Нийгэм
“УБТЗ-ын албан тушаалтны 4 тэрбумын үл хөдлөхийг шалгаж байна”
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөөдөр /2023.01.06/ үүрээр саатуулсан. Түүнийг богино хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна.
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр зам болон тусгай зөвшөөрөлтэй газар олголтууд дээр хяналт шалгалт хийж байгаа талаар мэдээлсэн. Мөн Ерөнхий сайд цаашид авлига, албан тушаалын бүхий л хэрэгтэй тэмцэхээ мэдэгдсэн.
Цаашид газар олголт, төрийн худалдан авах ажиллагааны бүхий л хэлтэст авлига, албан тушаалын хууль бус үйлдэл байвал илрүүлж, хариуцлага тооцоно. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Мөн Ерөнхий сайд өчигдөр нэг зүйлийг нэмж хэлсэн. Тодруулбал, зургадугаар сарын 1-ний дотор төрийн албанд ажиллаж байгаа хэрэглээнээс давсан хэрэглээтэй ажилтнуудыг ажлаа сайн дураар хүлээлгэж өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлого, хэрэглээ нь хязгаартай байх нь шударга гэж үзсэн” гэв.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.