Улс төр
Иргэдийн орон нутагт шилжин суурьших, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт зөвлөгөөнд оролцлоо. Тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг 2023 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг, даалгавар өгч, улс, орон нутгийн цаг үеийн бусад асуудлыг танилцууллаа.
Төсвийн орлогоо бие даан бүрдүүлж буй Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгийн удирдлагуудад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлж Засгийн газрын өргөмжлөл гардуулав. Өнөөдрийн байдлаар эдгээр аймгаас бусад нь улсын төсвөөс татаас авч байгаа бөгөөд цаашдаа аймаг бүр өөрсдөө төсвөө бүрдүүлж, орон нутгийн эрх мэдлээ нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, тулгарч буй хүндрэлээс гадна өнгөрсөн он бүхэлдээ цар тахлын дараах, олон улсын геополитикийн зөрчлөөс үүдэлтэй эдийн засгийн хямралыг тогтворжуулахад чиглэсэн гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.
Цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2022 онд дөрвөн хувь болж сэргэсэн. 2022 оны Монгол Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирсан. Цар тахлын оргил үед 14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй буюу 12.5 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Монгол Улсын валютын нөөц 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам.доллар болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болж, валютын ханш тогтворжоод байгаа зэргийг танилцууллаа.
Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарч, чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, Монгол Улс “Чингис” бондын нийт хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломжтой болоод байна.
Цаашдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буй тайланг аймаг, нийслэлийн удирдлагуудаас авч аудитын шинэ аргачлалаар дүгнэж байхаар болжээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зорилгуудын нэг бол аймаг бүр төсвөө бие даан бүрдүүлэх боломжийг бий болгох. Энэ хүрээнд орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх учиртай. Аймгуудын шинэ санаачилгыг дэмжинэ. Орон нутаг руу чиглэх иргэдийн идэвхийг бий болгож, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулж, хот хөдөөгийн зохист тэнцвэрийг хангахад чиглэсэн саналаа боловсруулж ирүүлэх хэрэгтэй гэлээ.
Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж байгааг хэллээ. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд илүү санаачилгатай ажиллахыг үүрэг болгов.
Мөн 2023 онд Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, тогтолцооны реформ хийх үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Энэ хүрээнд зөвлөлдөх болон ард нийтийн санал асуулга явагдана. Аймаг, нийслэлийн удирдлагууд үүний бэлтгэл ажлыг орон нутагт хангаж, иргэдтэй уулзаж, тогтолцоотой холбоотой асуудлууд, жишээлбэл, орон нутгийн харьяанд байгаа Дархан, Эрдэнэт зэрэг хотыг улсын чанартай хот болгох боломж шаардлага зэрэг асуудалд төвлөрч ажиллах шаардлагатайг анхааруулав.
Бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгаж, ажлын бүтээмж, гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоог Засгийн газраас нэвтрүүлж ажиллана. Тиймээс аймаг, нийслэлийн Засаг даргын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайд баримтлахаа илэрхийллээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ