Нийгэм
Авто замын уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 144.3 тонн давс цацлаа
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд арванхоёрдугаар сарын 21-22-ны шилжих шөнө авто замын уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 4.5 тонн бодис, 144.3 тонн давс цацлаа. Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь арванхоёрдугаар сарын 22-ны 05:00 цагаас эхлэн бодис, давс цацдаг зориулалтын таван техниктэйгээр Энхтайваны өргөн чөлөө, Улиастай, Эх нялхас, Тасганы овоо, Бичил хороолол, Гэмтэл, Гурвалжингийн гүүр, Яармаг, 32-ын тойрог, Нарны гүүр, Цагаан хаалга, III ДЦС, Наадамчдын гудамж, Мишээл экспо, Зайсан зэрэг чиглэлүүдэд 31 тонн давс цацаж ажиллажээ. Мөн зориулалтын хоёр техниктэйгээр Нарны зам, Цагаан хаалганаас зүүн тийш Дүнжингарав чиглэлд 11 тонн давс цацсан байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 10-12 дугаар сард халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж нийт 1966.78 тонн бодис, 2969.83 тонн давс зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар 1930.44 тонн бодис, 4337.07 тонн давсны үлдэгдэлтэй байна.
Нийслэлийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж, байгууллагын 971 үйлчлэгч 78 машин техниктэйгээр 13.2 сая ам метр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. Үүнээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА) нь 7.8 сая ам метр талбайн буюу хотын төв замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан, өгсүүр, уруу замд үүссэн гулгааг арилгах зорилгоор өдөрт дунджаар 10-30 тонн давс, бодис цацан ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.