Нийгэм
АТГ: Эрүүгийн 1 хэрэгт 24 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 54 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 34 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 749 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 740 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 1 хэрэгт 24 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
– “Б” нь Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан зэрэг гэх;
– Авто тээврийн үндэсний төвийн салбарын удирдах албан тушаалтан “Д” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан гэх;
– Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх;
– Төв аймгийн сумын ИТХ-ын удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
– Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О” нар нь бусдаас 100.000.000 төгрөгийг хахуульд авсан гэх.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.