Нийгэм
Хотоос орж гарах товчоод цахимжсанаар автомашин 2 секундэд нэвтэрдэг болжээ
Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулсанаар иргэд товчоогоор нэвтрэхдээ бэлэн төлбөр төлөхгүй шууд нэвтэрдэг болсон. Товчоод цахимжихын өмнө төлбөр авах цэг дээр нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулж, энэ нь зарим үед урт дараалал үүсгэх зэргээр иргэдийг багагүй бухимдуулдаг байсан. Тэгвэл тухайн тээврийн хэрэгслийг камер болон RFID технологи ашиглан бүртгэж нэхэмжлэхийг араас нь илгээх болсноор энэ асуудал бүрэн шийдэгдэж, нэг машин хоёр секундийн дотор товчоогоор гардаг болжээ.
Тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр эзэмшигчид нэхэмжлэх илгээх бөгөөд тухайн холбоос \roadpay.mn\-оор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр төлбөрөө төлөх боломжтой. Мөн roadpay.mn сайтаар нэвтэрч улсын дугаараар хайлт хийн төлбөрөөр төлөх боломжтой болж байгаа юм.
Цэгүүд цахимжсанаас автозам ашигласны төлбөр төлөлт хангалтгүй байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал нийт төлбөрийн 95 хувь нь төлөгдөөгүй байгаа ба цаашид төлбөрөө төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй, оношилгоо үзлэгт орох, бусдад шилжүүлэхдээ зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг журмаар зохицуулах аж.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.