын онцлогоос хамаарч нүүрс төдийгүй бусад бараа бүтээгдэхүүн ч тэр болгон тохирохгүй, аль аль талдаа зөрүү гарах тохиолдол байдаг гэсэн юм. Түүний мэдээлэлд дурдсанаар, 2010-2011 онд улсын хилээр 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байна.
Мөн, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа улсын хилээр хоосон гарсан, Тавантолгой ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонноор илүү гарсан, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортлосон зэрэг асуудлууд тогтоогджээ. 2018-2022 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацааг хамруулсан шалгалтаар мөн 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна. Эдгээр асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өгсний зэрэгцээ УИХ-ын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, нягтлан шалгах, эцэслэн тогтоохоор хамтран ажиллаж байна хэмээн Р.Отгонжаргал дарга танилцууллаа.
Монгол Улс 2019-2022 онд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган зэрэг боомтуудаар БНХАУ, Их Британи, Сингапур, БНСУ, ОХУ, ХБНГУ, Хонгконг, Испани зэрэг улсууд руу чулуун нүүрс экспортолжээ. Үүний 92.1-98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна. Иймд Гаалийн ерөнхий газраас БНХАУ-ын Гаалийн байгууллагатай зарим бараа бүтээгдэхүүний статистик зэрэгцүүлэлтийг жил тутамд хийж, гарч байгаа зөрүүнд нөлөөлсөн хүчин зүйлсэд талуудын уулзалтаар дүн шинжилгээ, тодотгол хийдэг тухай тэрбээр ярив. Гарч буй зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийх, тулгамдсан эрсдэлт хүчин зүйлсийг тогтоож, цаг алдалгүй хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, 2019 оноос хойш хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, нүүрсний экспортын бүртгэл, хяналтыг сайжруулах чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа ажээ.
Гаалийн шинэчлэлийн хүрээнд Шивээхүрэн, Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг боомтуудад хүний оролцоогүй бүртгэж, сан үүсгэх ухаалаг гарцын систем нэвтрүүлж, нүүрс экспортлох тээврийн хэрэгсэлд хяналт тавих рентген төхөөрөмж, телекамер суурилуулсан байна. Мөн гэрээ бүртгэлийн нэгдсэн системийг татварын байгууллага, гааль, татварын мэдээлийн технологийн төвтэй хамтран боловсруулж гаалийн бүрдүүлэлтийн цахим системд холбох бэлтгэлийг хангаж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ашиглаж эхлэхээр бэлдээд байгаа аж. Үүний үр дүнд нүүрсний экспорт эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны гэрээнд заагдсан тоо хэмжээнээс экспортын бүрдүүлэлт хийгдэх тухай бүрт хасалт хийгдэж, үлдэгдлийг цахимаар хянах, гааль татварын мэдээллийн нэгдсэн системд чиг үүргийн байгууллагууд бүртгэл хийж, хяналт тавих боломж бүрдэнэ хэмээн Гаалийн Ерөнхий газрын дарга мэдээлэлдээ онцлов.
Түүнчлэн гаалийн төв болон салбар лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүний чанарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц иж бүрэн шинжилгээ хийх боломжтой болсон байна. Төв лабораторийг 2022 оны 10 дугаар сард БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлжээ. Шивээхүрэн боомтод 2022 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулалгүйгээр экспортын ашигт малтмал, нүүрс зэргээс автоматаар дээж сорьц авч, үнслэг, чийглэг, илчлэг болон зарим дагалдах химийн элементүүдийн агууламжийг тодорхойлох төхөөрөмж суурилуулан, туршилтаар ашиглаж эхэлсэн байна. Төхөөрөмжийг цаашид Гашуунсухайт, Булган зэрэг автозамын таван боомтод нэмж суурилуулахаар ажиллаж байгаа юм. Энэ бүхэн нүүрсний экспортод тавих хяналтыг түргэн шуурхай болгох, гаргаж буй нүүрсний чанар, орц найрлагад үндэслэн ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг бодитой тооцож, төвлөрүүлэх ач холбогдолтой гэж Р.Отгонжаргал дарга мэдээллээ.
Гаалийн Ерөнхий газар хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, ухаалаг гарцын системийг БНХАУ-ын системтэй холбох боломжийг судалж шийдвэрлэх, гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, алба хаагчдын хандлага, ёс зүй, сахилга хариуцлагад тавих хяналтыг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Дараа нь ерөнхий хяналтын сонсголд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал танилцуулга хийв. Тэрбээр, прокурорын хяналтад 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгагдсаныг танилцуулгынхаа эхэнд дурдав. Тэдгээрийн 32-т нь Авлигатай тэмцэх газар, дөрөвт нь Эрүүгийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тавд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Хэрэг бүртгэлтийн шатанд эдгээрийн 16 хэрэгт 72 хүнийг яллагдагчаар татаж, 8 хэргийг хаасан байна.
Өчигдрийн буюу 12 дугаар сарын 19-ний байдлаар нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 39 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 22 нь хэрэг бүртгэлтийн, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Эдгээр хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны 73-т нь хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан байна. Мөрдөн байцаалт явуулсан 17 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байгаа ажээ.
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 83 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна гэж Хэлтсийн дарга Д.Баянжаргал мэдээлэлдээ дурдав. Шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас бүрдсэн хамтарсан ажпын хэсэг байгуулсан байна. Тус хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид өнгөрсөн хугацаанд нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжпэгийн ажиллагаа явуулж, 65549 хуудас цаасан суурьт баримтыг хураан авах зэрэг ажиллагааг явуулжээ. Мөн дээр өгүүлсэн 39 хэргийн татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, хаасан хэргүүдийг сэргээгээд байна хэмээн тэрбээр танилцууллаа.
Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий хяналтын сонсголд оролцогчид асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч С.Чинзориг оролцогчдын саналын дагуу дэгийг өөрчлөн, дөрвөн иргэн, УИХ-ын нэг гишүүн гэсэн харьцаагаар асуултыг багцалсан юм. Сонсголд асуулт тавихаар урьдчилан бүртгүүлсэн болон танхимаас нэрээ бүртгүүлсэн нийт 85 иргэн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хянаж, шалгаж буй ажлын хэсэг, түр хороо болон холбогдох бусад бүтцэд олон нийтийн төлөөллийг оролцуулах боломж, жагсагчдын эрх, эрүүл мэндийг хамгаалахад анхаарах, оффтэйк буюу нууцалсан гэрээний тоо, үнийн дүн зэргийг нэг мөр болгож үнэн зөвөөр мэдээлэх, аль нэг аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал олгосон эрх бүхий хүмүүст ямар хариуцлага тооцох, БНХАУ-ын компаниудтай байгуулсан нууц гэрээнүүдийн мөнхүү ил болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалд зохих сайжруулалт хийх зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Раднаасэд, Н.Ганибал, Д.Өнөрболор, Д.Цогтбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар Эрдэнэс Тавантолгой ХК-д хийсэн татварын болон бусад хяналт шалгалт, ил болгосон гэрээнд туссан ажлууд, тэдгээрийн гүйцэтгэл, үнийн дүн, эдгээр гэрээг байгуулсан, эрх олгосон хүмүүст тооцох хариуцлага, орон нутгийн нүүрс тээвэрлэлтийн урт, богинын зайн үнийн зөрүү, Хятадын компаниудтай байгуулсан өндөр үнийн дүн бүхий гэрээнүүд, “нүүрсний хулгай”-гаас учирсан бодит хохирлын хэмжээ, 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэтэнд оруулах, өгөөжийг нэмэгдүүлэх арга зам зэрэг асуудлаар асууж, хариулт авсан юм. Иргэдийн болон УИХ-ын гишүүдийн асуултанд Засгийн газрын гишүүд, Шадар сайд тэргүүтэй эрх бүхий байгууллагуудын удирдах албаны хүмүүсээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн удирдлага, ажил хариуцсан хүмүүс хариулт өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна