Нийгэм
Энэ онд нийт 238 баг 4G сүлжээнд холбогдлоо
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, үүрэн холбооны оператор компаниуд орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхээр сүлжээгээ өргөтгөсөөр байна.
2022 онд ЦХХХЯ улсын төсөв болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр алслагдсан 37 багт 4G сүлжээ нэвтрүүлсэн. Мөн үүрэн холбооны оператор компаниуд хөдөөгийн 201 багт 4G сүлжээ нэвтрүүлжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 300 мянга орчим иргэн өндөр хурдны интернэтэд холбогдох, мэдээ, мэдээлэл шуурхай авах, аялагч амрагчид харилцаа холбооны бусад үйлчилгээг саадгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.
ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай: Монгол улс өргөн, уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь тархан суурьшсан учраас нийт хүн амаа харилцаа холбоогоор хангах нь том сорилт. Хөдөөгийн алслагдсан багийн иргэд, малчдаа цаг алдалгүй мэдээ, мэдээллээр хангах, өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэхэд хөрөнгө оруулалт ихээр шаарддаг.
Өнөөдрийн байдлаар нийт сумдын 97 хувь нь өндөр хурдны шилэн кабелын сүлжээнд холбогдсон. Одоо бид алслагдсан багуудаа анхаарч байна. Хөдөөгийн алслагдсан багуудад 4G сүлжээ нэвтрүүлснээр нийгмийн ялгаатай хөгжил буюу цахим хуваагдлыг багасгах, мөн аялал жуулчлалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс зэрэг ач холбогдолтой. Бид 2023 онд хөдөөгийн 25 багийг үүрэн холбооны сүлжээнд холбохоор төлөвлөж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.